Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн дагуу Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурал боллоо


Densmaa 2024-11-18 11:11

Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын тээврийн салбарынхан хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр мэдээлэл солилцож, туршлага мэдлэгээ хуваалцлаа

          Энэ удаагийн хуралд Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Их Түмэн санаачлагын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга  Лоуренс Хумюнг Ли, Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын Зүүн, Зүүн Хойд Азийн салбар төвийн захирал  Б.Ганболд нараас бүрдсэн Монгол, Орос, Хятад улсын Зам тээврийн яамны удирдах албаны 20 гаруй зочин төлөөлөгч оролцлоо. Энэ удаагийн Тээврийн зөвлөлийн 13 дугаар хурал үндсэн 3 хэсгээс бүрдсэн бөгөөд “Их Түмэн санаачлагын Тээврийн салбар дахь үйл ажиллагааны явц", "Тээврийн асуудлаарх  Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Их түмэн санаачлага 4 дүгээр  семинарын үр дүн, зөвлөмжүүд", "2024-2025 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санал" гэсэн сэдвийн дор гишүүн орнууд тээврийн салбарт хэрэгжиж дууссан ажлуудын үр дүн, хийх ажлуудаа хэлэлцжээ. Мөн зам, тээврийн салбарт одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүдийн явцын тухай танилцуулсан байна.

           “Их Түмэн санаачилга” хөтөлбөр нь 1995 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны суурь болж, Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой зохион байгуулагдсан юм. Тодруулбал, “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон, Тээврийн зөвлөлийг 2009 онд Улаанбаатар хотноо хийсэн “Зөвлөх хорооны 10 дугаар хурал”-аар байгуулсан. Зүүн Хойд Азийн тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохицуулалтыг сайжруулах зорилготой Тээврийн зөвлөл нь “Бүсийн тээврийн коридорыг нээн хөгжүүлэх замаар бүс нутгийн тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, бүс нутгийг тээврийн сүлжээгээр холбогдох боломжийг нэмэгдүүлэх, Зүүн Хойд Ази дах ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх” зорилт тавин ажиллаж байна. Стратегийн үйл ажиллагааны 2023-2024 оны төлөвлөгөөнд Монголын талаас Чойбалсан-Эрээнцав чиглэлийн төмөр замын сэргээн засварлах,  Улаанбаатар-Өндөрхаан-Баруун Урт-Бичигтийн авто зам, Сайншанд-Баруун Урт-Хөөт-Бичигтийн төмөр замын чиглэлүүдийг хөгжүүлэх болон Монголын Зүүн бүс нутгийн нүүрсийг Зүүн Хойд Азийн зах зээлд гаргах зэрэг асуудлуудыг тусгажээ.

Үзсэн: 14511

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна