Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

Архангай аймгийн Бөхөн шарын нуруунаас 2000 жилийн өмнөх шатар олджээ


Densmaa 2024-11-15 11:11

Хүннүгийн язгууртны булшинд малтлага хийж явцад 17,5 метрийн гүнээс олдсон хөлөгт тоглоом нь 11х5 хэмжээтэй, хажуудаа нэмэлт нэг нүдтэй хөлөг юм.

Монгол шатрын түүх, өвөрмөц онцлог, ач холбогдлын талаар шатар судлаач, доктор Аюушийн Батзоригтой ярилцлаа.

 

Хүн төрөлхтөн шатар хэмээх зүйлийг хэзээнээс хэрэглэж эхэлсэн бэ? Үүнд дээр ямар түүхэн баримтуудыг жишээ татаж болох вэ?

Шатар судлаач, доктор А.Батзориг: Шатрын үүслийн талаар ярихаар маргаантай сэдэв олонтаа хөндөгддөг. Дэлхий дээр шатар яг тэдэн онд үүссэн гэдэг тогтсон зүйл одоогоор байхгүй. Хэн нь шатрын тухай анхны баримт, археологийн олдвор, соёлын өвийг гаргаж ирснээрээ өрсөлддөг. Тиймээс шатрын гарал үүслийг энэ агуулгаар өөриймшүүлэх оролдлого сүүлийн 150 орчим жилийн хугацаанд дэлхий нийтэд үргэлжиллээ. Шатарыг эртний Хиндичүүдээс үүссэн байж болзошгүй гэдэг агуулгаар судалгааны ажил хийгдэж байсан бол 2023 онд хийсэн миний судалгааны ажлаар энэ ойлголт үгүйсгэгдсэн. Английн нэгэн эрдэмтэн 1913 онд “Шатрын түүх” гэдэг бүтээлээ илүү шинжлэх ухааны түвшний агуулгаар хийсэн байдаг. Энэ бүтээлдээ тэрээр нэгдүгээрт шатар Энэтхэгээс үүссэн байж болзошгүй, хоёрдугаарт Хиндичүүдийн яриад байгаа Махат-хара-ба гэх судар олдвол түүн дээр тодорхой өгүүлсэн байж болзошгүй гэсэн хоёр агуулга багтаасан. 1913 онд энэ эрдэмтэн АНУ-д очоод Оксфордод тухайн бүтээлээ хэвлүүлсэн байгаа юм. Гэвч 1913 оноос хойш бичсэн дараа дараагийн хэвлэлүүдэд энэ агуулга нь өөрчлөгдсөн байдаг. Анхдагч эх сурвалжийн судалгаа хийдэггүй, бие биеэсээ иш татдаг байдлаас болоод шатар Энэтхэгээс үүсжээ гэдэг агуулга дэлхий нийтээр 100 гаруй жил үргэлжилсэн байна. Муриа-гийн тодорхойлолтоор  шатар нь 1500 орчим жилийн настай байж болзошгүй тухай асуудлыг ярьдаг бол Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумуудын дунд байх Бөхөн шарын нуруунаас 2000 жилийн өмнөх шатар олдсон. Тус шатрын он цагийн тодорхойлолтыг Франц улсад хийлгэхэд 2000 жилийн настай байна гэдэг нь албан ёсоор тогтоогдсон. Шатар үүссэн гэх он цагаас 500 жилийн өмнөх баримт гараад ирэхээр шатрын гарал үүслийн тухай тодорхойлолт өөр болж эхэлж байна. Шатар монголоос үүссэн гээд тайлбарлах гэхээр Монгол гэдэг үг нь залуудаад байгаа учраас өнөөгийн монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байсан түүхэн оршин суугч буюу бидний шууд өвөг дээдэс болох Хүннү нар шатрыг анхдагч байдлаар ахуй амьдралдаа хэрэглэдэг, тоглодог байжээ гэдэг тодорхойлолт шинжлэх ухаанд илүү дүйцэхүйц агуулга болоод байна.

Хүннү нар шатрыг ахуй амьдралдаа хэрэглэж, тоглож эхэлсэн сэдэл нь юу байв. Өөрөөр хэлбэл шатар анх ямар зориулалтаар бий болсон зүйл вэ?

Шатар судлаач, доктор А.Батзориг: Нэг түүхэн баримт өгүүлье. Хань улсын Хуанди хааны ордны зардлаар ордондоо 500 хүн цуглуулж 14 хоногийн хугацаанд хурал хийж л дээ. Энэ хуралд суусан 250 хүн нь Күнзийн сургуулийн багш, оюутнууд, үлдсэн 250 нь тухайн орон нутагт ажиллаж амьдардаг эмч нар байжээ. Үүнийг Куан-хуан гэдэн хүн тэмдэглэн авч үлдсэн нь 140 боть болж “Давст төмрийн үл” гэдэг нэртэйгээр Хятадын үндэсний төв архивд хадгалагдаж байна. Энэ бүтээлийн 110 дугаар боть дээр “Хүннүгийн Шаньюй, ван, ноёд, хаадууд их хуралдаагаа хийхдээ мод хавтаслаж ясаар сийлсэн нэгэн зүйлээр хоорондоо харилцан ойлголцож байна. Энэ нь бичиг үсэг биш юмаа” гэж тэмдэглэсэн байдаг. Шатрын сүүлийн үеийн судалгаа, эртний баримтууд зэргээс үзэхэд энэ зөвхөн тоглоом наадгай төдийхөн зүйл биш харилцааны болоод зан үйлийн нэгэн хэрэгсэл байх жишээний.

Хоёрдугаар баримт юу вэ гэхээр Архангай аймгаас олдсон 2000 жилийн настай шатар бол ердийн шатрыг бодвол том 112 буудалтай, ардаа есөн тэнгэртэй, түүний тав нь цагаан, дөрөв нь хар. Хааны төлөө тоглодоггүй, харин тэнгэрийг шатрын хөлөг дээр байрлуулах болзлын төлөө тоглодог. Мөн хажууд нь бөө байх нь их сонин. Тэр бөө ямар үүрэгтэй шатарт оролцоод байна вэ гэхээр өөрийнхөө дүрсийг талбай дээр нүүдэл болгож явуулахдаа заримыг нь болзол хангасан тохиолдолд сэтэрлээд явуулдаг. Ингэж сэтэрлэсэн тохиолдолд эсрэг тал тэр бодыг идэж чадахгүй болно гэсэн үг. Мөн эсрэг талын бод ирэхээр чөдөрлөх жишээний. Ингэснээр тэр бод талбайгаас буухгүй хэр нь нүүдэл хийх боломжгүй болдог. Сэтэрлэх, чөдөрлөх тухай ойлголт зан үйл одоог хүртэл манай монголчуудын ахуй амьдрал, ёс уламжлалд бий. Үүнийг бидний өвөг дээдэс 2000 жилийн тэртээ хэрэглэж байсан байна шүү дээ. Шатарын дүрэмтэй холбоотой энэ агуулгыг Иран улсын Хөх Сарах гэдэг тосгоноос “Тэнгэрийн шийдвэр” гэдэг нэртэй судрыг олж хөрвүүлж дуусгаад байна. 

Гуравдугаар баримт бол Говь-Алтай аймгийн Шарга суманд амьдардаг Пунцагийн Ядам гэдэг настан “Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын туульс” гэдгийг бид нарт өгүүлж 99 бадгаар нь шинжлэх ухаанд тэмдэглүүлж авч үлдсэн. Энэ туульст шатрыг гурван үндсэн хэлбэрт хуваасан байна. 64 нүдтэй хөлөг дээр тоглодог Газрын сахиустай бага шатар. 100 нүдтэй хөлөг дээр тоглодог Дайны сүлдтэй бүтэн шатар. 112 буудалтай хөлөг дээр тоглодог Тэнгэрийн нууцтай их шатар. Үүнийг дээдэс язгууртнууд нь нууцалж бай гэсэн Хүннүгийн үеийн шатрын тухай агуулгыг илэрхийлсэн байх жишээний. Тэгэхээр шатар гэдэг зүйл маань гурван том агуулгын хүрээнд яригдах нь байна. Түүний хамгийн бага буюу 64 буудалтай шатрыг Газрын сахиустай бага шатар Гадаа гэргүй тоглож бай гэдэг агуулга явдаг бол дараа дараагийн 100, 112 буудалтай шатар нь тоглоом наадгай гэдгээсээ хэтийдсэн стратегийн төлөвлөлт хийдэг тактикийн боломжуудыг олж хардаг мөн харилцааны нэг хэлбэр байж болох талаар таамаглалууд дэвшүүлэх боломжийг нээж өгөөд байна.

Архангай аймгийн нутаг Бөхөн шарын нуруунаас олдсон шатар нь ур хийц, хэлбэр хэмжээний хувьд ямар шатар вэ?

Шатар судлаач, доктор А.Батзориг: 2001 онд Францийн археологийн баг Монгол улсын шинжлэх ухааны археологийн багтай хамтран Ерөөл-Эрдэнэ археологичоор ахлуулан Хүннүгийн язгууртны нэг тоот булшинд малтлага хийж 17,5 метрийн гүнээс нэгэн төрлийн хөлөгт тоглоом илрүүлсэн. Тэр тоглоомын хөлөг нь 11х5 хэмжээтэй, хажуудаа нэмэлт нэг нүдтэй, гурван тэнгэрийн дунд нь хясаа хийсэн тун өвөрмөц хөлөг. Хөлөг нь тухайн орон нутагт байдаг хар модон бүтэцтэй, чулууны онцлог нь одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын ойр орчим байх баргилт гэдэг чулууны бүтэцтэй ижил байсан. Үүнээс үзэхэд тухайн шатрыг аль нэг газраас бэлэглээгүй байх, орон нутагтаа өөрсдийн гараар хийсэн байх гэсэн агуулга гарч ирж байгаа юм. Архангай аймгийн нутгаас олдсон тэр шатар бол Тэнгэрийн нууцтай их шатар гэсэн ангилалд орох том хөлөгтэй шатар. Үүний хамгийн орчин үеийн хувилбар бол 600 гаад жилийн өмнө Төмөр хааны бүтээсэн шатартай төстэй гэж үзэж байна. Энэ шатар нь зөвхөн Хүннүчүүдэд байхаас гадна соёлын нөлөөгөөр өөр газар оронд тархсан нь түүхийн явцад харагдаж байгаа юм.

Монгол шатарт дүрс, нэршил зэрэг өвөрмөц зүйл олон байдаг. Энэ нь юутай холбоотой байж болох вэ? Тухайн ард түмний ахуй амьдрал, зан заншилтай холбоотой байна уу? Үүн дээр түүхэн ямар баримт дурдаж болох вэ? 

Шатар судлаач, доктор А.Батзориг: Шатрын гарал үүслийн тухай асуудлыг тодорхой болгоход шатар дээр байгаа дүрс, хөдөлгөөн, агуулга нь ямар нэг улс, үндэстний уламжлалт соёл, амьдрал ахуйтай нягт холбоотой байгаа тийм ард түмэн дундаас хайх нь зөв. Түүнээс биш өөр ахуй соёлтой ард түмнээс шатрын газар үүслийг хайх боломжгүй. “Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын туульс” дээр шатрын дүрсний тухай маш тодорхой өгүүлсэн байдаг. Бид шатрын хамгийн гол дүрсийг ноён гэж нэрлэдэг бол энэ нь хаан байх бөгөөд ха-гаан гэдгээр тэмдэглэгдэж явдаг. Орчин үед шатрын хөлөг дээр хааныхаа хажууд бэрс ээ хатнаар тэмдэглэсэн байдаг нь маш том агуулгын алдаа. Учир нь шатар Дорно дахинаас Европ руу нэвтрэхдээ “KING, QUEEN” гэдэг агуулгаар очсон нь буцаад Орос, Европоор дамжиж монголд ирэхдээ энэ агуулгаа алдалгүй нэвтэрсэнтэй холбоотой.

“Хөх өвгөн сахиустай хөл модон шатрын туульс” нь 100 буудалт шатар дээр илүү зохилтой байдаг. Үүнд өгүүлснээр: Сутай хайрхан дээр сарлагаа хариулж явсан энгийн өвгөнийг нар, сар, од, бурхан, лусын эздүүд нийлээд шатрын хөлөг дээр хааны зэрэг өгч байршуулсан байгаа юм. Түүний хажууд 10 цэргийн манлай болгож баатар цэргийг хаа ч явсан хамгаал гэдэг агуулгаар шадар гэдэг бодыг байршуулж өгчээ. 64 буудалтай шатарт байдаг бэрс нь 100 буудалд шатар дээр хоёр байдаг. Тэр хоёр бэрсний нэгийг цастын цагаан арвис буюу ирвэс, нөгөөх нь хөвчийн алаг барс гэж нэрлэжээ. Хоёр бэрсний хажууд хоёр тэмээ байдаг. Нэг нь зэнгэрлэн зогссон буур, нөгөөх нь шавсан буур гэсэн дүрслэлтэй. Зэнгэрлэнэ гэдэг нь сүргээ хамгаалж, хүзүүгээ доош сунган, довтолгоо хийхэд бэлэн байрлал эзэлсэн буурын хөдөлгөөн юм. Шавна гэдэг нь арай өөр ойлголт бөгөөд хойд хөлөө урагш нь сунгасан байрлал. Ийм аржгар, баржгар хоёр буур шатрын хөлөг дээрх тэмээний үүргийг гүйцэтгэдэг байх нээ. Харин морины тухай энэ туульс өгүүлснээр Тэнгэрийн цолмон хүрэн гэдэг хүлэг баруун талд нь сойгдсон бол, зүүн талд нь лусын эзний ногоон луус байх жишээний.

Луус гэдэг дээр нэмэлт тодорхойлолт хэлэхэд Хүннү гүрний талаар бичсэн олон түүхэн тэмдэглэлээс харахад луус нь их луус, бага луус гэсэн хоёр янз байгаа юм. Адууны азарга, илжигний гүү хоёрын дундаас гарсан төлийг их луус гэж нэрлэдэг. Энэ нь ердийн адууг бодвол нэг дахин илүү насалдаг, тамир тэнхээний хувьд илүү байдаг боловч маш ховор. Харин илжигний азарга, адууны гүүний дундаас гарсан төлийг бага луус гэж нэрлэх бөгөөд ажилд зориулагдсан байдаг. Сы Мачяний “Түүхийн тэмдэглэл”-д өгүүлснээр: “Морь унуулбал азарганы хажууд дорой харагддаг, азарга унуулбал гүүсээд Шаньюй-гийн нэр хүндэд халтай байдаг. Тийм учраас хаад, ноёд, өндөр зэрэглэлийн хүмүүстээ ногоон луус унуулдаг” байсан тухай бичсэн байдаг. Ногоон гэдэг нь тодорхой бус өнгийг зааж байгаа юм.

Бидний хэлж заншсанаар шатрын хөлөг дээр морины хажууд тэрэг байршдаг. Энэ үнэндээ тэрэг биш бух. Нэг нь сарлагийн бух нөгөөх нь монгол үхрийн бух.  Бухны ард тэрэг залгасан агуулга бол маш сонирхолтой. Лусын эзэн бухныхаа ард зандан модон тэрэг залгаад дотор нь эрдэнэс нуугаад ийм тангараг тавьжээ.

Арван нүүдэл алгасалгүй шалж

Ацан мад тавилгүй хожвол

Андгай ёсоор энэ эрдэнэсийг аваарай.

Таван нүүдэл алгасалгүй шалж

Тулман хаан үлдээлгүй хожвол

Тангарга ёсоор энэ эрдэнэсийг аваарай. Ийм агуулгаар бухны ард тэрэг залгасан нь хожмоо уртдаад байсан учраас бухнуудыг нь хасаад тэрэг болж монгол шатрын дүрсэнд үлджээ. Монгол шатар нь энэ мэтчилэн ёгт утгатай, нүүдлийн нарийн дэг жаягтай, маш өндөр агуулгатай байдаг.

Монгол шатар нь тоглоом наадгайн үүрэг гүйцэтгэхээс гадна өөр олон төрлийн ач холбогдолтой шүү дээ. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөөч.

Шатар судлаач, доктор А.Батзориг: Шатар нь юутай ч зүйрлэшгүй гайхалтай оюун ухааны спортын оргил гэдгийг дэлхий нийт мэддэг боллоо. Монгол уламжлалт аргаар шатар суурьтай боловсролыг спортын гайхалтай ололт амжилтуудтай хослуулаад суралцах нь орчин үед чухал байна. Ингэснээр аливаа нэг асуудалд шийдвэр гаргах, гарц шийдлийг нь олох тал дээр гайхалтай арга барилтай болдог. Миний хувьд шатрын нүүдлийн хувилбарын талаар маш олон жил судалгаа хийж, тооцоолол гаргаж үзлээ. Ингэхэд 64 буудалтай шатрын нүүдлийн хувилбар нь аргын 121 зэрэгт байна гэсэн тооцоо гарсан. Энэ нь дэлхийн нар, сарны молекулын тооноос их тоо болно. Иймд шатар бол монголчууд бидний түүх соёлын гайхамшигтай үнэт өв соёл юм.

 

Үзсэн: 11844

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна