“Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлууллаа
Бичиг үсгийн боловсрол нь хүний ажил, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг цохон тэмдэглэв
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны Бүгд хуралдаанаар Монгол Улсаас санаачлан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн батлууллаа. Энэ удаа тогтоолд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас бичиг үсгийн боловсролын талбарт гарсан ухралтыг нөхөх, бичиг үсгийн боловсрол нь хүний ажил, амьдралын төрөл бүрийн нөхцөлд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг цохон тэмдэглэж, хүн бүрд тэгш, чанартай боловсрол, мэдлэг, чадвар, түүний дотор цахим хэрэглээний чадвар олгоход багш, сургагч нарын үүрэг маш өндөр болохыг цохон тэмдэглэлээ. Мөн дэлхийн улсуудаас хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулсан мэргэжил, мэдээллийн технологи, техник, шинжлэх ухааны дээд боловсролын тэтгэлгийг нэмэгдүүлэх тухай амлалтыг сануулж, уламжлалт төдийгүй цахим орчинд ажиллах чадвар зэрэг бүх нийтийг хамарсан тэгш, чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хөрөнгө оруулалтыг өсгөх, улмаар “Ирээдүй үеийн тухай гэрээ”-нд суурилан одоо ба ирээдүй үе хооронд мэдлэг, боловсролыг өртөөлөн дамжуулахын чухлыг заасан аж. “Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол”-д дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгдсэн байна.
Үзсэн: 3409
Tweet