"Memoriad 2024" World Mental Sports Olympics боллоо
Тус тэмцээнд манай улс 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль хүртэж, Гиннесийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүлсэн байна
АНЭУ-ын Дубай хотноо дөрвөн жилд нэг удаа зохиогддог оюуны спортын хамгийн том тэмцээн болох "Memoriad 2024" World Mental Sports Olympics буюу оюуны олимп болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монгол, Америк, Герман, Солонгос, Япон, Энэтхэг, Их Британи, Австрали зэрэг дэлхийн 35 орны 180 тамирчин ой тогтоолт, цээж бодолтын 12 төрлөөр гурван өдрийн турш өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Монгол Улсын хувьд эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн цээж бодолт болон ой тогтоолтын нийт 16 тамирчин багш дасгалжуулагч хамт оролцсон юм. Тус тэмцээнд манай улс 12 алт, 13 мөнгө, 13 хүрэл нийт 38 медаль хүртэж, Гиннесийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоож багаараа тэргүүлсэн байна. Монголын оюун ухааны академийн тамирчид олон улсын 70 дахь тэмцээндээ амжилттай оролцож, 1495 дахь медалиа хүртлээ.
Үзсэн: 841
Tweet