АНУ-ын Элчин сайдын яам сонгууль ажиглах өдөрлөг зохион байгууллаа
АНУ-ын Элчин сайд Ричард Буанган: “Сонгуулийн дүн ямар гарахаас үл шалтгаалан АНУ Монголын ард түмэнтэй тогтоосон иргэд хоорондын харилцаандаа тууштай байх болно".
АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 5-нд, Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 6-нд явагдлаа. Дэлхий нийтийн гол анхаарал сүүлийн өдрүүдэд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль дээр төвлөрч байгаа энэ цаг мөчид Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин сайдын яам 11 дүгээр сарын 6-ны өдөр сонгууль ажиглах өдөрлөгийг зохион байгууллаа. Уг өдөрлөгийн үеэр АНУ-ын телевизүүдийн шууд дамжуулалт, Монголын мэргэжилтэн, судлаачдын хөтлөн явуулсан хэлэлцүүлгүүд, америк дипломатчдын хийсэн танилцуулга болон жишиг санал хураалт явагдлаа.
Бид уг өдөрлөгийн үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанганаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн манай хоёр орны цаашдын хамтын ажилагаанд ямар нөлөө үзүүлж болох талаар асууж сонирхсон юм.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган: “Сонгуулийн дүн ямар гарахаас үл шалтгаалан АНУ Монголын ард түмэнтэй тогтоосон иргэд хоорондын харилцаандаа тууштай байх болно. Дипломат харилцаа тогтоосноос хойших өнгөрсөн 35 жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч Ардчилсан нам эсвэл Бүгд Найрамдах намын алинаас сонгогдсоноос үл хамааран АНУ, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа үргэлж хөгжин бэхжсээр ирсэн. Одоо шинээр сонгогдох ерөнхийлөгч ч өмнөх ерөнхийлөгчдийн мөн адил Ази, Номхон далайн ардчилсан орнууд, тэр дундаа Монгол Улстай нягт хамтран ажиллана гэж найдаж байна. АНУ, Монгол Улс хоёулаа “ардчилал” гэсэн нэгэн үнэт зүйлтэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний эрхийг дээдлэх, шашин шүтлэгийг хүндэтгэх тал дээр манай хоёр улс адилхан итгэл үнэмшилтэй байдаг нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр ойртуулж өгдөг юм. Ирэх 2025 онд бид одоо явагдаж байгаа яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүүхэд хамгаалал, хүний эрх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө зэрэг асуудлаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Ардчилал хэмээн нийтлэг үнэт зүйл маань манай хоёр орны ирээдүйн харилцаа, хамтын ажиллагааг улам илүү өндөр түвшинд аваачих гол түлхүүр юм” гэлээ.
АНУ-ын шинээр сонгогдох Ерөнхийлөгч 2025 оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөнө. Энэ удаагийн сонгуульд ялсан эрхэм АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч болох юм.
Үзсэн: 2758
Tweet