Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэлээ
Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангана
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, айлчлалын үеэр эрчим хүчний салбарын эх үүсвэрийг нэмэгдүүлэн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, баталгаажууллаа. “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн санхүүжилтэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд нийт 11 төслийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд тэдгээрийн нэгд нь “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” барих төсөл багтдаг. Энэхүү Засгийн газар хооронд тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулснаар төслийг хэрэгжүүлэх нийт 253 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэж байгаа юм. Ховд, Баян-Өлгий, Увс аймгийн дөрвөн сумын нутгийг хамарсан 28000 га талбайд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг тэглэн ногоон эрчим хүчээр 100 хувь бүрэн хангаж, их ачааллын үед Төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэх юм. 1964 онд ЗХУ-ын Электросеть институт урьдчилсан судалгааг хийж, 2015 онд уг төслийг хэрэгжүүлэх төслийн нэгж байгуулагдсан байна.
Үзсэн: 2672
Tweet