Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 31-10-2024
монгол

Шинэ мэдээ

"Гэр бүл соёлын анхдагч орчин" соёлын боловсрол олгох хөтөлбөр хэрэгжиж байна


Densmaa 2024-10-31 01:10

Энэхүү соёлын боловсрол олгох хөтөлбөр Монгол Улсын Үндэсний Номын сан, Зайсан хилл соёл, амралтын цогцолборт 2024 оны 9 сарын 20-оос 11 сарын 20 хүртэл хоёр сарын турш явагдаж байна.

     Өнөөгийн дэвшилтэт технологийн эрин үед нийгмийн хэв шинж ихээр өөрчлөгдөхийн зэрэгцээ улс үндэстэн өөрсдийн гэсэн үзэл санаатай байх шаардлага зайлшгүй тулгар ч байна. Улс орны хүчирхэх оршин тогтох үндэс нь тухайн улсын иргэдийн боловсрол байдаг. Өөрөөр хэлбэл, өндөр хөгжилтэй орнуудын суурь боловсрол нь гэр бүлийн боловсрол олгох систем юм. Дэлхийн шинжлэх ухааны мэдлэг, техник технологи, эдийн засгийн салбарт амжилт гаргаж буй хүмүүс ч гэсэн гэр бүлийн уламжлагдан ирсэн соёл, боловсролоор хүмүүжин нэр алдарт гарсан түүх цөөнгүй. Иймд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай 2023 оноос энэ чиглэлд санамж бичиг байгуулан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох хөтөлбөрийг хоёр сарын турш Монгол Улсын Үндэсний Номын сан болон Зайсан хилл соёл, амралтын цогцолборт долоо хоног бүрийн баасан, бямба, ням гарагт зохион байгуулж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн: Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт дээр соёлын боловсролын талаар Гэр бүл соёлын анхдагч орчин хэмээн заалт орсон байдаг. Энэ заалтыг хэрэгжилтийн хүрээнд Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Хүүхдийн сантай хамтраад 2 дахь жилдээ Гэр бүл соёлын анхдагч орчин Соёлын боловсролын хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлж байна.

    Гэр бүл-соёлын анхдагч орчин хөтөлбөр нь хүүхэд, гэр бүлд чиглэсэн соёлын боловсрол олгох олон талт арга хэмжээ бөгөөд хүүхдийн эрх, хөгжил, хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаар ойлголт мэдээллийг эцэг эхчүүдэд өгөх зорилготой. Мөн соёлын боловсролын сургалт, хөтөлбөрийг тогтмол хүргэх орон зайг шинээр бий болгож, нийгмийн соён гэгээрлийг дэмжих ач холбогдолтой гэдгийг Монгол Улсын Үндэсний Номын сангийн захирал Б.Ичинхорлоо хэллээ.

Б.Ичинхорлоо: Монгол Улсын Үндэсний номын сан шинэ салбар байрандаа хүүхдэд үйлчилдэг болсноос хойш манай номын өргөө хүүхдийн инээд баяслаар дүүрэн байна. Хүүхдийн инээд баяслаар дүүрэн байгаа номын өргөөндөө залуу эцэг эхчүүд гэр бүл ахмадууд тэр тусмаа хүүхэдтэй ойр харилцдаг хэн бүхнийг урьж гэр бүл соёлын анхдагч орчин байх тухайд бид хамтран ажиллаж энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна. Хүүхэд яагаад соёлын анхан шатны мэдэгдэхүүнтэй байх ёстой вэ? Соёлын өвийг хэрхэн хамгаалж монгол хэл соёлдоо суралцсанаар монгол хүүхэд болон төлөвшихөд нь хүүхдэд ямар дэмжлэг үзүүлж чадах вэ? Энэ бол бидний хүүхдүүддээ зориулж байгаа хайр юм. Энэрэл хайр элбэрэл бүхнээс хүүхдээ ойлгохоос хүүхдээ дэмжихээс гэр бүл дэх соёлын орчин үүсэлтэй. Тийм болохоор соёлыг түгээх анхдагч орчин болсон гэр бүлдээ болон хүүхдүүддээ хайр түгээцгээе.

      Нийгмийн соён гэгээрлийг дэмжиж, хүүхэд иргэдэд хүргэх соёлын орон зайг нэмэгдүүлэх зорилгоор нийгмийн хариуцлагын хүрээнд Оюуны Ундраа группийн “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор тус хөтөлбөрийг хамтран зохион байгуулж байна. 

“Оюуны ундраа групп” ХХК-ийн борлуулалт хариуцсан захирал Г.Отгонцэцэг: Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор маань сүүлийн 3 жилийн хугацаанд Соёлын Яам болон НҮБ-ын хүүхдийн сантай хамтран олон нийт, хүүхэд багачууд, гэр бүл рүү чиглэсэн  бодитой томоохон ажлуудыг хамтарч зохион байгуулсаар ирсэн. Энэ удаагийн Гэр бүл соёлын анхдагч орчин хэмээх энэхүү соёлын хөтөлбөрт Зайсан Хилл цогцолбор маань  заал танхим болон олон нийт рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх тал дээр бодитойгоор хамтарч дэмжин ажиллаж байна. Цаашид ч гэсэн Зайсан хилийн зүгээс олон нийт рүүгээ чиглэсэн ялангуяа хүүхэд рүү чиглэсэн ажлуудыг үргэлж дэмжин ажиллах болно.

     “Гэр бүл-соёлын анхдагч орчин” хөтөлбөрийн нээлтэд “THE VOICE KIDS -2024” шоуны шилдэг 3 оролцогч Э.Чингүүн, С.Монголжин, Ж.Амин-Эрдэнэ нар урилгаар оролцон мэндчилгээ дэвшүүлж, зочин хүүхдүүдийг соёл, урлагаар хичээллэж, авьяасаа нээн хөгжүүлэхийг уриаллаа. Мөн НҮБ-ын Хүүхдийн сангийн суурийн төлөөлөгч Еваристе Коуасси Комлан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр: Гэр бүл-соёлын анхдагч орчин хөтөлбөрийг энэ жил илүү өргөн цар хүрээнд, хоёр сарын турш хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Энэ санаачилгаар дамжуулан хүүхдүүдэд соёлын боловсрол олгох, ялангуяа монголын соёл, үүх түүхийг мэдэж авах боломжийг олгож байгаагаа онцлог. Хүүхэд сургууль цэцэрлэгийн орчноос гадна иймэрхүү чөлөөт орчин соёлын боловсрол олж авах нь илүү үр дүнтэй гэж бодож байна” хэмээн хэллээ.

     Гэр бүл соёлын анхдагч орчин хөтөлбөрт Монгол Улсын Үндэсний Номын сан, Монголын үндэсний музей, Чингис хаан үндэсний музей, Байгалийн түүхийн музей, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Улсын Хүүхэд залуучуудын театр, Улсын Хүүхэлдэйн театр, Хүүхдийн төв номын сан зэрэг есөн байгууллага оролцож хүүхэд багачуудад мэдээлэл хүргэж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд музейн боловсрол олгох, гар урлал хийх, оньсон тоглоом тоглуулах, хүүхдийн номын зохиолчидтой уулзалт хийх зэрэг олон сонирхолтой дэд хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Тухайлбал, хөтөлбөрт оролцогч хүүхдүүдийн сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор үлэг гүрвэлийн уралдаант тоглоомыг тоглууллаа. Шоогоо хаяад шооныхоо нүхээр явах нь байна. Зам болгон дээр чинь даалгавар байгаа түүнийг биелүүлэх ёстой. Жишээ нь алдаатай үгийг олоорой гэсэн даалгавар байна. Энэ өгүүлбэрийг уншаад ямар алдаатай үг байна аа гэдгийг олох нь байна шүү дээ. Мөн үлэг гүрвэлийн уралдааны арга хэмжээнд амжилттай оролцоод бэлэг гэсэн дээр таарвал бэлэг авах боломжтой.

     Манай ард түмний олон мянган жилийн турш бүтээсэн соёлын үнэт өвийн нэгд ардын уламжлалт тоглоом наадгай зүй ёсоор орно. Хүн төрөлхтний түүхэнд Монголчуудын оруулсан оюун ухааны том хувь нэмрийн нэг нь монгол тоглоом наадгай юм. Монгол ардын тоглоом наадгай нь олон төрөлтэй бөгөөд үүнд шагайн тоглоом, хөлөгт тоглоом, оньсон тоглоом, аман наадам, уран ээдрээт гогцоо, уран зангилаа сүлжээ, өрж эвлүүлдэг тоглоом зэрэг олон төрлийн арвин баялаг тоглоом наадгай багтдаг төдийгүү өсвөр үеэ сурган хүмүүжүүлэх нэгэн чухал хэрэглүүр болжээ. Монголчууд хүний оюун ухааныг арга, билэг гэж ангилан үзээд эсрэг тэсрэгээр сэтгэснээр хүний оюун санаа хөгжинө гэсэн гүн ухааны хийсвэрлэл гаргаж эрдэм мэдлэг бол билэг ухааныг, наадам хөдөлмөр бол арга ухааныг хөгжүүлэх үндэс болно гэсэн монгол сэтгэлгээг бий болгосон байна. Монголчууд өвөг дээдсээсээ уламжилсан 15 төрлийн 3000 шахам тоглоом наадгайгаар нааддаг. Хүннү гүрний үед оньсон тоглоомоор тоглож байсан баримт байдаг. Оньс бол өөрөө нүүдлийн соёл иргэншлээс гаралтай. Манай өвөг дээдэс жилийн дөрвөн улиралдаа тохируулж, нүүж суухын тулд гэр орон, эд хогшил, хашаа саравчаа бүгдийг нь хялбархан задалж, угсарахаар бодон хийсэн. Энэ нь явсаар оньсны үндэс болж хөгжжээ. Оньсон тоглооом нь маш их сонирхолтой бөгөөд хийхэд хялбар, хүүхдийн оюун санааг хөгжүүлж, анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлэх, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлж сэтгэхүйн үйлийг төлөвшүүлж, хүүхдийн харааны ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлж хамтын хүмүүжлийг олгодог давуу талуудтай. Манай ард түмэн үр хүүхдийнхээ оюуны ухаан, сэтгэн бодох чадвар, эвлүүлэх ухааны арга барил , зохион бүтээх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сургалт хүмүүжлийн ажилд тоглоом наадам ашиглан, саруул уужим олон талын хүмүүжилтэй болгоход ашиглаж ирсэн ардын уламжлалт тоглоомын бүхэл бүтэн соёлыг бий болгожээ. Өнө эртнээс уламжлагдсан тоглоом наадгайн энэ арвин соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, сургах нь чухал гэдгийг “Олон улсын оньсон тоглоомын музей”-н захирал З.Түмэн-Өлзий хэллээ.

З.Түмэн-Өлзий: Тоглоомгүй үндэстэн ястан гэж байхгүй. Бүгд өөрийн гэсэн тоглоомын өв сантай. Эрхэлж байгаа аж ахуй, байгаль орчин, соёл иргэншил, зан заншлаасаа болоод үндэстэн ястан болгоны тоглоом наадам өөр өөрийн онцлогтой. Ер нь бол тоглоом амьдралаас урган гарч, амьдрах ухааныг нь заадаг юм байна. Ахуйн төрлийн тоглоом гэхэд л гэр орон, идэж уух зүйл, булгийн эхэн дээр очоод ёслол хийдэг ч юмуу энэ бүх зүйл орж байгаа юм. Тоглоом наадмынхаа өв сан, материаллаг баазаар монголчууд их дээгүүр ордог. Тэгээд нүүдэлчдийн соёл иргэншил хийгээд их таруу амьдардаг зэргээс шалтгаалж гадны тоглоом орж ирж чадаагүй. Үндэснийхээ тоглоомыг одоо болтол ашиглаж байгаа. Хувьсгал ялсны дараа орсын резинэн тоглоом, техникийн талын тоглоом орж ирээд үндэснийхээ тоглоомыг хаях тийшээ жоохон саарсан. Гэхдээ тэр нь Улаанбаатар хот болон аймгийн төвүүдээр тараад, сумуудаар, багуудаар тарж чадаагүй. Өнөө шагайгаараа, оньсоороо болон бусад тоглоомоо тоглодог байсан. Олон газраар явахад гадаадын миний мэргэжлийн болоод эрдэмтэн мэргэд хэлэхдээ, монголчууд их азтай ард түмэн. Танайх шиг ингэж үндэснийхээ тоглоомыг авч үлдээд одоог хүртэл тоглож байгаа, үзэсгэлэн гаргаж байгаа ард түмэн ховор гэж хэлдэг. Сүүийн үед манай оюунлаг ард түмэн үндэснийхээ соёлын өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-д бүтгүүлэх зэрэг их ажил зохион байгуулж байна. Ээдрээ тайлах наадам нь бас л нүүдэлчдийнхээ соёл иргэншилтэй холбоотой. Энэ нь сур, дээс, шидэмс, бүч, утас зэргээр уясан битүү гогцооноос чагт, товч, зуузай, бөгж, шагай, дөрөө зэргийг гаргаж авах арга ухааныг уралдаж олох журамтай. Хуруу гарын сүүдэр наадам гэж бий. Шөнө гэрэлд гараараа чоно нохойн дүрс гаргах, унтахгүй тоглоод байвал сүүдрээрээ тогловол муухай зүүд зүүдлэнэ шүү гээд аав ээж нь хэлж байж унтуулах жишээтэй. Энэ нь цаагуураа хүмүүжлийн их ач холбогдолтой байдаг. За дараа нь Чамбалын хүрд гэж наадгай бий. Чамабалын хүрд гээд сааталгүйгээр голд хүрнэ гэсэн үг. Энэ тоглоом Ноён уулын булшнаас нэлээн олон төрлөөрөө олдсон. Чамбалын хүрд нь торгоны зам дагуух орнуудаар нэлээн хөгжсөн. Модоор их хийдэг байсан байгаа юм. Гоёлын модыг тариад тэгшлээд гэхдээ бие биенийгээ харахгүй хэмжээнд өндөрхөн тэгшилнэ. Тэгээд ороод төөрчихдөг. Зөв яваад байвал тэр голдоо хүрнэ. Орчин үеийн хэллэгээр төөрдөг байшин гэсэн үг. Илбэ мэргийн наадам гэж бий. Эрт үеэс эдүгээ ч гэсэн нүүдлийн соёл иргэншилтэй, бие биенээсээ хол амьдардаг болохоор цагаан сар болох, нүүж суух, ан гөрөө, аян жинд явахдаа хувь төөргөө, цаг нараа, аз хийморио асуухын тулд өртөө газар амьдардаг аав ээж ах дүү рүүгээ шогшоод байж болохгүй. Тийм учраас бүр багаас нь хүүхдүүдэд мэргэ төлөг зааж байсан байгаа юм. Гэх мэтчилэн тоглоом бол тэр чигээрээ ард түмний соёл иргэншил, зан заншил, хүмүүжлийн өндөр ач холбогдолтой оюун ухааны гимнастик юм. За тэгээд хөлөгт тоглоом гэж байна. Ашиггүй байрлалаас ашигтай байрлал руу шахаж хожих тоглоом. 138 хөлөгт тоглоомоор монголчууд тоглож наадаж ирсэн. Эндээс шатар үүссэн байж болзошгүй цаашлаад Монголоос шатар гаралтай гэдгийг нотлох гэж насаа барж байгаа ийм хүн байгаа юм би. За дараа нь уях сүлжих наадам. Монголчууд нүүдэлчдийн соёл иргэншилтэй болохоор уях, сүлжих наадмаар их тоглож ирсэн. Үүнийг юугаар орлуулж байсан гэхээр голын захаар ургадаг цахилдаг гээд хавтгай ногоо байдаг. Түүгээр туухай, олбог энэ тэр зангидаад тэр нь явсаар байгаад ногт, чөдөр, олом, жирэм зангидах байнгын сургалт нь болсон юм шиг байгаа юм. Тийм учраас олон мянган жилийн түүхтэй ард түмэн буурал түүхэндээ ногт, чөдөр, эмээл, хазаарын үйлдвэр гэж одоог хүртэл байхгүй. Энэ чинь гэрийн үйлдвэрлэлээр, тоглоомынхоо аргаар тэрийгээ хангаад сурчихсан гэдгийг харуулж байгаа юм. Мөн гогодоо наадам гэж бий. Бас л уях, сүлжих наадамтай төстэй боловч хэрэглэгдэхүүн нь утас. Тэмээний ноосон утас, сарлагийн саваг энэ тэрээр дээс томох зэрэг. За мөн өрж эвлүүлэх наадам гэж бий. Одоогоос 1700-гаад жилийн өмнө Монгол овогтон Тэнгэр гэж хүн энэ өрж эвлүүлэх наадмыг санаачилжээ. 17 дүрсээр маш олон дүрс гаргаж энэ нь ямар нэг хэмжээгээр уламжлагдаад ирчихсэн эвлүүлж өрөх гээд наадам байж байгаа. Нэг дүрсээр нөгөө дүрсийг гаргадаг гэсэн үг. 

     “Гэр бүл соёлын анхдагч орчин” хөтөлбөрийн хүрээнд эцэг эхчүүдэд зохиулсан сургалтууд зохион байгуулж, хүүхэдтэй хэрхэн зөв харилцах, гэр бүлийн орчноор дамжуулан соёлын боловсрол олгох талаар зөвлөгөөг өгч байна.  Хүүхдийн хүмүүжил төлөвшилд гэр бүлийн орчин, аав ээжийн харилцаа шууд нөлөөж байдаг. Ийм учраас гэр бүлийн харилцаагаа эрүүл байлгаж, нийгмийн соёл, боловсролыг гэрийн орчноор дамжуулан олгох нь үр дүнтэй гэдгийг Хүүхэд гэр бүл судлаач, доктор, дэд профессор Х.Баавгай хэллээ.

 Х.Баавгай: Хүүхдийн өсөж торних хүн болж төлөвших анхдагч орчин бол яах аргагүй гэр бүл. Тэгэхээр гэр бүл өөрөө амгалан тайван, аз жаргалтай, эрүүл харилцаатай байвал тийм орчинд өссөн хүүхэд бидний хүсэж мөрөөдөөд байгаа тэр сайн иргэн сайн хүн болж төлөвшинө. Үүний гол суурь үндэс нь ерөөсөө л гэр бүлд тавигддаг юм. Эх эцэг хоёрын хоорондын харилцаа нь үр хүүхдийн харилцаанд шууд нөлөөлж байна. Яах аргагүй бодит судалгаа нөхцөл байдлыг хараад үзэхээр дөрвөн хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн хүчирхийлэлд өртөөд байна гэдэг судалгаа байж байдаг. Энэ хүчирхийллийн дийлэнх нь нөгөө анхдагч орчин болсон гэр бүл гараад байна. Гэр бүл яагаад хүчирхийллийн харилцаатай болоод байгаа юм гэдэг асуудлын үндсэн шалтгаан нь гэр бүлийн боловсролтой холбоотой. Тэр эцэг эх бол хүүхдээ тийм аз жаргалтай эрх чөлөөтэй байх тэр орон зайг нь бий болгож өгөх ёстой юм. Энийг манай эцэг эхчүүд ойлгохдоо хүүхдийг дураар нь байлгах гэж ойлгодог. Энэ дураар нь байлгах гэсэн үг биш ээ. Энэ эрх чөлөө гэдэг маань хүүхэд өөрийнхөө эрхийг хэр зэрэг сайн мэднэ тэр хэмжээгээр бусдын эрхийг хүндэтгэж эхэлдэг. Бусдын эрхийг зөрчихөө больдог гэдгийг л манайхан их сайн ойлгоосой. Хүүхдийг чи ийм эрхтэй байгаа юм чинь яг чамтай адилхан тэр хүнд ч бас ийм эрх бий гэдгийг ойлгуулах. Ингээд эрхээ мэдээд ирсэн хүүхэд ерөөсөө бусдын эрхийг хүндэтгэж эхэлдэг. Ядаж л бусдын юмыг зөвшөөрөлтэй авдаг болно.

     Хүүхэд хүмүүжлийн бас нэгэн томоохон арга хэлбэр бол номтой нөхөрлөх байдаг. Ервей хүмүүс хүүхдээ орой унтахаас өмнө ном уншиж өгч, номтой нөхөрлүүлдэг бөгөөд ном унших бол еврей хүмүүсийн хувьд амьдралынхаа турш хийдэг чухал ажил юм. Бага наснаас нь эхлэн эцэг эхийнх нь ярьж өгдөг байсан сонирхолтой түүх ярианууд хүүхдэд амьдралынх нь турш бүтээлч чанараа алдахгүй байх хүч болдог байна. Уламжлалт гэр бүлийн соёлоос орчин гэр бүлийн боловсролд суралцах зайлшгүй шаардлагтай зүйл бол сэтгэлгээний их баялаг болох ардын аман зохиол түүх домог юм. Ном унших бол ямар нэгэн зүйл дүгнэлт, задлан шинжилгээ хийх чадварыг сайжруулдаг хамгийн чухал арга юм. Эцэг эхчүүдийн тогтмол ном унших чадвар аяндаа сайжирдаг. Нэгэн судалгаанаас харвал эхийн хэвлийд байхад ном унших өгөх аргаар боловсрол олгосон хүүхэд үеийхэнтэйгээ харьцуулахад хэл ярианы чадвар гайхалтай сайн байдаг ажээ. Унтахаас нь өмнө хүүхэддээ ном уншиж өгөх хугацааны тухайд 15–30 минут орчим байх нь тохиромжтой. 30 минутаас дээш хугацаагаар бол хүүхэд залхах хандлагатай болдог. Ном уншиж өгөх явцад хүүхэд тань асуулт тавивал жижигхэн асуулт байсан ч үл тоомсорлон орхиж болохгүй бөгөөд хүүхдийнхээ түвшинд тохируулан, чин сэтгэлээсээ хариултыг нь хэлж өгөх нь тустай гэнэ. Хүүхдийн боловсрол хүмүүжилд ном ийм чухал нөлөөтэй учраас гэр бүл соёлын анхдагч орчин хөтөлбөрийн хүрээнд номын хөтөлбөрүүдийг зохион байгуулж хүүхэд багачуудыг ном уншихад уриллаа.

 

Үзсэн: 231

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна