Монголчуудын айрагны соёл
Айрагийн найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В витамин болон кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай болохыг эрдэмтэд тогтоожээ.
Нүүдэлчин монголчууд олон мянган жилийн тэртээгээс айраг хэмээх өвөрмөц ундааг уламжлалт аргаар хийж, хэрэглэж ирсэн түүхтэй. Түрэгийн үед айргийг “айраан” гэж нэрлэдэг байсан тухай түүхэнд тэмдэглэснээс үзвэл айраг нь нэн эртний түүхт ундаа аж. Айраг нь шим тэжээлээр элбэг, халуун чанартай бөгөөд исгэлэн амттай. Адуун сүрэг бруцеллёз, сүрьеэ, дэлэнгийн үрэвсэл зэрэг бусад төрлийн малд тохиолддог өвчнөөр өвчилдөггүй учир саамны найрлага онцгойд тооцогддог байна. Саамны нийт уургийн 40 хувийг альбумин, глобулин мэтийн уусагч уураг эзэлдэг бөгөөд нэг литр айраг нь хүний биеийн С аминдэмийн хоногийн хэрэгцээг хангаж чадахуйц байдаг. Гүүний сүүний тослог үнээний сүүнийхээс гурав дахин бага биед түргэн шингэж боловсордог эмчилгээний чанараараа онцгой бүтээгдэхүүн юм. Айрагийг гүүний сүү, үнээний сүүгээр хийдэг бөгөөд энэ нь нутаг нутагт өөр өөр байдаг. Халх Монголчууд гүүний сүүгээр, Баруун Монголчууд гүү болон үнээний сүүгээр айраг хийдэг бол Өмнөд Монголчууд голдуу үнээний сүүгээр айраг исгэдэг байна. Одоо үргэлжлүүлэн Монголын Үндэсний номын сангийн менежер, судлаач С.Чулуунпүрэвийн яриаг хүргэе.
С.Чулуунпүрэв: Монголчуудыг төлөөлсөн соёлоос нүүдэлтэй нэршлүүд байдаг. Тэрний нэг нь айраг. Эртний сурвалж бичгүүдэд монголчууд гүүн сүүгээр цэнгэгчдийн орон гэж нэрлэсэн байдаг. Энэ нь айргийг хэлж байгаа юм. Монголчуудад Чингис хааны тахилга шүтлэг гэдэг хамгийн хүчтэй шашин соёлын хэмжээний маш том ойлголт зан үйл хэвшсэн байдаг. Энэ юунаас үүдэлтэй вэ гэхээр 1295 онд Хубилай хааны зарлигаар “Арван буянт номын цагаан түүх” гэдэг ном гарсан. Үүнийг Хубилай хаан өөрөө зохиосон гэж үздэг. Энд юу гэж журамласан бэ гэхлээр Монголчуудын дөрвөн цагийн хурим гэж хийдэг байжээ. Өөрөө хэлбэл дөрвөн улиралд монголчууд нийтээрээ Хубилай хааны өвөг дээдэс буюу Чингис хаанд зориулан тайлга тахилгыг үйлддэг байж. Үүний өвлийн улирлын тасман тайлгаас бусад гурван улирлын тайлгад айраг хэрэглэж байсан. Айраг буюу цагаан гүүний сүүгээр тахил өргөдөг байсан. Ингэхээр шүтлэг бишрэл тайлга тахилгын соёлд айраг маш гүнзгий нөлөөтэй болж таарч байгаа юм. Айраг гэж нэрлэсэн учир нь Мандухай сэцэн хатан Ойрадуудыг дайлаар мордож ирээд 5 зүйлийн зарлиг цааз гаргасны нэг нь айргийг чигээ гэж нэрлэхээ болоод айраг гэж нэрлэ гэсэн ингээд айраг гэж тогтсон түүхтэй.
Айрагны найрлагад хүний биеийн эрүүл мэндэд хэрэгцээтэй А, С, В витамин их хэмжээгээр агуулагдах бөгөөд кальци, фосфор, кобальт, зэс зэрэг эрдсээр үхрийн сүүнээс давуу талтай болохыг эрдэмтэд тогтоожээ. Гүүний сайн айраг цангаа гаргах төдийгvй хүний биед түргэн шингэж, хоол идэх хүслийг нэмэгдүүлж, сүрьеэ, цусан суулга зэрэг зарим өвчнийг илааршуулах өндөр чадалтай. Гүүний саам ууснаар хүний биеийн дотоод хордлого тайлагдаж эд эс шинээр нөхөн төлжиж, нойр хэвийн байдалд орж, ходоод гэдэсний үйл ажиллагаа, артерийн даралт тогтворждог байна. Айраг нь бие махбодын дотоод үйл ажиллагааг, тухайлбал зүрх судас, төв мэдрэлийн системийг сэргээн, цусны эргэлт, хоол боловсруулалтыг зохицуулахад тустай. Мөн исэлтийнхээ байдлаас хамаарч хоол боловсруулах эрхтний шүүсийг хvчтэй ялгаруулж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлдгээрээ хүний биеийг эрүүлжүүлдэг гайхамшигтай. Гүүний айраг нь монгол орны хүн ардын зун цагийн өдөр тутмын хэрэгцээт хүнс болдог байсан тухай түүхэн сурвалжууд болон монгол оронд зорчиж байсан жуулчдын тэмдэглэлд олонтаа дурдсан байдгийг Монголын Үндэсний номын сангийн менежер, судлаач С.Чулуунпүрэв хэллээ.
С.Чулуунпүрэв: Монгол нутагт зорчсон жуулчдын тэмдэглэлд айргийн талаар өгүүлэмж маш арвин. Яагаад гэвэл монголчуудын өдөр тутмын хэрэглээ нь өөрөө айраг байсан. Ерөөсөө л гүүн зүүгээр цэнгэгчдийн орон гэдэг нь ил цагаандаа харагдаж байдаг. Өдөр тутамдаа айргаа хэрэглэнэ. Айрагтай газрын монголчууд зуны цагт барагтаа л бол хоол идэхгүйгээр айргаа 7-14 хоног цаашлаад сараар уудаг. Нэгдүгээрт айргаар ундаа хийж байна, хоёрдугаарт хоол хийж байна. Энэ талаараа нэг бодлын олон талын үүрэгтэй минимал идээ ундаа байгаа байхгүй юу. Айраг хэрэглэж байгаа тухай жуулчдын тэмдэглэлд гүүний сүү байвал маш ихээр уух бөгөөд бусад төрлийн хоолонд барагтай бол санаа тавихгүй юм аа гэсэн байдлаар үлдсэн байдаг. Мөн монголчууд хаад ноёддоо зориулж хар айраг гэдэг юмыг бэлтгэнэ гэж өөр нэг жуулчин тэмдэглэсэн байдаг. Хар айраг гэдэг нь цаашлаад “харчин” хэмээх угсаатны бүлгийг хүртэл бий болгосон байх жишээтэй.
Адууг ногоонд цадсан үед гүүний сааль эхлэх бөгөөд үүнийг “гүүний үрс гаргах” гэж нэрлэдэг. Ямааны сүүгээр бүрсэн 1 литр тарган дээр 10 литр саам хийж 1-2 цаг бүлж, хучиж дулаалах аргаар анхны хөрөнгийг үүсгэдэг байна. Айраг исэх үед түүний сахар нь архины спирт, нүүрсхүчлийн хий болон задардаг. Айраг исгэхийн тулд саамыг шүүж цэвэрлээд хөрөнгөтэй хольж 3000-5000 удаа бүлдэг. Саамыг бүлж айраг болгосны дараа нэг литр гүүний айрганд 20 грамм тос, 23 грамм уураг, 35 грамм чихэрлэг үүсч, 453.7 ккал илчлэгтэй болдог байна. Айргийн исэлтэд нөлөөлөх нэг чухал ажиллагаа бол бүлэлт юм. Бүлэлтийг улирлын байдлаар тохируулан зун бол саамаа хийнгүүт 5000-7000, намар бол 3000-4000 удаа бүлнэ. Намрын айргийг дэндүү олон бүлбэл шингэрч цайна. Харин зуны айргийг дутуу бүлбэл хэтэрхий исгэлэн амттай болдог байна. Сайн чанарын, сайхан айраг хийхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг тухай Монголын Үндэсний номын сангийн менежер, судлаач С.Чулуунпүрэв ийнхүү ярилаа.
С.Чулуунпүрэв: Хамгийн гол хүчин зүйл бол ургамал. Ургамал ямар нөлөөтэй байна вэ гэхлээр малын бэлчээрлэж байгаа тэр нутагт өмхий өвс голдуухан, луйл шарилж их байвал айраг амархан хатуурах талтай. Харин зүлэг ширэг идэж байгаа гүүний айраг бол амар хатуурахгүй бөгөөд сайхан байх жишээний. Таана мангирын айраг гэхэд амархан согтоох талтай. Намар ургамлын сөл жоохон татраад эхлэх үед хийсэн айраг бол ислэг чанар ихтэй байдаг бөгөөд хадгалалт даадаг. Ийм учраас айргийн чанар ургамлаас маш их нөлөөтэй байна. Хоёрдугаарт хүний хөдөлмөр маш их нөлөөтэй. Өөрөөр хэлбэл айргийг исгэж байгаа хамгийн гол хүчин зүйл бол бүлүүр. Хэчнээн сайн бүлнэ төдий чинээ сайхан айраг болно. Би айрагтай холбоотой багахан хэмжээний судалгааг өөрийнхөө нутаг буюу Өвөрхангай аймгийн Баянөндөр сумандаа түшиглэж хийж байгаа. Энэ нутгийнхаа айраг хийдэг хүмүүсээс асууж мэдлэг нэмж байна. Манай сумын улсын шилдэг өвлөн уламжлагчаар тодорсон Гүндэгмаа гуай хэлэхдээ айргийг 3000-аас дээш бүлэх ёстой тэгж байж сайхан айраг болно. Эсвэл 2 цагаас дээш бүжиж байж сайхан айраг болно гэж хэлсэн. Гүндэгмаа гуайн хэлж байгаагаар 5 мянгаас дээш бүлсэн айргийг тосонд торлог, 10 мянгаас дээш бүлснийг нь тонжин хяруу, 15 мянгаас дээш бүлсэн айргийг Маралзунгуа гэж нэрлэдэг гэнэ.
Монгол оронд айраг бол өргөн дэлгэрсэн ундаа бөгөөд Булганы Сайхан, Могод, Баян-Агт, Архангайн Хайрхан, Хашаат, Хотонт, Дундговийн Эрдэнэдалай, Өвөрхангайн, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Баян-Өнжүүл зэрэг олон сумдууд айраг үйлдвэрлэдэг гол бүс нутаг юм. Айрагтай төстэй ундааг Монгол угсааны Халимаг, Буриад болон Казах, Киргиз, Автономит Башкир зэрэг улсуудад хийж хэрэглэдэг уламжлалтай.
Өнө эртнээс уламжлалтай айрагны соёлыг түгээн дэлгэрүүлэх хэд хэдэн томоохон арга хэмжээ Монгол түмний дунд болдог. Үүний нэг нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Тансаг айраг фестиваль юм. Тансаг айраг компани нь 2015 оноос эхлэн монгол оронд алдаршсан хамгийн сайн чанарын айрагны дээжүүдийг цуглуулж “Тансаг айраг” брэндийг бий болгожээ. Улмаар 2022 оноос эхлэн айрагны фестивалийг зохион байгуулж айрагны өв соёлыг сурталчлан таниулж байна. Одоо үргэлжлүүлэн Тансаг айраг фестивалийн ерөнхий продюсер Түвшинтөрийн яриаг хүргэе.
Түвшинтөр: Энэ фестивалийн гол зорилго бол Монгол айраг гэдэг энэ гайхамшигтай ундааг дэлхийд хэрхэн гаргах вэ? Найрлагад нь маш олон төрлийн элемент, нэгдэл орсон энэ гайхамшигтай ундааг дэлхийд яаж сурталчлах вэ? Үүний төлөө бид шинжлэх ухааныг дагасан ямар судалгаа хийх вэ? Үйлдвэрлэл технологи дээр олон улсад яаж ажиллах вэ? гэдэг гарц шийдлийг олох юм. Хамгийн цаад талын зорилго бол энэ. Фестивалийн эхэнд заавал шинжлэх ухааны илтгэл тавигддаг 1890 оноос эхэлж баруун эрдэмтэд айргийг жинхэнэ судлагдахуунд оруулж ирсэн байдаг. Тэд химийн бүх элементүүдийг задалж гаргасан байдаг. 1909 онд Оросын эрдэмтэд орж ирж судалсан. Энэ тухай итгэлийг эхний жилийн фестиваль дээр тавьсан. Харин өнгөрсөн жил зөвхөн Монгол Улсын газар нутаг дээр байдаг монголчууд бид айраг хийдэг үү? эсвэл айргийг өөр оронд хийж байна уу гэдэг талаар судалгаа хийж илтгэл тавьсан.
“Тансаг айраг” фестивалийн хүрээнд айрагны үүсэл хөгжил, ая холбогдол, эмт чанарын тухай илтгэл хэлэлцүүлэхээс гадна дэмбээний тэмцээн, хурууны наадам зэргийг зохион байгуулж, уртын дуучид ая дуугаа өргөдөг. Мөн түүнчлэн газар газрын айраг үйлдвэрлэгчид хүрэлцэн ирж айрагны соёлыг түгээн дэлгэрүүлдэг байна. Оролцогчдын тоо болон хамрах хүрээ жил ирэх тусам нэмэгдэж өргөн дэлгэр болж байгааг Тансаг айраг фестивалийн оролцогчид хэллээ.
Оролцогчдын сэтгэгдэл:
- Тансаг айраг фестивальд хүрэлцэн ирсэндээ их баяртай байна. Монголын бахархал болсон ундаа дэлхийд танигдах алхмын эхнийх нь энэ арга хэмжээ юм байна. Анх удаа ирж дэмбээний тэмцээнд оролцлоо. Их баяртай байна. Сайхан зохион байгуулсан байна.
- Айраг уух, монгол дээлээ өмсөх зэрэг олон зүйл дээр мэдлэг өгдөг юм шиг санагдсан. Монгол хүн байхаараа бахархана. Мөн өв уламжлал талаасаа энэ фестивалиас их зүйл сурч авдаг.
- Өнгөрсөн жил орсон энэ удаад бас хүрэлцэн ирж оролцож байна. Энэ удаад өргөн хүрээтэй их гоё болж байна. Урьж ирүүлсэнд их баярлалаа гэж хэлье.
Монголчууд айргийг хоёр үндсэн аргаар исгэж иржээ. Айргийг ширэн хөхүүр болон модон хувингийн аль нэгэнд исгэх боловч хөхүүрт исгэх нь илүү сайн байдаг. Өмнө жил айраг исгэж байсан хөхүүрээ дараа зун нь дэвтээж цахлан дүүжлээд түүндээ шинэ саамаа хийж сайтар бүлж исгэдэг. Хэдэн жил дараалан айраг исгэсэн ширэн хөхүүр нь айрагны шим чанарыг өөртөө сайн шингээсэн байх тул тусгай хөрөнгө шаарддаггүй. Сайн хөхүүр хийх нь арьсаа зөв сонгохоос эхэлдэг. Шүдлэн, хязаалан зэрэг бага үхрийн шир болон үнээний шир сонгож хийвэл илүү тохиромжтой хатуу биш болдог байна. Бага үхрийн ширээр хийсэн хөхүүрт 80-120 литр айраг багтдаг. Хөхүүрийг улаан, ягаан, саарал, цагаан өнгийн малын ширээр хаврын сүүл сар болох 4,5-р сард хийх нь илүү тохиромжтой. Намар хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашлахад зун хураасан айргаа хөхүүртэй нь хадгалдаг. Ингэж хадгалахдаа салхины өөд харуулан нар үзүүлэхгүй хөхүүрнийхээ амыг хоёр талаас нь боож хатаадаг байна. Зөв хадгалсан хөхүүр нэг айлд 20 жил болдог гэнэ. Дундговь аймгийн Адаацаг сумын өвлөн уламжлагч Мөнхбатаас хөхүүр хэрхэн хийдэг талаар асууж сонирхлоо.
Мөнхбат: Ширээ маш сайхан зүсэлгүй өвчиж аваад улаан шүүсийг нь аваад, шар сүүнд хийнэ. Тэгээд сүүлд нь хусаж цэвэрлээд бэлэн болгоно. Ялангуяа цагаан, улаан үхрийн шир маш сайхан хөхүүр болдог. Шүдлэн, хязаалан, соёолон үхрийн ширээр хөхүүр хийхэд тохиромжтой. Гол 3 нас гэж хэлж болно. Бусад насны үхрийн шир нугалж хийхэд зузаараад байдаг. Их зузаан ширээр хөхүүр хийвэл бартагдуухан болно. Ширээ яг бэлэн болгоод шууд хөхүүрээ эсгэнэ. Хатааж барьж болохгүй. Хэмжээг бол хэрэгцээндээ тааруулаад ямар ч байхаар хийж болно.
2013 онд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар “Монгол улсын соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл”-д 80 өвийг, “Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл”-д 16 өвийг шинэчлэн бүртгэсэн байдаг. Тус бүртгэлийн Үндэсний уламжлалт зан үйл, ёслол, баяр наадмын төрөлд: Гүүний үрс гаргах зан үйл, Гүү барих зан үйл, Унага тавих зан үйл, Айраг, сархдын холбогдолтой зан үйлийг бүртгэжээ. Харин Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологийн төрөлд: Цагаан идээ бэлтгэх уламжлалт аргийг бүртгэсэн бол Ардын уламжлалт гар урлалын төрөлд: хөхүүрийн айрагтай холбоотой өвийн зүйлийг хамааруулан оруулж баталсан түүхтэй.
Үзсэн: 5515
Tweet