Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын уулзалт болов
Энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтойг онцлов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзлаа. Засгийн газрын тэргүүн нар гурван улсын төрийн тэргүүн нарын тохиролцоог бодит ажил хэрэг болгох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, “Эдийн засгийн коридор”-ын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг бодитоор хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гурван улсын хамтын ажиллагааг дэд бүтцээр харилцан холбох бүтээн байгуулалтыг бодитоор урагшлуулах, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг гурван талын хамтын ажиллагааны түвшинд хэрэгжүүлэх, эрчим хүчний реформын хүрээнд гурван тал хамтран ногоон, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, аялал жуулчлалын жишиг бүс байгуулах зэрэг чиглэлд гурван тал илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах санал дэвшүүлэв. Мөн Монгол Улсын “Талын зам” хөтөлбөр, Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг харилцан уялдуулж, Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах ажлыг идэвхтэй урагшлуулахад Монголын тал бэлэн байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт хамруулах 33 төслийн жагсаалтыг Монголын холбогдох байгууллагууд тохиролцсон. Энэ жагсаалтын нэгдүгээр заалтад тусгагдсан Замын-Үүд-Алтанбулаг чиглэлийн шинэ төмөр зам барих төслийг эхний ээлжинд хэрэгжүүлэх нь гурван улсын эдийн засгийн коридор үүсгэхэд нэн чухал эхлэл цэг болно гэж үзэж буйгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. ОХУ-ын Засгийн газрын дарга М.Мишустин, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлсэн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн энэхүү уулзалтыг тогтмолжуулах нь гурван талын бодит хамтын ажиллагааг идэвхжүүлж, гурван талын стратегийн томоохон төслүүдийг урагшлуулахад чухал ач холбогдолтой төдийгүй бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжил, Ази тивийн нийтлэг эрх ашигт нийцнэ гэдэгт талууд санал нэгдэв. Гурван улсын Засгийн газрын тэргүүн нарын дараагийн уулзалтыг 2025 онд зохион байгуулахаар тохиролцов.
Үзсэн: 5219
Tweet