Сансрын долоо хоног Монголд
Энэ жил Монгол орон даяар, бүх аймгуудад "Дэлхийн сансрын 7 хоног"-ийг дэлхийн 100 гаруй улс оронтой нэгэн зэрэг зохион байгуулж байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1999 онд Дэлхийн сансрын долоо хоногийг жил бүрийн 10 дугаар сарын 4-нөөс 10-ны хооронд тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан. Учир нь 1957 оны 10 сарын 4-нд Хүний гараар бүтсэн дэлхийн анхны хиймэл дагуул болох Спутник I-ийг сансар огторгуйд хөөргөсөн нь өнөөгийн сансрын судалгааны хөгжлийн эхлэл болжээ. Сансрын долоо хоногийг дэлхийн 100 гаруй оронд тэмдэглэж, сансар судлалын хөгжил дэвшлээ хэлэлцэж байна. Монгол улс энэ жилийн тухайд “Сансар ба Уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд эл өдрийг Улаанбаатар хотын “UG Arena” болон 21 аймагт нэгэн зэрэг тэмдэглэж байгаа юм. Долоон хоногийн туршид үргэлжилж буй тус арга хэмжээ нь хүүхэд залууст шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг таниулах, дэлхий даяар хүмүүст сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ач холбогдлыг сурталчлах зорилготой.
Одоо үргэлжлүүлэн Дэлхийн сансрын долоо хоногийн Монгол дахь зохион байгуулагч Д.Мөнхтулгын яриаг хүргэе.
Д.Мөнхтулга: Сансрын долоо хоногийг 25 дахь жилдээ дэлхийн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ бол дэлхий даяар зохион байгуулагддаг шинжлэх ухааны хамгийн том арга хэмжээнд тооцогддог. Бидний хувьд хоёр жилийн өмнөөс албан ёсны эрхтэйгээр дэлхийн сансрын долоо хоногийг Монголдоо тэмдэглэн өнгөрүүлж эхэлсэн. Энэ жил 3 дахь удаагаа хийж байна. Бид анхны жил нэлээн хүлээлттэй, бэлтгэлтэй байсан. Өдөрт ойролцоогоор мянган хүүхэд ирэх болов уу, долоо хоногтоо 7 мянган хүүхэд ирэх болов уу гэж тооцоолсон. Гэтэл бидний 7 мянган хүүхдэд зориулаад бэлдчихсэн байсан зүйл маань хоёр дахь өдрөө дууссан. Тэгээд оролцогч байгууллагууд маань сандраад 2, 3 удаагийн хэвлэлтүүд хийж шөнөжингөө ажилласан. Пуужингийн хэрэглэгдэхүүн, чимэглэлүүдээ манай ажилтнууд дахиж бэлдээд түүхэндээ байгаагүй үзүүлэлт болсон. Тэгээд 7 хоногийн дараа бид нар Зайсан Хиллийн автомат тоглогч болон сайн дурынхны тоог нэгтгэхэд 7 хоногийн хугацаанд 40125 хүүхэд зорьж ирсэн байсан. Энэ бол ерөөсөө зохион байгуулж байгаа бид нарын ур чадвар огтоос биш. Харин сансар огторгуй шинжлэх ухаан гэдэг зүйлээр хүүхдүүд ингээд цангачихсан байгаагийн бодит жишээ нь анхны сансрын 7 хоногоор илэрсэн. Харин 2 дахь удаагаа буюу өнгөрсөн жил бид 47 мянган хүүхдэд хүрч ажилласан бол энэ жилийн хувьд Монгол орон даяар Монголын бүх аймгуудад дэлхийн сансрын 7 хоногийг дэлхийн 100 гаруй улс оронтой нэгэн зэрэг зохион байгуулж байна. Ийм учраас энэ жил Дэлхийн сансрын 7 хоногийн байгууллагын хамгийн онцлох сэдэв нь манай Монгол улс болж байгаа юм. Бид хүртээмжийг хамгийн өндөр түвшинд хийж байгаа учраас ийнхүү онцолж байна. Бидний хийсэн ажил олон улсдаа жишиг болж дэлхийн сансрын долоо хоногийн байгууллагын тайлангуудад тусгагдана.
Сансрын долоо хоногт зочилсноор Монголд цор ганц байх нүүдлийн планетариумыг сонирхох, сансарт ил захидал илгээх, өөрийн гараар пуужин хийж хөөргөх, сансрын нисэгчийн шалгалт өгөх, сансарт гарах жингүйдлийг мэдэрч үзэх, цаасан онгоцны мастер болох, сансрын гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж, дрон нисгэж үзэхээс гадна хиймэл дагуул, сансрын судалгааны талаар монгол инженерүүдийн сонирхолтой илтгэлүүдийг сонсох боломжтой. Энэ мэтчилэн олон сонирхолтой туршилт, үзүүлбэрүүдэд хүмүүс өөрийн биеэр оролцох боломжтой гэдгийг Дэлхийн сансрын долоо хоногийн Монгол дахь зохион байгуулагч Д.Мөнхтулга хэллээ.
Д.Мөнхтулга: Бидэнтэй зэрэгцээд дэлхий даяар сансар огторгуй, шинжлэх ухаан, гараг эрхэс, дэвшилтэт техник технологитой холбоотой асар олон зүйлсүүд өрнөж байгаа. Яг одоо ингээд яриад сууж байхад дэлхийн тойрог замд олон улсын сансрын станцууд ажиллаж байна. Мөн Хятадын сүүлд хийгдсэн сансрын станц дэлхийн тойрог замд цагт 28000 мянган км цагийн хурдтай явж байна. Хиймэл дагуулууд маш олон үүргүүдийг гүйцэтгэж байна. Сансрын маш олон сонирхолтой хөтөлбөрүүд явагдаж байна. Марс гараг дээр сониучхан болон мятаршгүй гэсэн нэртэй роберууд туршилт хийж дэлхий рүү илгээж байна. Энэ мэт бид нарын өдөр тутмын амьдралтай зэрэгцээд ийм гайхалтай зүйл болж байгаа шүү гэдгийг хүүхдүүд, томчууд, ялангуяа бага ангийн болон байгалийн шинжлэх ухааны багш нарт ойлгуулахыг зорьж байна. Тийм болохоор Улаанбаатар хотод сансрын долоо хоногийг хийж оролцогчдод гайхширч, гоё мэдрэмжүүдийг өгөх үүднээс тоног төхөөрөмжүүдээ байршуулсан. Шинжлэх ухаан, сансар огторгуй гэхээр хүмүүс хол гэж боддог. Ялангуяа монголчуудын хувьд хол гэж ойлгодог. Шинжлэх ухаан юунаас эхэлдэг вэ гэсэн асуултад Аристотль маш товч тодорхой хариулсан байдаг. Шинжлэх ухаан бол гайхширахаас эхэлнэ гэж. Хөөх гэж гайхширах тэр нэг ганцхан хором л хүүхдүүд шинжлэх ухаанд дурлах, алмайрах, түүнийг илүү судлах, илүү сонирхох, цаашдаа хичээллэх боломжийг бүрдүүлж байдаг. Тэгэхээр бид нарт Монгол орон даяар хүүхдүүдийг гайхшируулах асар олон зүйлсийг бэлдсэн. Сансрын долоо хоног дээр ирээд зүгээр нэг үзээд өнгөрөх биш бүх зүйлд гар хүрч оролдож, өөрийн жижиг пуужин, онгоц, шүхэр, агаарын бөмбөлөг зэргийг хийгээд хөөргөх боломжийг бүрдүүлсэн. Бид нарын өгч явж байгаа хэрэглэгдэхүүнүүд дунд худалдаад авчихсан зүйл бараг байхгүй. Хамгийн ихээр хаягдал гэж бодоод байдаг тэр зүйлсээр сансрын шинжлэх ухааныг байгалийн шинжлэх ухааны туршилтуудыг хийж байна. Маш олон залуучууд сансрын хөтөлбөр дээр маш гоё зүйлүүдийг Монголд хийж байна. Тэгээд тэр залуучууд маань ирж өөрсдийнхөө сонирхолтой ярилцлагыг хийж байна. Хүүхдүүдтэй нүүр тулсан уулзалтуудыг хийнэ. Мэдээж Гүррагчаа баатрын байгуулсан Астро парк гээд шинжлэх ухааны музей байдаг. Тэндээс үзүүлэнгүүдийг авч ирж тавьж байгаа. MOSTA буюу Монголын Сансрын Технологийн Холбоо гээд Монголын цөөхөн хэдэн сансрын инженерүүдийн байгуулсан байгууллагаас хүмүүс ирж мэдээлэл хүргэнэ.
Түүнчлэн Вояажер I хөлөг дээр байрлуулсан Golden record буюу алтан пянз дээрх дуу авиаг сонсох боломжтойгоороо онцлогтой. Алтан пянз нь 1977 онд NASA-гаас хөөргөсөн Вояажер I болон Вояажер II сансрын хөлөгт байрлуулан огторгуйн уудамд илгээсэн дэлхий дээрх амьдрал, хүн төрөлхтний түүх, соёл, шинжлэх ухаан болон бусад мэдээллүүдийг агуулсан зурвас бүхий пянз юм. Вояажер I-ийн 40 жилд зориулан гаргасан “Voyager Golden Record” пянз Монголд цор ганц байдаг бөгөөд энэ нь “Сансрын долоо хоног”-ийн онцлох үзмэрт зүй ёсоор тооцогдож байна. Сансрын долоо хоногийн сайн дурын ажилтан Энхтүвшингээс энэхүү пянзны талаар асууц сонирхсон юм.
Сайн дурын ажилтан Энхтүвшин: Вояажер I хөлөг бол 1977 онд Насагаас өргөсөн хөлөг онгоц. Яагаад 1977 оныг сонгосон бэ гэхээрээ нарны аймгийн гаргууд хөдөлж байгаад бүгдээрээ нэг шугамд орох үе байдаг. Тэр үеийг эрдэмтэд анзаараад яг энэ цагийг ашиглаад хөлөг онгоц явуулаад 5 гаргийн мэдээллийг нэгэн зэрэг авъя гэж шийдээд 1977 оныг сонгоод Насагаас 2 хөлөг онгоц явуулсан байдаг. Энэ хөлөг онгоц нь анх дэлхийгээс хөөрөхдөө тавхан жилийн хөтөлбөртэй байсан боловч даалгавраа амжилттай биелүүлж өнөөг хүртэл Вояажер I болон II хөлгүүд дэлхийд сигналаа илгээж чадаж байгаа юм. Энэ хөлөг онгоц зөвхөн мэдээлэл цуглуулахаас гадна бас нэг онцлогтой. Энэ бол алтан пянз юм. Тухайн үеийн эрдэмтэд судалж байгаад энэ пянз дотор хүн төрөлхтний дэлхий дээрх амьдралыг илэрхийлэх хэд хэдэн зүйлсийг харийн хүнд ойлгомжтойгоор шингээсэн. Нэгдүгээрт 'Сайн байна уу' гэдгийг 55 орны хэлээр хэлсэн байх жишээний. Хоёрдугаарт зөвхөн дэлхий дээр байдаг дуу чимээнүүд болох аян цахилж байгаа, навч унаж байгаа, хүн алхаж байгаа, үнсэлцэж байгаа дуу чимээг бичсэн. Гуравдугаарт хөгжмөөр дамжуулан сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үүднээс сонгодог хөгжмүүдийг оруулж өгсөн байдаг. Хамгийн сүүлд нь хүний биеийн антомийн шинжлэх ухааны нээлтүүдтэй холбоотой 116 зургийг энэ пянз дээр буулгаж өгсөн юм.
Монгол орон даяар 600 гаруй сайн дурын ажилтан энэ жилийн сансрын долоо хоног арга хэмжээнд оролцож байна. Сансрын 7 хоног нь хүүхэд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах түүнд сонирхолтой болгох зорилготой. Арга хэмжээний үеэр дэмжигч байгууллагууд өөрсдийн бүүт дээр сонирхолтой туршилтуудыг танилцуулж хүүхэд багачуудад олон гайхалтай гэнэтийн бэлгийг барьж байгаа юм. Сансрын 7 хоног энэ сарын 4-10-ны өдрүүдэд үргэлжилж байна.
Үзсэн: 4432
Tweet