Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Улаанбаатар хотноо Тайландын өдөрлөг боллоо


Densmaa 2024-09-25 04:09

Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакул: "Монголчуудад Тай соёл их таалагддаг гэдгийг энэ өдөрлөгөөс харлаа"

Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакул: "Бид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчтэй хөгжүүлэх боломжтой"

          Улаанбаатар хотноо саяхан болсон Тайландын өдөрлөгийн үеэр бид Тайландын Вант Улсаас Монгол Улсад суугаад Элчин сайд Чатчай Вириявежакултай уулзаж ярилцлаа.

Сайн байна уу? Та Монголд хэд дэхээ айлчилж байна вэ?

          Тайланд-Монголын харилцааг харицудаг Тайландын Вант Улсын Элчин сайдын яам БНХАУ-ын Бээжин хотод байрладаг. Би өнгөрсөн 4 сард Элчин сайдын албанд томилогдсоны дараа Монгол Улсад анх удаа ирж байна.

          Тайланд Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг 50 жилийн өндөрлөгөөс та хэрхэн дүгнэж байна вэ?

          Юуны өмнө бид найрсаг харилцаатай улс орнууд. Бидний харилцаанд саад болсон зүйл, үйл ойлголцох асуудлууд үгүй. Гагцхуу бид хөрш улсууд биш, газар зүйн байршлаасаа болоод хоорондоо нэлээд зайтай оршдог учир бидний хамтын ажиллагаа ч өндөрөө авч чадаагүй, идэвхитэй биш байна. Гэхдээ өнгөрсөн 50 жилийг дүгнээд хэлэхэд бидний хамтын ажиллагаа бага багаар өсөн тэлсээр байгаа. Тайланд Улсад айлчилж буй монголчуудын тоо өссөн, мөн Тайчууд ч Монгол орныг зорьдог болж. Тиймээс манай хоёр орны хооронд агаарын нислэгийн тоо ихсэн тогтмолжоосой гэж их хүсдэг. Одоо бол зөвхөн өвлийн цагаар л шууд нислэгүүд хийгддэг учир өвлийн улиралд монголчууд олноороо Тайландад ирдэг болж. Гэхдээ жилийн дөрвөн улиралд тогтмол нислэгүүд үйлдвэл манай хоёр улсын бизнесын салбарууд хөгжих боломжтой гэж харж байна. Худалдааг эрчимжүүлэх, логистик, агаарын тээврийн давтамжийг олшруулах чиглэлээр ажиллах болно. Манай улсаас экспортолдог хэд хэдэн хүнс Монголд сайн танигдсан байна. Үүнд, хатаасан жимс, будаа, Тай цуу зэргийг нэрлэж болно. Иймээс худалдаа арилжааг эрчимжүүлэх хэрэгтэй. Нэг гэм нь ачааны үнэ өртөг өндөр гардаг. Харин өдөр тутам, эсвэл ядаж долоо хоногтоо 2-3 шууд нислэг жилийн  турш үйлдээд байвал худалдааны тээврийн өртөг багасаж, илүү олон нэр төрлийн барааг Монголын зах зээлд нийлүүлэх боломжтой болно.

          Тайланд улсаас орж ирж буй барааг агаарыг тээврээр тээвэрлэдэг юм уу?

          Зарим хүйтэн нөхцөлд тээвэрлэгдэх, удаан тээвэрлэлтийг тэсвэрлэдэггүй загас, далайн бүтээгдэхүүн, халуун орны жимс, хүнсний ногоо зэргийг агаараар тээвэрлэхээс өөр аргагүй. Ингэснээр монголчууд ч хүнсээ шинээр нь хэрэглэх боломжтой.

          Манай хоёр орны харилцааг өргөжүүлэн тэлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

          Улс төр, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын гишүүн улс орнуудын хувьд манай хоёр улс сайн харилцаатай. Бид ижил үнэт зүйлстэй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, НҮБ дээр хөндөгдөж, хэлэлцэгдэж буй асуудлуудаар ижил төстэй байр суурьтай байдаг. Эдийн засгийн хувьд бид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчтэй хөгжүүлэх, илүү их хөрөнгө оруулалт хийх, худалдаагаа өргөжүүлэн тэлэх боломж нь бол байна.

           Цаашид эдийн засгийн ямар салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжтой вэ? Тайланд Улс Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа гэж дуулсан.

          Монгол Улс бүхий л төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн нөөцтэй орон. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, үүнд нарны эрчим хүчний фермууд, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох нүүрсний уурхай зэрэг салбарын өндөр түвшний мэдлэг, мэргэжлийнхэн Тайландад бий, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг сонирхож буй бизнесүүд ч байна. Тэд Орос Улс, Хятад Улсын хөрөнгө оруулагчдын зэрэгцээ Монголд хөрөнгө оруулах боломжуудыг эрэлхийлсээр байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцлөө тохирч чадвал Тайландаас илүү их хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Өнөөгийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарт хэд хэдэн Тай компани ажиллаж байгаа. Бид энэ хамтын ажиллагаагаа илүү их тэлэх сонирхолтой байгаа.

          Эдийн засгийн өөр ямар салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой вэ? Жишээ нь, аялал жуулчлалын салбар байна?

          Бидний хувьд хамгийн сонирхол татаж буй салбар бол эрчим хүчний салбар. Мөн Монголын хүн ам цөөн учир өргөн хэрэглээний барааны худалдааг хөгжүүлэх боломжтой. Аялал жуулчлалын хувьд монголчууд илүү олноороо айлчлаасай гэж хүсч байна. Соёлын мөн адал явдалт, спортын аялал жуулчлалыг сонирхсон тайчууд Монголыг зорьж ирнэ. Гэхдээ аялал жуулчлалын байгууламжууд байгаа эсэхтэй холбоотой асуудал. Мөн Монголын аялал жуулчлалын салбарыг тайчуудад таниулах, танилцуулах их чухал, тайчуудын Монголын тухай мэдлэгийг сайжруулах хэрэгтэй.

          Тэгэхээр илүү олон бизнес уулзалт, мэдээлэл солилцох болмжуудыг хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ? Та бүгд ийм уулзалтуудыг хийдэг үү?

          Тиймээ, сайн таниулан сурталчлах, промошн хийх хэрэгтэй. 50 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хэд хэдэн үйл ажиллагаа төлөвлөгдөж байгаа. Тайландад суугаа Монгол Улсын Элчин сайд мөн л надтай адил манай хоёр орны хооронд худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Тайланд дахь ЭСЯ нь Монголыг Тайландад танилцуулах үүрэг хүлээдэг.

          Бурхны шашинтай улс орнуудын хувьд хоёр орны соёл, шашны хамтын ажиллагаа хэрхэн өрнөж байна вэ?

        Монголчууд Их хөлгийн шашинтнууд, бид Теравада шашны дэг жаягийг дагадаг. Гэхдээ энэ бүгд Бурхан багшийн л айлдсан ном сургааль юм.  Монголд буддизмын Теравада урсгалын сүм хийд байдаг гэж дуулсан. Соёл урлагийн хувьд Монголчуудад Тай соёл их таалагддаг гэдгийг энэ өдөрлөгөөс харлаа. Монголд Тай бокс их дэлгэрч байгаа юм билээ. Муай Тай клуб ч нээгдсэн юм билээ.

 

         

         

         

         

Үзсэн: 2566

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна