Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Тайландын вант улсын соёлын өдөрлөг Монголд” боллоо


Densmaa 2024-09-16 02:09

Хоёр улс хоорондын найрсаг харилцаа нь хоёр орны иргэд бие биенийхээ өв уламжлал, түүх, соёл, урлаг, нийгэмтэй илүү дотно танилцахаас эхэлдэг

         Жил бүрийн намрын налгар цагт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо өргөн дэлгэр зохион байгулагддаг Тайланд Улсыг таниулан сурталчлах урлаг, соёлын өдөрлөг энэ жил гадаад, дотоодын зочид, хүүхэд багачууд, урлаг, спортынхон, Тайландын соёлыг сонирхсон иргэд олноор оролцсон, хөл хөдөлгөөн, баяр хөөр дүүрэн өрнөлөө. Энэ жилийн өдөрлөгөөр Монгол Улс, Тайланд Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээг эхлүүлсэн юм. Өдөрлөг Тайландаас ирсэн бүжигчдийн усны урсгал мэт ардын бүжгээр  эхлэн, Монголд дэлгэрч буй Муай Тай буюу Тай боксын Монгол, Тайланд улсын тамирчдын ур чадварыг гайхуулсан үзүүлбэрээр үргэлжилсэн юм.

Арван жилийн өмнө Монголд үндэс сууриа тавьсан Муай Тай Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Холбооны дэргэдэх Клубын багш Б.Гантогтох Тай боксоор хичээллээд 16 жил болж байгаа юм. Тэрээр хэлэхдээ "Манай Клуб наймаас 40 насны 50 гаруй тамирчинтай. Энэ спортоор хичээллэхийн ач холбогдол их. Нэгдүгээрт, бие бялдрын хөгжил сайжирна, бие хамгаалах урлагт суралцана. Хоёрдугаарт, Муай Тай нь уламжлалт спорт учир бусдыг хүндэтгэхээс эхлээд хувь хүний хөгжил, хувийн зохион байгуулалт, амьдралын зөв хэмнэлд суралцахад ихээхэн нөлөөтэй. Товчоор хэлбэл, энэ спортын гол философи болох өөрийгөө ялан дийлэхэд суралцдаг" гэсэн юм. Тайландын өдөрлөгөөр Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд зассан 40 асарт Тайландад үйлдвэрлэсэн торго дурдан, бөс бараа, төрөл бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн, хатаасан жимс, Тай иргэдийн хийсэн амттай хоол хүнсний худалдаа гарч, бизнес эрхлэгчид хоорондоо танилцаж, худалдаа наймааны хамтын ажиллагаагаа ч хэлэлцэж байлаа.

     Үдийн цайны үеэр Тайланд хоолны асарт олон хүн дараалжээ. Дараалалд зогсож байсан Д.Намуун охин, "Би Тайланд улсад нэг удаа очиж байсан, үнэхээр их таалагдсан. Бас тэнд байхдаа “стики манго райс”-д их дуртай болсон. Тайландын өдөрлөг болно гэж дуулмагцаа нөгөө амттангаа олж авна даа гээд ирсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. "Монголчууд Тайландын будаа, цуу зэрэг хүсний бүтээгдэхүүнийг сайн мэддэг. Хэдийгээр манай хоёр улс газар зүйн хувьд зайтай оршдог ч логистик, тээврийг дараагийн түвшинд гарган хөгжүүлбэл, мөн манай хоёр улсын хооронд зөвхөн өвлийн чартер нислэг гэлтгүй жилийн турш хийх агаарын нислэгийн тоог нэмэн, тогтмолжуулахад бусад бараа бүтээгдэхүүний худалдаа идэвхжиж иргэд хоорондын солилцоо сайжрах бүрэн боломжтой гэлээ. Монголчууд Тайландад өвлийн цагаар их ирж амардаг. Мөн Тайландчууд ч Монголд айлчлах аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой" хэмээн Элчин сайд Чатчай Вириявежакул хэлж байсан юм. Тайландыг аялал жуулчлалын орон гэдэг. Үүнийхээ дагуу өдөрлөгийн үеэр сугалаа гаргаж, сугалааны азтнуудыг Тайланд улсын Пукет хотод хосоороо аялан, долоо хоногийн турш амрах эрхийн бичгээр шагнасан юм. Тайландын Вант Улсын Монгол дахь Өргөмжит Консулын газрын ажилтан Л. Тунгалаг "Монгол Улс, Тайланд Улсын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжиж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавартай тэмцэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Тайландын сэргээгдэх эрчим хүчний компани Монгол Улсад төсөл эхлүүлж байгаа. Энэ төсөл нь нарнаас эх үүсвэрээ аван 109 мега Ватт эрчим хүчийг үйлдвэрлэн Монгол Улсад нийлүүлэх юм. Өнөөдрийн өдөрлөг дээр Тайланд улсын гоо сайхны бүтээгдэхүүн, хүнс үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл ирсэн. Тэд маань Монгол компаниудтай гэрээ хэлцэл хийхээр ирээд байна" гэсэн юм. Бид өдөрлөгийн үеэр Тайландын Вант Улсын Элчин сайд Чатчай Вириявежакултай Монгол улс Тайланд улсын харилцаа хамтын ажиллагааны талаар асууж тодруулсан юм.

Тэрээр хэлэхдээ, "Юуны өмнө Тайланд Монголын дипломат харилцааны 50 жилийн ойн тэмдэглэлт үйл явдал болж байгаад баяртай байна Монгол, Тайланд хоёр найрсаг харилцаатай улс орон. Бидний харилцанд саад болсон зүйл, үйл ойлголцох асуудал үгүй. Гагцхүү бид хөрш улсууд биш, газар зүйн байршлаасаа болоод хоорондоо нэлээд зайтай оршдог учир бидний хамтын ажиллагаа ч өндрөө авч чадаагүй, идэвхтэй биш байна. Гэхдээ өнгөрсөн 50 жилийг дүгнээд хэлэхэд бидний хамтын ажиллагаа бага багаар өсөн тэлсээр байгаа. 

      Улс төр, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын гишүүн улс орнуудын хувьд манай хоёр улс сайн харилцаатай. Бид ижил үнэт зүйлстэй, НҮБ-ын дүрмийг хүндэтгэж, НҮБ дээр хөндөгдөж, хэлэлцэгдэж буй асуудлуудаар ижил төстэй байр суурьтай байдаг. Эдийн засгийн хувьд бид харилцаа, хамтын ажиллагаагаа илүү эрчтэй хөгжүүлэх, илүү их хөрөнгө оруулалт хийх, худалдаагаа өргөжүүлэн тэлэх боломж байна.

            Монгол Улс бүхий л төрлийн эрчим хүчний эх үүсвэрийн нөөцтэй орон. Тиймээс сэргээгдэх эрчим хүч, үүнд нарны эрчим хүчний фермууд, эрчим хүчний уламжлалт эх үүсвэр болох нүүрсний уурхай зэрэг салбарын өндөр түвшний мэдлэг, мэргэжлийнхэн Тайландад бий, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг сонирхож буй бизнесүүд ч байна. Тэд Орос Улс, Хятад Улсын хөрөнгө оруулагчдын зэрэгцээ Монголд хөрөнгө оруулах боломжуудыг эрэлхийлсээр байгаа. Хөрөнгө оруулалтын нөхцлөө тохирч чадвал Тайландаас илүү их хөрөнгө оруулалт татах бүрэн боломжтой. Өнөөгийн байдлаар Монгол Улсын эрчим хүчний салбарт хэд хэдэн Тайландын компаниуд ажиллаж байгаа. Бид энэ хамтын ажиллагаагаа илүү их тэлэх сонирхолтой байна" гэлээ.

        Монгол-Тайландын орчин үеийн харилцаа хагас зуун жилийн нүүр үзэж байгаа боловч үүнээс ч өмнө Монголчууд Тайчуудтай харилцаж байсан түүхтэй. Тухайлбал, тайчуудын үүсгэн байгуулсан Аюуттаяагийн вант улс 13-14 дүгээр зуунд Монголын Их Юань эзэнт гүрэнтэй элч солилцон харилцаж байжээ. Харин 2 орны орчин цагийн харилцаа 1974 оны 3-р сарын 5-нд дипломат харилцаа анх тогтоосноор эхэлжээ. Манай улс ЭСЯ-аа Бангкокт 2000 оны 2 дугаар сард нээсэн бол Тайландын тал манай улсыг Бээжин дэх ЭСЯ-наасаа хавсран үйл ажиллагаа явуулдаг.

      Хоёр орны Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанаас дурдвал,  Тайландын “Бумрунград” олон улсын эмнэлэг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2014 онд 62,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тус эмнэлгийн удирдлага, зохион байгуулалтын менежментийг шинэчлэх,  үйлчилгээг олон улсын стандартад хүргэх, эмнэлгийн орчин үеийн техник, технологи нийлүүлэх, эмч мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагааг эхлүүлжээ. Мөн 2016 онд “Бумрунград” олон улсын эмнэлэг Монголд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.

      Мөн хоёр талын өндөр, дээд түвшний харилцааны давтамж нэмэгдсэнээс гадна парламент, нийслэл хотуудын түвшинд идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2017 онд Улаанбаатар, Бангкок хотуудын хооронд ах дүү хотуудын харилцаа тогтоож, хоёр улсын нийслэл хооронд манай үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани чартерийн нислэг үйлдэж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн харилцаанд таатайгаар нөлөөлөх болсон юм.

      Монгол Улс Тайландад молибдений хүдэр, жонш, тээврийн хэрэгслийн зарим эд анги экспортолж, Тайландаас элсэн чихэр, цагаан будаа, цаас болон картон, хөнгөн тэрэг, ачааны тэрэг зэргийг импортолдог байна.

     Монгол улс, Тайланд улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монгол орныг Тайландын иргэдэд сурталчлан таниулах, жуулчдыг татахад чиглэсэн аялал жуулчлалын өдөрлөг, арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулахаас эхлээд хэд хэдэн цуврал арга хэмжээ зохиохоор 2 тал төлөвлөн ажиллаж байна. Хоёр улс хоорондын найрсаг харилцаа нь хоёр орны иргэд бие биенийхээ өв уламжлал, түүх, соёл, урлаг, нийгэмтэй илүү дотно танилцахаас эхэлдэг. Хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэхэд Тайланд улсыг таниулан сурталчлах урлаг, соёлын энэхүү арга хэмжээ нь чухал ач холбогдолтой хэмээн өдөрлөгийн зохион байгуулагчид хэлж байсан юм.

Үзсэн: 4507

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна