“Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулна
Цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан юм
БНХАУ, Монгол улс, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны замын нэг “Цайны их зам” нь олон улс орны янз бүрийн соёлыг холбож, зам дагуух газар орон бүрт өвөрмөц түүх, соёлыг бий болгосон “Торгоны их замын” дараах чухал зам юм. Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол улсад анх удаа зохион байгууллаа. Хятадын Фүжянь мужийн Ү’й уулсаас эхлэн Өвөр Монголын есөн муж, Монгол орны уудам говь тал Их Хүрээ, Оросын Санкт-Петербург хот хүртэл замнадаг цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан юм.
Үзсэн: 4876
Tweet