Монголын Үндэсний Олон Нийтийн Радио 90 жилийн ойтойгоо золгож байна
Монголын радио өнөөдөр өдөр бүр 06.00-23.00 цагийн хооронд орон даяар нэвтрүүлгээ түгээж, хилийн чанадад таван хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна
“Анхаараарай. Радио хорооноос ярьж байна” хэмээн анх сонсогчидтойгоо мэндчилж байсан Монголын Үндэсний Олон Нийтийн Радио 90 жилийн ойтойгоо золгож байна. Монголчууд 1930-аад оны эхэн үеэс радиотой танилцсан түүхтэй. 1930 онд “Агаарын мэдээ байгуулах явдал болбоос маш чухал бөгөөд даруй гүйцэтгэвээс зохих ажил мөн” хэмээж байсан нь түүхийн хуудаснаа үлджээ. 1931 оны тавдугаар сарын нэгний Майн баяраар тухайн үед Засгийн газрын барилга, Ардын цэнгэлдэх хүрээлэн, Ленин клубийн үүд зэрэг газарт цагаан хоолой зоон, оройн 19 цагаас монгол, орос, хятад хэлээр дуу хөгжим, илтгэлүүд нэвтрүүлж байсан аж. Улмаар 1934 оны есдүгээр сарын 1-нээс радио өргөн нэвтрүүлгийг албан ёсоор эхлүүлж, өдрийн 11 цагт Ерөнхий сайд П.Гэндэн тэргүүтэй албаны хүмүүс радиогоор мэндчилгээ дэвшүүлж байжээ. Монголын радио өнөөдөр өдөр бүр 06.00-23.00 цагийн хооронд орон даяар нэвтрүүлгээ түгээдэг. Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийг дамжуулж буй нэгдүгээр суваг болон хилийн чанадад таван хэлээр нэвтрүүлэг бэлтгэн дамжуулж байна. Монголын дуу хоолой радио, мөн залуу сонсогчдод зориулсан Р3 суваг зэрэг нийт 3 долгионоор нэвтрүүлгээ цацаж, 100 гаруй уран бүтээлч, сэтгүүлч редактор, инженер техникийн ажилтан ажиллаж байна.
Үзсэн: 2195
Tweet