Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо Олон Улсын Буддын II хурал боллоо


Densmaa 2024-08-28 04:08

Олон улсын Буддын II форум “Уламжлалт буддизм, өнөө цагийн сорилтууд” сэдвийн хүрээнд болж, дэлхийн 15 орны төлөөлөл оролцлоо.

    “Уламжлалт буддизм, өнөө цагийн сорилтууд” Олон улсын Буддын II форум ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо энэ 8-р сарын 12-15–ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Олон улсын Буддын форумд Хятад, Энэтхэг, Вьетнам, Мьянмар, Бразил, Балба, Бангладеш, Тайланд, Шри-Ланка, Бутан, Лаос, Камбож, Япон, Беларусь, Монгол, ОХУ зэрэг дэлхийн 15 орны төлөөлөл оролцож, Буддын шашинтай орнуудын хувьд уламжлалт Буддизм хийгээд түүнд тохиолдож байгаа тулгамдсан асуудлуудаараа илтгэл тавьж хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Буддын форумын Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд лам хуваргуудаас гадна их дээд сургуулиудын багш, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид, сэтгүүлчид байлаа.

Мөн тус форумд Оросын Москва, Санкт-Петербург, Буриад, Тува, Халимаг болон Алс дорнодын шинжлэх ухааны төвүүдийн судлаачид, нэртэй эрдэмтэд оролцож сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм. 

Форумд оролцогчид Буддын боловсрол, их дээд сургуулиудын олон улсын хамтын ажиллагааны хөгжил, залуусын хүмүүжил, аюулгүй байдал, Буддын болон төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, уламжлалт Буддизмын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг өргөн хүрээтэй авч хэлэлцлээ. Хуралд оролцогчид дэлхий дахины амар амгалангийн төлөө ном уншиж залбирал үйлдсэнээр Буддын II форумыг нээсэн юм. Нээлтийн ажиллагааны үеэр бид БНБУ-ын тэргүүн Цыденов Алексей Самбуевич-аас форумын талаар асууж сонирхсон юм.

Цыденов Алексей Самбуевич: Энэ жил Буриад улсад Олон улсын Буддийн шашны II форум болж 15 орны төлөөлөгчид оролцож байна. Өнөөдөр орчин үеийн буддизм дэлхий олон улс орны ард түмний амьдралд төдийгүй улс орны хөгжилд нөлөөлж байна. Дэлхийн хүн амын бараг тэн хагас нь Буддийн шашин шүтэж байна. Энэ ч утгаараа дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн талд хүрч байна. Буддизмын сургаал бол энх тайвны сургаал. Иймд ирээдүйд улс орнууд энх тайван оршин тогтнох гол үндсүүдийн нэг нь буддизмын сургаал байж болох юм.

      Олон орны эрдэмтэд, лам хуваргууд оролцсон Буддын форум: Буддийн боловсрол, Буддизм ба Ухамсар, Дорнын уламжлалт эмнэн засах ухаан өнөөгийн амьдралд, Буддикм ба Экологи, Аялал жуулчлалын хөгжилд Буддийн шашны соёлын үзүүлэх нөлөө, Буддийн шашны уламжлалын үнэ цэн, Дамбадаржаа Заяа бандид хамба ламын нэрэмжит хүрээлэнгийн 260 жилийн ойд зориулсан нийт 7 салбар хуралдаанаар хэлэлцүүлгээ өрнүүлсэн юм.

Үүгээр Бурхан шашны сургаал номлол шинжлэх ухаанд ойр болох нь, буддизм ба орчин үеийн нийгэм, буддизм ба дорно дахины анагаах ухааны уламжлал хийгээд өнөөгийн байдал, Буддын философи, Буддизмын сургаал номлол байгаль экологид эерэгээр нөлөөлөх нь зэрэг сонирхолтой 40 гаруй илтгэлийг авч хэлэлцлээ.

       Тус форумын үеэр Монгол улсаас Гандантэгчин хийд болон бусад хийдийн лам хуврагууд, ШУА-ийн судлаачид болон их дээд сургуулийн багш, эрдэмтэн мэргэд оролцож илтгэл хэлэлцүүлсэн юм. Бид ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал доктор Б.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа.

Б.Пүрэвсүрэн: Энэ удаагийн Буддизмын 2 дахь удаагийн форумд оролцож байна. Өмнө жил бас оролцож байсан. Энэ удаад Буддын соёл, түүний хүрээ хязгаарын тухай голлож ярьж байгаа. Учир нь юу вэ гэхээр, бид нар энэ буддизмын боловсролыг хэрхэн яаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр Монгол төдийгүй Монгол угсаатнууд хүртэл ярьж байна. Ялангуяа сүлжээ үүсгэж, их дээд сургуулиуд энэ чиглэлд анхаарч байгаа талаар энэ форум дээр онцгой их ярьж байна. Миний хувьд хэлэх гэсэн гол санаа бол Монгол орны маань хөгжил, буддын боловсрол, философи оюун санааны амьдралд ямар үүрэг оролцоотой байж болох вэ гэдэг талаар голлон ярьж байгаа. Бүр тодруулбал, манай урт хугацааны бодлогын бүр эхэнд нь байдаг Үндэсний нэгдсэн үнэт зүйлсийг бэхжүүлэх үйлсэд Буддизмын оролцоо юу байж болох вэ гэдэг талаар би нэлээн голлон анхаарч, ярьж байгаа. Яагаад гэвэл бид нар өөрсдийн соёл, угсаа, гарвалаараа ижил  байхын тулд ямар нэгэн тулгуур үнэт зүйлс байх хэрэгтэй. Үүнд буддын боловсрол, соёл оюун санааны их чухал үнэт хөрс суурь болж байгаа. Ингэснээрээ бид нар дэлхий даяар Монгол гэсэн өөрийн соёл, хүрээ хязгаар дор нэгдмэл байх хөрс суурь нь бэхжинэ. Бүр цаашлах юм бол Монголын соёл иргэншил гэсэн ийм иж бүрэн тогтолцоо цаашид бүрэлдэж бий болж хөгжих ёстой гэж миний хувьд үзэж байна. Олон судлаачид энэ талаар ярьдаг. Өнгөрсөн хугацаанд бид нар ОХУ-ын ШУА-ийн зарим эрдэмтэдтэй хамтраад “Монголын соёл иргэншил” гэдэг номыг орчуулж гаргасан. Мөн зурагт альбомыг англи тайлбартайгаар гаргасан байгаа. Энэ бүхэн цаанаа юу хэлээд байна вэ гэхээр, энэ Буддизм гэдэг зүйл хэдийгээр Энэтхэг, Төвдөөр дамжин Монголд орж ирсэн ч гэсэн энд орж ирж нутагшаад хэдэн зуун жилийг өнгөрөөсөн, өөрийн гэсэн өнгө төрхөө бий болгосон тэр Монголын гол онцлог бол Очирт хөлгөний ёс, Важараяма гэдэг зүйл байгаа юм. Хэдийгээр өнөө цагт дэлхийн олон соёл иргэншил, олон соёлт байдлыг хэн ч үгүйсгэхгүй гэсэн голлох, зонхилох байр сууриа бид нар ямагт хадгалж явахад энэ оюун санааны өв уламжлал бол нэгэн гол тулгуур багана болно гэсэн санааг хэлж байгаа юм.

Асуулт: ШУА-ийн зүгээс Монголын Буддын шашны Олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч байна вэ?               

Хариулт: Энэ тал дээр онцгой анхаарч байна. Энэ онд гэхэд л ШУА-ийн тэр үеийн ерөнхийлөгч одоо бол УИХ-ын гишүүн болсон Д.Рэгдэл, мөн миний бие, манай хүрээлэн доторх Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа бид хэд Гандангийн шинэ удирдлагуудтай уулзаж, цаашид энэ тал дээр хамтран ажиллах чиглэлийг эхлүүлсэн байгаа. Зөвхөн МҮОНТ дээр гэхэд “Шинжлэх ухаан ба Буддизм” гэдэг нэвтрүүлгийг сар бүр нэг дугаар хийхээр болсон, Манай хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор М.Батаа хөтөлж явуулаад эхэлсэн байна. Цаашдаа жилдээ нэг удаа “Бурханы шашин ба Шинжлэх ухаан” гэсэн Олон улсын эрдэм шинжилгээний хурал хийнэ. Мөн манай хүрээлэн энэ 10 дугаар сард Монголд байгаа гадаадын маш олон бараг 10 улсын элчин сайдуудтай хамтраад шашны боловсрол, шашны диалоги харилцан ойлголцлын чиглэлээр анх удаа Олон улсын хурал хийхээр төлөвлөөд ажиллаж байна гэх мэт олон төлөвлөсөн ажил байна.   

     Форумын 7 салбар хуралдаанд дэлхийн олон орноос ирсэн эрдэмтэн судлаачид оролцож өөрсдийн судалгаа шинжилгээний ажлаа танилцуулж, Буддизмын хэтийн төлөв, тулгарч байгаа сорилт бэрхшээлүүдээ хэрхэн даван туулах тухай санал бодлоо солилцсон юм. Форумын үйл ажиллагаа орос, англи, хятад, монгол хэлээр синхрон орчуулгатай явагдсан юм. ОХУ-ын Буриад улсын засгийн газар, Буддын боловсрол судалгааг дэмжих сан, Дорж Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль, ОХУ-ын ШУА-ын Сибирь дахь салбарын Будда судлал, Монгол судлал, Төвд судлалын хүрээлэн, Оросын буддийн шашны төв зэрэг байгууллагууд олон улсын форумын үйл ажиллагааг өндөр хэмжээнд амжилттай зохион байгуулсан нь бүх зүйлээс харагдаж байлаа.

       Бид тус форумд оролцож байгаа МУИС-ын Философи, шашин судлалын тэнхимийн доктор, профессор С.Цэдэндамбатай уулзаж, хэлэлцүүлсэн илтгэлийнх нь талаар асууж сонирхсон юм.

С.Цэдэндамба: Эрдэм шинжилгээний хуралд төр шашны харилцаа, тэр дундаа Монгол дахь буддийн институт, төр хоёр хэрхэн, ямар харилцаатай явж ирсэн бэ гэдэг түүхэн сэдьээр илтгэл хэлэлцүүллээ. Орчин үеийн төр, шашны харилцааны үндэс нь эртний Энэтхэгийн Нагаржунайгийн “Хаанд илгээсэн захидал” гэдэг 2000 гаруй жилийн өмнөх зохиолоос эхтэй. Тэр нь Данжуур сударт ч бас орсон байдаг. Тэнд ярьсан үзэл санаануудын талаар би энд товч мэдээлэл өгсөн. Оролцогчид маш их сонирхон хүлээн авч байна. Ер нь нийгэм бол төрийн удирдлага, хуулийн засаглал байхын зэрэгцээ итгэл үнэмшил, оюун санааны нэгдсэн чиг баримжаатай байх ёстой гэсэн санааг Энэтхэгийн алдарт философич Нагаржунай тэр үед “Хаанд илгээсэн захидал” гэдэг зохолдоо бичиж байсныг би илтгэлдээ дурдсан. Энэ үзэл санааг Монголын эртний хаадууд хүлээж авсан байдгийн илрэл нь XIII зуунд төрийн удирдлагад “хос ёсны үзэл санаа” гэж гарч ирж байсан. Тэр үзэ санааны уламжлал өнөөгийн манай үндсэн хуульд төр, шашны харилцаанд уг нь бий. “Төр нь шашинд хүндэтгэлтэй хандана, шашин нь төрөө дээдэлнэ” гэсэн байдаг. Үүний цаана зөвхөн шашин яриад байгаа хэрэг биш, Буддикмын жинхэнэ иргэншсэн утгатай үзэл санааг төр дэмжих ёстой гэсэн агуулга заалт байдаг. Энэ талаар илтгэлдээ дурдаж, хэлэлцүүлээ.

       Форумын 2 дахь өдрийн үйл ажиллагаа Буриадын Иволгын дацанд болсон юм. Иволгын дацан буюу “Хамбын хүрээ” нь Дэлхийн Буддын соёлын төвүүдийн нэг байсан аж.

Итгэл хамба нь Буриадын Иволгын районы Оронгойн Өлзийн дов гэдэг газар 1852 онд төржээ. Багадаа эцэг эхээсээ өнчирсөн хүү баян айл бараадан 5 жил хонь хариулсан гэдэг. 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж, Чойрын болон Диваажин хэмээх 2 дугана бариулах ажлыг гардан хийжээ. 1913 оны 2-р сард Романовын угсааныхан Оросын төрийг барьсны 300 жилийн ойг Санкт Петербургт нижгэр тэмдэглэхэд гадаад дотоодын ихэс дээдсүүдийн дунд Буриадын Итгэл хамба нэр төртэйгөөр байлцсан гэдэг.

Бас нэг түүх гэвэл, Дэлхийн 1-р дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахих байв. Гэтэл хамба ихэд хилэгнэж, “Ямар хатуу хад уул гээчив. 108 амь тасалж тархи идэх хэрэгтэй бол миний тархийг ид”  хэмээн хашгирч байсан гэдэг. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөж тахьдаг болсон түүхтэй гэнэ.

       Ташрамд дурдахад ОХУ-ын засгийн газар Бурхны шашинтай буриад, тува, халимагийн ард түмнийхээ итгэл бишрэлийг хүндэтгэн үзэж, хийд орныг сэргээх хийгээд Буддизмын судалгаа шинжилгээний ажилд тусгай сангийн оролцоотойгоор тусламж дэмжлэг үзүүлдэг юм байна.

Энэ нь Улаан-Үд дахь Иволгын дацан хийдийг сэргээн засах үйл ажиллагаа эрчимтэй явагдаж байгаагаас илт харагдаж байлаа. Түүний хамт Буриадын ард түмэн маш итгэл бишрэлтэйгээр хурал номын үйл ажллагаанд оролцдог юм байна. Манай мөргөлчин олон ч өөрийн унаа хөсөгтэйгөө Итгэл хамбад мөргөхөөр олноороо ирсэн байлаа.

Бид тус хурлыг зохион байгуулагчдын нэг Буриадын Буддийн их сургуулийн ректор Дымбрыл Дашибалдановтой уулзсан юм.

Дымбрыл Дашибалданов: Манай ОХУ-д Буриад, Тува, Халимаг, Өвөр Байгалийн хязгаар, Хянган, Хакаси, Алтайн хязгаар зэрэг аймагт буддийн шашин шүтэж байна. Ихэвчлэн нутгийн уугуул иргэд бурханы шашнаа түлхүү шүтэж байна. Орчин үед Москва, Санктпетербург хотуудад бурхны шашин нэлээд дэлгэрч Европын олон хүн сонирхож байна. 

     Форумын 2 дахь өдөр Буриадын Иволгын дацанд Олон улсын Буддын II форумын төлөөлөгчид мөнхийн бясалгалд заларсан Итгэл хамбад бараалхаж хүндэтгэл үзүүллээ. Аграмба хүний ёсоор бясалгалд сууж, бүдүүвч биеийн хуурцгаа орхин, машид нарийн хий сэтгэлийн биеэ дээд тэнгэрийн орноо одуулсан Итгэл хамба нь, буддын мэдлэг ухааны үүднээс авч үзвэл, хүмүүн оюун ухаанаа хэр өндөрлөгт гаргаж чадсаны бодит баримт гэж эрдэмтэн судлаачид үздэг юм байна. Иволгын дацанд болсон салбар хуралдааны үеэр бид Хонг Конгийн их сургуулийн Буддийн шашин судлалын төвийн үүсгэн байгуулагч Хинг Хунг-тай уулзаж ярилцсан юм.

     Хинг Хунг: Би Их хөлгөний уламжлалын лам хүн. Би анх удаа Орос улсад, Буриадад ирж байна. Энэ удаагийн форумыг тус улсын засгийн газраас ихэд хүндэтгэн, өргөн хүрээнд зохион байгуулж байгаа нь надад өнөдөр сэтгэгэдэл төрүүллээ. Энэ удаагийн форумд олон орны маш олон төлөөлөгч оролцож байна. Засгийн газраас нь ингэж их анхаарч байгаа нь буддийн шашныг хэр их дэмжиж байгаагийн илэрхийлэл гэж харж байна. Би тус форумын салбар хуралдаанаар 2 илтгэл хэлэлцүүлсэн. Нэг нь “Буддизм ба ухамсар” гэсэн сэдвээр илтгэл тавьсан. Энэ илтгэлдээ “Ум ма ни ба мэ хум” тарнийн ач холбогдол, тарнийг уншихын үр дүн, сайн талын тухай ярьсан. Мөн “Буддизм ба боловсрол” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгийн үеэр Буриадын их дээд сургууль, ахлах сургуульд буддийн сураалыг сургалтын хөтөлбөрт хэрхэн оруулж, зааж байгаа туршлагаас сонслоо. Буддийн их сургуульд сүүлийн 20 гаруй жил буддийн сургаалыг орчин үед нийцүүлэн, сургалтын хөтөлбөр болгон боловсруулж, оюутан залууст зааж байгаа тухай сонсоход таатай байлаа. Засгийн газраас нь ийнхүү буддийн сургаалыг боловсролын хөтөлбөрт оруулж байгааг дэмжиж байгаа нь экологийн хувьд маш их ач холбогдолтойн дээр ирээдүйд илүү хүмүүнлэг нийгмийг бий болгоход тус дэмээ үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь буддийн сургаал нь энэрэн нигүүлсэх, энх тайвны тухай сургадаг учир даян дэлхийд дайнгүй, энх тайвныг тогтооход тус дэмээ үзүүлнэ гэж итгэж байна. Хонг Конгийн тухайд бид Хонгийн их сургуульд Буддийн шашин судлалын төвийг анх 2002 онд байгуулсан. Тухайн үедээ жижигхэн төв байсан бол одоо Азидаа томд тооцогдох Буддийн шашин судлалын төв болон өргөжөөд байна. Манай сургууль Буддийн шашин судлалаар магистр, докторын хөтөлбөрүүд явуулж байна. Мөн дунд болон ахлах сургуулийнханд зориулсан олон хөтөлбөр, материал зэргийг бэлтгэж гаргадаг. Манай сургуульд дотоодын болон гадаадын олон лам хуврага, судлаачид суралцаж байна.

        Одоо та бүхэнд тус форумын анагаах ухааны салбар хуралдаанд оролцож байгаа ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, Оросын уламжлалт анагаах ухааны төвийн хяналтын зөвлөлийн дарга Иринчей Матахановын яриаг хүргэе.

Иринчей Матаханов: Би өмнө нь төрийн Думын гишүүн байхдаа анх удаа төрийн Думд уламажлалт анагаах ухааны асуудлыг гаргаж ирж, дугуй ширээний уулзалт зохион байгуулж байсан. Гол асуудал юунд байна вэ гэвэл манай улсад зөвхөн орчин үеийн анагаах ухааныг л хүлээн зөвшөөрдөг. Харин Монголд орчин үеийн анагаах ухааныг, уламжлалт анагаах ухаантай хослуулан хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд Орост уламжлалт анагаах ухааны зарим нэг хэсгүүд нэвтэрч эхлээд байна. Ялангуяа гэмтлийн дараах болон харвалтын дараах сэргээн засах эмчилгээнд уламжлалт анагаах ухааныг ашиглах болсон. Энэ талаараа Монголын мэргэжил нэгт эмч нартай жил бүр Байгаль нуурын эрэгт санал солилцож, туршлага хуваалцдаг.

     Хэдийгээр дайн дажинтай байгаа ч гэсэн манай хойд хөршийн ард түмэн амар амгалан ажил амьдралаа үргэлжлүүлж байгаа нь Улан-Үдийн гудамж талбай, хашаандаа мод ургамал тарьсан цэвэр цэмцгэр, дэг журамтай буриад, орос айл өрхийн амьдралаас тод харагдаж байлаа. Сибирийн их ой тайга, хөвч хангай, цэвэр цэнгэг уст Байгаль нуурын дөлгөөн мандал, Итгэл хамбын Иволгын дацан хүн зоныхоо амар амгалан амьдралыг бэлэгдэн мөнхөд орших буй заа.

Үзсэн: 2719

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна