Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ
Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Парис-2024” Паралимпын зуны XVII наадамд оролцох тамирчидтай уулзаж, хүндэтгэл үзүүллээ. Сайд Л.Энх-Амгалан тамирчдадаа амжилт хүсэж, цаашид бэлтгэл сургуулилалт хийх талбайг тохижуулж, нийгмийн асуудлыг бодитоор шийдвэрлэн, тэргэнцэр, протез, ортопед зэрэг техник хэрэгслийг орчин үеийн шаардлагад нийцүүлэхэд анхаарал хандуулж, бодлогоор дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Монголын Үндэсний Паралимпын хороо нь 22 салбар, орон нутагт 21 зөвлөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж, 16 төрлөөр нийт 4500 гаруй хүүхэд, залуучууд, тамирчид хичээллэдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортоор хичээллэх бүхий л нөөц бололцоогоор хангах үүднээс БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг барихаар ажиллаж байна. Энэ удаагийн наадамд манай улсын 12 тамирчин байт харваа, жүдо, таеквондо, пауэрлифтинг, хөнгөн атлетик, усанд сэлэлт гэсэн зургаан төрлөөр оролцоно. 1988 оны Сөүлийн олимпоос эхэлсэн Паралимпын наадамд Монгол Улсын пара спортын тамирчид 2000 оны зуны олимпоос эхлэн оролцож, хоёр алт, гурван хүрэл медаль хүртээд байна.
Үзсэн: 930
Tweet