Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг хүлээн авч уулзав
Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүнийг томилолтын хугацаа нь дуусаж, эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж, 2023 онд хоёр улсын Ерөнхийлөгч нар харилцан төрийн түүхэн айлчлалууд хэрэгжүүлснийг онцоллоо. Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд үр дүнтэй урагшилж байгааг сайшааж, Элчин сайд Себастиен Сүрүний оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Себастиен Сүрүн өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Монгол Улсын төр, засаг, найрсаг ард түмэнд талархал илэрхийлээд, хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон төсөл, хөтөлбөрүүд, харилцаа, хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бүх салбарт гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан Элчин сайдын үнэтэй хувь нэмэр, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж, “Найрамдал” медалиар шагнажээ.
Үзсэн: 848
Tweet