Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Монголын эдийн засгийн чуулган” 14 дэх жилдээ боллоо


Densmaa 2024-07-22 02:07

“Go Mongolia” уриан дор боллоо. Хуралдаанаар ногоон эрчим хүч, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

     “Монголын эдийн засгийн чуулган” 14 дэх жилдээ “Go Mongolia” уриан дор Төрийн ордонд боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжил” сэдвээр эхлэж, ногоон эрчим хүч, хөрөнгийн зах зээл, цахим эдийн засаг, уул уурхай-хүнд үйлдвэрлэл, шинжлэх ухаан-технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдааныг нэгэн зэрэг зохион байгуулсан юм. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ удаагийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын төлөөлөл 2000 гаруй зочин, төлөөлөгч оролцжээ. Тус форумаар хэлэлцсэн асуудлын талаар Эдийн засгийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуягийн ийнхүү ярьж байна.

      Ч.Ганхуяг: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал гэж бид 20 гаруй жил ярьсан. Сая УИХ-аар Хөгжлийн хөтөлбөрөө баталсан. Хөгжлийн хөтөлбөрөө бүсчилсэн байдлаар явуулна гэж зорьж байгаа. Нэгдүгээрт, Бүсчилсэн хөгжлийн шинэ эрх зүйн орчин бүрэлдсэн. Монголын эдийн засгийн энэ жилийн форумаар бүсчилсэн хөгжлөө ярьж байна. Бүсчилсэн хөгжилд шаардлагатай байгаа эрчим хүчний асуудал. Мөн энэ бүсээ төрөлжүүлээд аялал жуулчлал нь хаанаа байх юм, хүнд үйлдвэрлэлээ хаана хөгжүүлэх юм. Мал аж ахуйгаа эрчимжсэн байдлаар хаана яаж хөгжүүлэх юм гэх зэрэг асуудлыг ярих зайлшгүй шаардлага гарч ирж байна. Тэгэхээр форумаас гарч ирсэн зөвшилцлийн дагуу дараа жилийн үндсэн чиглэл улсын төсөв, энэ засгийн газрын 4 жил хийх ажлын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад бид хөрс суурийг нь маш сайн гаргаж ирэх ийм боломжийг эдийн засгийн форум олгож байна. Монгол улсаа, хөдөө орон нутгаа, газар нутгаа эзэнтэй байлгах талаар хэлцүүлгүүд өрнөлөө. Төсвийн бодлого, татварын бодлого бүс нутгуудад ялгавартай яаж байж болох юм. Тэрнийгээ дагаад жишээ нь, хөдөө орон нутагт багшилж байгаа багшийн цалин аймгийн төв дээр байгаа багшийн цалин яаж ялгавартай байж байж бид сумуудаа эзэнтэй байлгах юм. Малчид өнөөдөр шинэ хоршоо гээд байгаа зүйлийг зүгээр мөнгө, зээл авах байдлаар биш өнөөдөр ХАА эрхэлж байгаа энэ байдлаа бизнес гэж хараад зүгээр нэг амьдралын хэв маяг гэдгээсээ салаад, өнөөдөр мал хариулна гэдэг нь зүгээр нэг уламжлаад ирчихсэн амьдралын хэв маяг, соёл гэдэг байдлааасаа салаад, үүнийгээ бизнес гэж харах ухамсрын өөрчлөлтийг бид зайлшгүй авчрах ёстой байна гээд засаг төр маань сэдээд ажиллаад байна. Тэр талаар нэлээн дэлгэрүүлж форумаар хэлэлцэж байна. Мэдээж хэрэг, Монгол улс 2 хөршөөсөө зах зээлийнхээ хувьд  хамааралтай байгаад байдаг. Тэгвэл экспортын түнш улсуудынхаа тоог яаж нэмэгдүүлэх юм. Иран луу халал махаа гаргах юм уу, эсвэл Узбекээс очоод жимсээ оруулж ирэх юмуу, алтаа Швейцарьт өгдөг байсан бол АНУ руу, Япон руу зардаг болох юм уу, Японы зах зээл рүү зөвхөн Тяньжинээр биш Даляний боомтоор холбогдох боломж байдаг юм уу. Дотоодын дамжин өнгөрүүлэх худалдааны асуулыг яаж шийдэх юм. Үүнд шинэ технологи ямар боломж олгох юм. Аялал жуулчлалын хувьд гэхэд зөвхөн ариун дагшин байгалиа үзүүлдэг байсан бол хотруу чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг яаж бий болгох юм. Бид форумаар эрсдэлийг хэрхэн даван туулах вэ, хөрөнгийн зах зээлээ яаж хөгжүүлэх үү, банкны 100 жилийн ой тохиож байгаа, ойгоо тэмдэглэж байгаа банкны салбарын реформ бүрэн дүүрэн гүйцэт утгаараа явагдаж чадаж байна уу гэсэн ийм хэлэлцүүлгүүд хийлээ. Ер нь тусгаар улсаа статусаа урт удаан хугацаанд баталгаажуулж хадгалахын тулд эдийн засгийн хувьд бид маш хүчтэй байх ёстой. Ер нь Монголын эдийн засгийн форум бол өөрөө хэлэлцүүлгийн, мэтгэлцээний хамгийн том платформ байгаа. Нэг дээвэр дор баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид, улс төрчид 2 өдрийн турш суугаад Монголын өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг ярилцах ийм боломжийг гаргаж өгдөг ийм платформ байгаа юм. Надаас хүмүүс форумын үр дүнгийн талаар асуугаад байдаг. Форумын үр дүн олон жил болж байж гардаг юм байна. 

       Монголын эдийн засгийн форумаар жил бүр эдийн засагт онцлох нөлөөтэй салбаруудын тулгамдсан асуудлыг хөндөж, гарц шийдэл хайж хэлэлцүүлэг өрнүүлж байсан юм. Тухайлбал, Санхүү хөрөнгийн зах зээлийг 2013 оноос бусад жилүүдэд нь онцолж салбар хуралдаан зохион байгуулсныг Монголын эдийн засгийн форумын түүхээс харж болно. 2010 онд “Өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь”, 2011 онд “Өрсөлдөх чадварын хэмжүүр, кластер, инноваци”, 2015 онд “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил” гэсэн сэдвүүдийг онцолж байжээ.

Үр дүнд нь Монгол Улсын дэлхийд өрсөлдөх чадварын тайланг гаргадаг болсон билээ. Үүнээс гадна аймгуудын өрсөлдөх чадварын тайланг жил бүр гаргадаг болсон юм. Монголын эдийн засгийн форум 2015 онд “Маргаан таслах мэргэжлийн байгууллага ба бизнесийн харилцаа”, 2016 онд “Монгол Улсын хууль тогтоомжийг хөгжүүлэх нь” сэдвийг хөндсөний үр дүнд 2017 оны арванхоёрдугаар сард Арбитрийн тухай хууль батлагдаж байжээ. 

Эдийн засгийн форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг: 2010 онд бид Монголын эдийн засгийн чуулганы анхны форумыг зохион байгуулж байлаа. Тэр үед Монголын эдийн засаг өнөөгийхтэй харьцуулашгүй өөр нөхцөл байдалтай байсан. Гэхдээ 2008 оны дэлхийн эдийн засгийн санхүүгийн хямралыг амжилттайгаар даван туулаад өсөлт рүүгээ орчихсон. Тэгээд 2010 оны чуулганы дараа жил нь Монголын эдийн засаг 17.4 хувь буюу манай түүхэндээ хамгийн өндөр өсөлтийг гаргаж байсан. Энэ нь Форум чуулган зохион байгуулаад, ярилцаад ийм үр дүн гарлаа гэж хэлэхгүй ч гэсэн тодорхой хэмжээнд хүмүүст итгэл найдвар төрөх шийдэл гаргаад ирж байгаа нь цаашлаад гадны том хөрөнгө оруулагчид орж ирээд Монголд бизнес хийж болох юм байна, Төр засаг нь ийм нээлттэй байдаг юм байна. Хятад Орос гэсэн хоёр том гүрний дунд орших Монгол улсын эдийн засгийн бодлого нь өөр мэдрэмжийг бидэнд өглөө гэдэг нөлөө нь тодорхой хэмжээнд энэ өсөлтөд нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Ер нь бол 2009, 2010 онд форум эхэлж байх үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай ижил нөхцөл байдал Монголд бий болчихлоо. Юу гэсэн үг вэ гэхээр, ковидын дараах, Орос Украиний дайны нийлүүлэлтийн гинжин хэлхээ нь бүрэн загварчилагдаад гарч ирсэн энэ үед эдийн засгаа өсгөөд авлаа, өрөө тогтворжуулаад авлаа, гадаад валютийн нөөц маань түүхэн дээд хэмжээндээ байна. Экспортын хэмжээ түүхэн дээд хэмжээндээ байна. Үүнд мэдээж хэрэг алтны үнэ, зэсийн үнэ бидний талд байсан нь нөөлөлсөн. Тэгэхээр бид эдийн засгаа 7 хувь өсгөөд инфляцаа тогтворжуулаад системийн энэ бугшаад байсан авлигалын асуудлыг ил гаргаж ирж яриад, зөрчилтэй маргаантай байсан Хөгжлийн банкны асуудал, өмчийн маргаантай асуудлууд нэг талдаа шийдэгдэж эхэлж байна. Баялгийн сангийн хууль батлагдаад гараад ирлээ. Тэгэхээр Шинэ сэргэлтийн бодлого ид хэрэгжиж байгаа бөгөөд бодлогын хүрээнд 6 асуудлыг дэвшүүлээд шийдэхээр зорилт тавьсан. Үүн дээрээ нэмээд мега том төслүүдээ, эрчим хүний асуудлуудаа, эдийн засгийн дамжуулан өнгөрүүлэх чадварыг хойш нь татаж байгаа бүх зүйлүүд дээр дүгнэлт хийгээд асуудлуудыг шийдээд, зайлшгүй авах ёстой арга хэмжээнүүдийг аваад ажиллаж байх ёстой юм.

       2023 оны Эдийн засгийн форумаас энэ жилийн форумыг хүртэл Монгол Улсын эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж, ДНБ өнгөрсөн 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ өсчээ. Гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байгаа юм. Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч, Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн.

Дэвшилтэт бодлогын хүрээлэнгийн захирал Б.Дөлгөөн: Манай эдийн засгийн хувьд эдийн засгийн бодит өсөлт өндөр байгаа гэж хэлж болно. Энэ жилийн хүлээлт бол 6.5-7.5 хувийн хооронд өснө гээд Эдийн засгийн яам Сангийн яам, Дэлхийн банк гээд хэд хэдэн газрууд арай өөр тоонууд гаргаж байгаа. Үүний цаад өсөлт жишээ нь 2023 оны эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь уул уурхайтай шууд холбогдож байна. Өмнө нь 2022, 2021 он эсвэл ковидын өмнөх 2018, 2019 онд яагаад энэ хэмжээгээр уул уурхай нь эдийн засагт нөлөөлж чадаагүй юм бэ гэхээр 2018, 2019, 2020 онд ч тэр бид 40 сая тонн нүүрс гаргана гэж зорьсон. Гэвч тээвэр ложистик, боомтын асуудлаас үүдэлтэйгээр хамгийн дээд талдаа 36, 37 саяыг л гаргасан. Гэтэл 2023 онд ковидын дараагаар энэ хүндрэлийг даваад Боомтын сэргэлт, энэ Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлсний үндсэн дээр 69 тонн нүүрсийг гаргажээ. Энэ бол 2023 оны эдийн засгийн өсөлтөд маш том хүчин зүйл болсон гэж хэлж болно.

Нүүрсний тал дээр ярих юм бол манай Монгол улс руу орж ирж байгаа гадаад валютийн хэмжээ 2 зүйлээс шууд хамааралтай. Нэдүгээрт, нүүрсний үнэ гэж хэлж болно. Хоёрдугаарт хэмжээ. Тэгэхээр гаргаж байгаа нүүрснийхээ хэмжээг 100 сая тоннд хүргэнэ гэдэг ийм зорилт тавиад ажиллаж байна. Гол нь үнэ. Үнэ гэдгийг МУ-ын ЗГ аль эсвэл Монгол улс тэр чигээрээ хөдлөөд нүүрсний үнэд айхтар нөлөө үзүүлж чадахгүй. Тэгэхээр биднээс гол хамаарах голчлон хийх зүйл бол яах аргагүй хэмжээ болчихоод байгаа юм. Хэмжээн дээрээ анхаараад богино хугацаанд аль болох их хэмжээгээр гаргах тусам Монголд орж ирэх гадаад валют нэмэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй. 2024 оны хувьд бол ХАА салбар нэлээн хүндрэлтэй гарах төлөвтэй байна. Учир нь энэ өвлийн зуд олон аймгийг хамран өвлийн туршид хүндрэлтэй нөхцөл байдалтай байлаа. Энэ нь эргээд эдийн засгийн салбар, тэр дундаа ХАА-н салбарт томоохон сөрөг нөлөөг үзүүлж байна. Энэ сөрөг нөлөөг ХАА-н салбар даван туулахад зөвхөн энэ жил хангалтгүй гэж харж байна. 2023 онд бидний бас нэг хийсэн өнөөдөр ч амжилттай хэрэгжүүлээд явж байгаа нэг зүйл бол инфляц юм.  2022 оны 6 сард инфляц буюу үнийн өсөлт дээд цэгтээ буюу 16.8 хувьд хүрсэн байсан. Ингээд 2021-2023 оныг аваад үзэх юм бол 2,3 сар дараалаад бидний бодит орлого бодит зарлагынхаа доогуур орж ирсэн сөрөг, онцгүй дүр зураг харагдаж байгаа юм. Тэгээд эдийн засгийн мөнгөний хатуу бодлогыг бариад нэмээд инфляцийг бууруулах бодлогыг барьсны үр дүнд өнөөдөр инфляц нэг тоонд тэр дундаа Монгол банкны тавьсан зорилтот түвшин болох 6 дээр нэмэх хасах 2 гэсэн энэ түвшинд орж ирсэн.

     Дэлхийн банкнаас жил бүр гаргадаг улс орнуудын эдийн засгийн ангилалд Монгол улс дундаас дээш орлоготой орнуудын тоонд багтжээ. Учир нь, 2023 онд манай улсын ДНБ долоо, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 16 хувиар өсөж 4950 доллар болсон нь гол нөлөөг үзүүлж ангилал ахисан байна. Үндэсний нийт орлого гэдэг нь улс орнуудын ДНБ-ий гүйцэтгэл дээр гадаадад байгаа иргэд, ААН-ийн буюу гадаад эдийн засгаас олсон орлогыг нэмж, харьяат бус иргэд, байгууллагын орлогыг хасаж тооцохыг хэлдэг байна.

Дэлхийн банк энэ аргаар гишүүн 189 улсаасаа гадна нэмэлтээр 29 улсын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогыг тооцож өндөр, дундаас дээш, дундаас доош, бага гэсэн дөрвөн бүлэгт эрэмбэлдэг. Монгол улс 2015 оноос хойш дунджаас доош орлоготой улсын жагсаалтад багтаж ирсэн бөгөөд түүхэндээ нэг удаа буюу 2014 онд дунджаас дээш орлоготой улс болж байжээ. Монголын бизнесийн зөвлөлийн удирах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт  

Монголын бизнесийн зөвлөлийн удирах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт: Монгол улс зах зээлийн харилцаанд шилжээд 30 гаруй жил боллоо. Ер нь бол дундаж дундаас дээшээ орлоготой орнуудын тоонд орж байна гэдэг бол дундаж орлого нэмэгдэж байна гэсэн үг. Нөгөө талаар Дэлхийн банк, олон улсын Хөгжлийн банкуудын зээл тусламжийн нөхцлүүд нэлээн өөрчлөгдөх, ер нь бол өмнө нь урт хугацааны, хүү багатай зээлээр хөгжлийн санхжүүлтийн боломжууд байсан бол тэр боломжууд харьцангуй хязгаарлагдмал, цэвэр арилжааны нөхцлөөр зээлийн санхүүжилт олдох ч юм уу, нөгөөтэйгүүр томоохон төслүүдийг хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох тийм үр дагавартай гэж харж байна. Нөгөө талаасаа нэг хүнд ногдох ДНБ-ний орлого нэмэгдэнэ гэдэг нь тухайн улсын чадавхи нэмэгдэж байна гэсэн үг. Тэр нь уул уурхай, хөдөө аж ахуй, үйлчилгээ, санхүүгийн салбар гэдэг ч юм уу салбар бүрт харилцан адилгүй байна уу, тэгш байна уу гэдэг нь их чухал. Манайх шиг уул уурхай давамгайлсан оронд бол уул уурхайн салбарын орлого харьцангуй өндөр. Бусад төрийн үйлчилгээ, салбарын орлого харьцангуй доогуур байгаад байгаа. Энэ нь цаг хугацааны хувьд цаашдаа тэгширэх болов уу гэж харагдаж байна. 

    Гадаад худалдааны ашиг нь уул уурхайн экспортоос хамааралтай, хэрэглээний бараанд импорт зонхилсон Монгол Улсын хувьд экспортыг солонгоруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх гарцыг нээх, цаашлаад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт татах хэрэгцээ шаардлага үүсээд байна. Энэ хүрээнд Эдийн засаг, хөгжлийн яамнаас ОХУ-ын зах зээлд ХАА-н гаралтай 375 төрлийн барааг гаалийн татваргүй экспортлох боломжийг бүрдүүлэх Чөлөөт худалдааны түр хэлэлцээр, БНСУ-тай худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2024 онд эцэслэн байгуулахаар ажиллаж байна. Мөн БНХАУ-тай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах албан ёсны саналыг хүргүүлж, 2024 онд багтаан хэлэлцээг эхлүүлэхээр зорьж байгаа юм. 

Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь зөвхөн тариф бууруулах асуудал биш бөгөөд санхүү, хөрөнгө оруулалт, хорио цээр, холбогдох хууль, бүтээгдэхүүний чанар стандарт, шинэ технологи, дижитал шилжилт гэх мэт маш өргөн хүрээтэй. Гэвч экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин хязгаарлагдмал, тодорхой бус хэвээр байна. Худалдаа болон хөрөнгө оруулалтын бодлого нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой бөгөөд экспортын чиг баримжаатай ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хамааран хөрөнгө оруулалтыг  татах бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлснээр Чөлөөт худалдааны хэлэлцээрүүд үр дүнтэй хэрэгжих боломж бүрдэнэ хэмээн форумд оролцогчид хэлж байлаа.

Үзсэн: 5829

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна