Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 05,06-07-2024
монгол

Шинэ мэдээ

“Монгол Туркийн харилцаа 55 жил”


Densmaa 2024-07-02 11:07

Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо боллоо.

    Хурлын нээлтэд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр оролцож, уг хурал нь хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцолж үг хэллээ. Түүнчлэн хоёр улсын өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн олон чухал салбарт тэлж буйг дурдаад, харилцааны түвшнийг ахиулах, дээд түвшний айлчлалыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхийг зорьж буйг тэмдэглэсэн юм.

Хоёр талын харилцааны хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг нь эдийн засаг, худалдааны харилцаа бөгөөд Турк улстай хийх худалдааны хэмжээ сүүлийн хоёр жилд эргэн сэргэж байна. Монгол Улс, БНТУ-ын тал 2013 онд хоёр орны худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилт тавьж байсан бол энэ нь 2022 онд биелэлээ олж, 110 сая ам.долларт хүрчээ. Манай улсын хувьд экспортын гол бараа, бүтээгдэхүүний тоонд хонь, ямааны боловсруулсан арьс орж байгаа бол Турк улсаас ихэвчлэн чихэр, радиатор, ахуйн цахилгаан хэрэгсэл импортолж байна.

Хурлын үеэр бид БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешаас 2 орны худалдаа, эдийн засгийн харилцаа болон одоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар асууж тодруулсан юм.

 Элчин сайд Зафер Атеш: 2 улсын хооронд өнөөдөр хэрэгжиж байгаа томоохон төсөл гэвэл Монгол улсад хэрэгжиж байгаа нэлээн том 2 төсөл дээр Турк улсын нэлээн нэр бүхий 2 томоохон  компани гүйцэтгэгчээр ажиллаж байна. Үүний нэг нь Улаанбаатар хотын цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх төсөл дээр Турк улсын Мапа компани ажиллаж байна. Мөн Турк улсын Энка барилгын компани Оюу толгойн баяжуулах үйддвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл дээр ажиллаж байна. Мөн Хөшөө цайдамд байх Түрэгийн үеийн хөшөөний музейтэй нэгэн ижилээр Мэргэн Тоньюкукийн музейг барьж байгуулах ажил ид үргэлжилж байна. Үүний зэрэгцээ Туркийн иргэний агаарын тээвэр 7 хоногт 3 удаа нислэг үйлддэг байсан бол 4 удаа нислэг хийдэг болж нислэгийн тоогоо нэмсэн. Энэ нь Монгол улс руу чиглэсэн аялал жуулчлалын хөдөлгөөнийг дэмжсэн аялал жуулчлалын салбарт хэрэгжиж байгаа томоохон ажил гэж би харж байна.   

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны худалдааны зөвлөх Кадир Жеряан “Хоёр улсын худалдаа, бизнесийн боломж” сэдвээр илтгэл тавилаа.

Кадир Жеряан: Туркт хэрэгтэй зүйл Монгол улсад байна, Монгол улсад хэрэгтэй зүйл Монгол улсад байна. Тиймээс Монгол улсын хувьд брэнджүүлэх ажил их чухал байна. Говь компани Туркт салбараа нээж байна. Энэ мэтээр 2 орны худалдааны салбарыг өргөжүүлэх боломжтой юм.Турк улс Монгол улс руу ойролцоогоор 28, 29 нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортолж байна. Монгол улсын хувьд Турк улс руу бүрэн боловсруулаагүй түүхий эд болон уул уурхайн чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлох хандлагатай байдаг. Энэ хүрээнд 2 улс цаашид хамтран ажиллах нь чухал. Ноос ноолууран бүтээгдэхүүний хувьд Турк улсад жишээ нь, тухайн нэг цамцанд гэхэд 10 хувь ноолуур кашемир орсон бүтээгдэхүүн Турк улсад 1900-2000 ам долларын үнэтэй байна. Харин Монголд цэвэр ноолууран бүтээгдэхүүн өөр ханштай байдаг. Туркт яагаад ийм өндөр үнээр зарагдаж байна гэхээр ноолуур байхгүй. Харин Монгол улсад ноос ноолуур байгаа учраас тухайн үйлдвэрлэгч компаниудтай уулзаж. гэрээ хэлцэл хийж ноолуур тасралтгүй нийлүүлж чадвал худалдааны салбар өргөжих бас нэг боломж гэж харж байна.  

2012 оноос Турк улсын иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрланс” компани Улаанбаатар-Станбулын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэлснээр хоёр улсын хоорондох эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаа улам идэвхжиж, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцаа сайжирч, дэд бүтцийн харилцаанд нэлээн түлхэц өгсөн байна.

Хоёр орны хоорондох улс төрийн харилцааны шинэ үеийн түүхийг сөхвөл 1990 оноос хойш улс төрийн харилцаа идэвхжин сайжирч, хоёр талаас өндөр хэмжээний түвшинд төрийн айлчлал хийж ирсэн байна. Тодруулбал, манай улсад 1995 онд Турк улсын Ерөнхийлөгчийн анхны айлчлал болж байсан бол 1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Турк улсад айлчилж байжээ. Улмаар хоёр улсын харилцаа хооронд Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрч, бүхий л салбарт харилцаа холбоо, хамтын ажиллагаа эрчимжсэн байна. Энэхүү харилцаандаа манай улс хэр өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл нь тус улсыг АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Европын Холбооны нэгэн адил “гуравдагч хөрш”-ийнхөө нэг хэмээн тооцдогоос харагдана хэмээн Монгол улсаас БНТУ-д суугаа элчин сайд Болд хэлж байсан юм.

Хурлын үеэр  Туркт төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн ерөнхийлөгч Анужин Боловсролын салбарын харилцааны хувьд, 1992 оноос Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг Турк улсад суралцуулдаг болсныг хэлж байсан юм. Тухайн үед оюутны тоо 30 орчим байсан бол 2005 онд, Турк улсын ерөнхий сайдын айлчлалын үеэр 50 оюутныг суралцуулдаг болж тоог нь нэмжээ. Одоогийн байдлаар дээрх тоог 100-д хүргэхээр ажиллаж байна. Ингэснээр БНТУ-д жилдээ 60-70 орчим монгол оюутан Турк улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах боломжтой болжээ.

    2014 онд хоёр орны иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих болсон. Ингэснээр мөн хоёр орны хооронд зорчих иргэдийн тоо нэмэгдэж, аялал жуулчлалын салбар илүү хөгжих болсныг ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Х.Сэлэнгэ дурдлаа.

Хоёр талын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хувьд Монгол Улс, Турк Улс Иж бүрэн түншлэлийн харилцаагаа цааш ахиулж, Стратегийн түншлэлийн харилцаанд орох бүрэн боломжтойг хоёр тал илэрхийлж байлаа. Хоёр орны харилцааны талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алтангэрэлээс тодрууллаа.

Элчин сайд Б.Алтангэрэл: Хоёр орны харилцаа бүх талыг хамарсан түншлэлийн харилцаа юм. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа гэдэг бол бүх салбарыг хамарч байгаа. Нэг үгээр хэлбэл, улс төр, эдийн засаг, соёл боловсрол, батлан хамгаалах гээд бүх салбарыг хамарна. Иж бүрэн түншлэл гэдэг нь бүх талыг хамарсан ийм утга байгаа юм. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг бид өндөр хөгжилтэй орнуудтай хөгжүүлэх дээр голлон анхаарч байгаа. 2011 онд баталсан гадаад бодлогын үзэл баримтлалд гуравдагч хөршийн орнууд гэдэгт нэр зааж орсон 6 орны нэгт Турк ордог. Тэгэхээр Турк улстай Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх улсын нэгт гарцаагүй Турк улс орж байгаа юм. Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тэр шатанд хүрэх үед  Турк улс гарцаагүй манай эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёл боловсрол гэсэн чиглэлүүд дээр харилцааг эрчимтэй хөгжүүлнэ гэсэн тийм бодлого баримтлана гэсэн үг. Бүх салбарт харилцаа жигд хөгжих тийм хэмжээнд хүрэх ёстой. Тэгэхээр эхний шатанд бүх салбарыг хамарна. Дараагийн шатанд харилцааг эрчимтэй хөгжүүлнэ гэсэн тийм чиглэлийг баримталж байна. Тэгэхээр Турк улстай манайх зорилтоо тавиад, 2 тал тохироод Стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ гэсэн тийм шатандаа явж байгаа учраас 5, 10 жилийн дараа энэ харилцаа бүх салбарт улам нягтарч ойртоно гэсэн үг. 

Би элчин сайд байсан хүний хувьд нэг зүйл хэлэх ёстой. Өнөөдрийн илтгэлүүдээс харахад худалдаа эдийн засаг, бизнес, соёл, шинжлэх ухааны салбарын харилцаанууд эрчимтэй тэлж хөгжөөд явж байна. Тэгэхээр бидний хүсч хүлээж байгаа нэг салбар бол Туркээс оруулж ирэх хөрөнгө оруулалт байгаа юм. Үүн дээр юу яригдах ёстой вэ гэхээр Туркийн хөрөнгө оруулалт манай дэд бүтцийн салбарт орж ирээгүй байгаа. Туркийн хөнгөлөлттэй зээлийн асуудал ч яригдаагүй. Энэ 2 чиглэл манай улсад их хэрэгтэй. Ялангуяа гуравдагч хөрш орнуудаас оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт их чухал. Одоогоор Турк улстай энэ талаар тодорхой шийдэлд хүрээгүй. Энэ бол бидний анхаарах ёстой зүйл.            

     “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” хурал нь Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудын болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүдийг нэгэн дор цуглуулж, Монгол Улс дахь Турк судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүн, туршлагаа хэлэлцэх, санал бодлоо солилцох боломжийг олгосон чухал арга хэмжээ боллоо.

Монгол Улс, БНТУ-тай 1969 оны зургаадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоожээ. Улмаар Турк улс 1996 онд Улаанбаатар хотноо, Монгол Улс 1997 онд Анкара хотноо Элчин сайдын яамаа тус тус нээсэн байна.

Гэхдээ “Монгол-Турк хоёр орны харилцаа зөвхөн дипломат харилцаа тогтоосон 50 гаруй жилээр хязгаарлагдахгүй юм. Манай тооллын өмнөх 3-р зуунд байгуулагдан хүчирхэгжсэн Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг аймгууд багтаж байжээ. Манай тооллын 48 онд Хүннү гүрэн өмнөд, умард болон хуваагдаж, 93 онд мөхсөн байна. Умард Хүннүгийн удирдагч Жижиг шаньюй баруун зүг нүүдэллэсэн нь түрэг аймгууд байжээ. Тэд 445 онд Дунай мөрний хөвөөнд Атилла тэргүүтэй Хүннү нарын хүчирхэг улс байгуулсан юм. Монгол нутагт үлдсэн түрэг аймгууд  ч хүчирхэгжин, төр улсаа байгуулж байсан түүхтэй. Энэхүү түүхийн гэрч болсон 200 орчим түүх, соёлын олдвор, хөшөө дурсгал, хүн чулуу, бичээс болон булш Монголын тал нутагт бий. Монгол нутагт хөл тавьсан турк хүн бүр өвөг дээдсийнхээ үлдээсэн энэхүү түүх дурсгалыг биеэр үзэхийг чухалчилдаг юм.

Монгол судлаач Икрэм Каланын ийнхүү ярьж байна.

Икрэм Калан: Энэхүү хоёр орны ард түмэн дэлхийн өв болон соёл иргэншилд их хувь нэмэр оруулсан нь маргаангүй юм. Өнөөдөр Турк, Монголын ард түмний харилцаа дэлхийн хаана ч давтагдашгүй бөгөөд учир нь энэ 2 ард түмэн олон мянган жилийн түүхэн харилцаатай боловч дайсагнах үе  байсан нь Азийн нутаг дэвсгэрт энх тайван тогтоход чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Монголын соёл нь Исламаас өмнөх Туркийн соёлтой ихээхэн төстэй байдаг нь мянга мянган жилийн түүхэн харилцаатай холбоотой юм. Иймд Монголд хийгдэж буй ажил нь тухайн үеийн Туркийн соёлын судалгаанд чиглүүлэгч үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой билээ. Турк хэл соёлын холбоотой гэрэлт хөшөө, баримал, хадны сүг зураг гэх мэт соёлын дурсгалууд Монголд ихээхэн байдаг нь Монгол нь туркийн хувьд чухал байр суурь эзэлдэг. Түүнчлэн одоогийн Монголын газар нутагт амьдарч буй Турк угсаатнууд одоог хүртэл өөрсдийн уламжлалыг хадгалсаар байгаа нь судаалчдын хувьд том завшаан юм. Монголын баруун аймагт амьдардаг казакууд, мөн Баян-Өлгий, Ховд, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд амьдардаг тувачууд, дээрээс нь одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын хойд тайгад амьдардаг цаатангууд, Увс аймгийн Тариалан суманд ихэнх нь амьдардаг хотонгууд бол турк угсаатнууд юм. Эцэст нь дүгнэн хэлэхэд олон мянган жилийн түүхэн харилцааны үр дүнд бий болсон соёлын өв нь хоёр улсын ард түмний хамтын ажиллагааны үндэс суурь, ирээдүйн чиглүүлэгч нь болж байна.     

     “Монгол-Туркийн орчин үеийн харилцаа, цаашдын чиг хандлага” хурал нь Монгол Улсын томоохон их дээд сургуулиуд, судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагуудын болон холбогдох төрийн бус байгууллагын төлөөллүүдийг нэгэн дор цуглуулж, Монгол Улс дахь Турк судлалын сүүлийн үеийн судалгааны үр дүн, туршлагаа хэлэлцэх, санал бодлоо солилцох боломжийг олгосон чухал арга хэмжээ болсон юм.

Үзсэн: 1198

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна