Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Легницийн тулалдаан 1241"


Densmaa 2024-07-01 02:07

Легницийн тулалдааны 800 жилийн 2040 онд тохионо. Ойг угтах ажлын хүрээнд Польшийн Легница Поле Гмина-аас "Легницийн тулалдаан 1241" театрчилсан үзүүлбэрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.

      Монгол-Польшийн харилцааны түүхийг сөхвөл эрт дээр үеэс эхлэлтэй. Монголчуудын өвөг дээдэс болох Хүннүгийн удам угсаатнууд IV, V зууны үед Польшийн нутагт байлдан дагуулал хийж байсныг түүхэн баримтууд өгүүлдэг. Өгөдэй хаан 1235 онд нийслэл Хархорум хотноо Их хуралдайг хуралдуулж, баруун зүгт Бат хааны удирдлагаар их цэрэг илгээх шийдвэр гаргаснаар Монголын цэрэг Орост, улмаар Европт томоохон хэмжээний аян дайныг эхлүүлсэн юм1241 оны 4 дүгээр сарын 9-нд Бат хааны цэргийн салбар ангиуд Польшийн Легницийн талбайд Польш, Европын рыцариудын нэгдсэн хүчийг бут цохиж, уг тулалдаанд Польшийн ван II Хенрик Побожны амь насаа алдсан түүхтэй. Хожим нь түүний дурсгалыг хүндэтгэн Легницид Христийн сүм барьжээ. Хожим нь 1961 онд энэхүү сүмийг Легницийн тулааны түүх, уламжлалыг өнөөгийн хүмүүст хүргэж, түүхийг сурталчлах зорилготойгоор Легницийн тулалдааны музей болгосон байна. Уг музейд Легницийн тулалдааны тухай орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан хийсэн дүрс бичлэг, үзүүлэнгүүдийг хийж, музейн үзмэрийн тайлбарыг олон хэлээр гаргасны дотор Монголын үзэгчдэд зориулан монгол хэлээр тусгайлан гаргажээ. Бид Легницийн тулааны үзмэрийг санаачлагч Конрад Буштай уулзаж ярилцсан юм.

Конрад Буш: Музей маань хуучны сүмийн байшинд байрладаг. 1961 онд анх нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна. Тэр цагаас хойш бид 1241 оны 4 дүгээр сарын 9-нд Легницид болсон Польшийн Христийн арми Монголын цэргүүдтэй хэрхэн тулалдсан тухай түүхийг хүмүүст таниулах ажлыг хийж байна. Энэхүү музей маань Легницийн тулалдааны түүх, уламжлалыг өнөөгийн хүмүүст хүргэж, түүхийг сурталчилах зорилготой байгуулагдсан. Музей маань Польшийн төдийгүй гадны жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэгд зүй ёсоор тооцогддог. Ялангуяа бид 2016 онд музейн үзмэрээ шинэчилж нээснээс хойш жуулчдын анхаарлыг ихэд татаж, хүмүүсийн үзэх дуртай газар болсон. Бид үзмэрийнхээ тайлбарыг 7 өөр хэлээр гаргаснаар олон орны жуулчид үзэх боломжийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл польш, англи, герман, унгар, чех, орос, монгол хэлээр үзмэрийн тайлбарыг уншиж сонсох боломжтойгоос гадна Легницийн тулалдааны тухай түүх, тухайн үеийн орнуудын газар зүй, улс төрийн байдал зэргийг өгүүлсэн тайлбар, кино зэргийг дээрх 7 хэлээр сонсож, унших боломжтой юм. 

Манай музейд ирснээр электрон таблетийг ашиглан газрын зураг, диаграм, тулаантай холбоотой хүмүүсийн хөрөг зураг, мультимедиа технологиор хийгдсэн тайлбар, кино зэргийг сонсож, уншиж, үзэх боломжтойгоороо онцлог. Бид музейгээ шинэчлэн нээхдээ орчин үеийн стандартын дагуу бүхий л техник технологийн дэвшлийг ашиглаж шинэчлэхийг зорьсон.  Дундад зууны үеийн хуучин сүмд орчин үеийн бүхий л технологийг ашиглан эртний тулааныг танилцуулна гэж гаднаас нь харсан хэний ч санаанд буудаггүй байх. Тиймээс ч манай музей жуулчдын анхаарлыг татаж, жилээс жилд улам олон хүн ирж үздэг болоод байна.

Музейгээ сэргээн нээсний дараа Варшав дахь Монголын ЭСЯ-ныхан ирж зочилсон. Түүнээс хойш олон Монгол жуулчид ирж сонирхож байсан.

    Легницийн тулалдааны түүхийг өвөрмөц хэлбэрээр, тухайн цаг үеийн үйл явдлыг жүжигчилсэн маягаар үзэгчдэд толилуулдаг нь үзэгчдийн сонирхлыг ихэд татдаг. Уг соёлын арга хэмжээг жил бүр Легница Поле Гмина-гаас уламжлал болгон зохион байгуулдаг байна..

Конрад Буш: Олон жилийн турш  энэ газар Легницийн музей байсан боловч хэдэн жилийн өмнөөс олон нийтийг хамарсан түүх соёлын томоохон арга хэмжээг зохион байгуулдаг болсноор манай музейг зорин ирэгсдийн тоо үлэмж нэмэгдсэн. Түүхийн шоу гэж нэрлэж болох энэ арга хэмжээний үеэр бид Легницийн тулааныг багасгасан хэлбэрээр үзэгчдэд үзүүлдэг. Польшийн өнцөг булан бүрээс маш олон хүн ирж үздэг. Энэхүү шоундаа зориулж бид дундад зууны үеийн Польшийн цайзны загварыг барьж, мөн тэр үеийн Польшийн цэргийн хувцас, Монголын баатруудын хувцсыг археологийн судалгаанд үндэслэн хийсэн. Үзүүлэх тоглолтондоо Монголын болон Польшийн цэрэг дайны тактикийн онцлогийг үзүүлэхийг зорьдог. Жил бүр зохион байгуулдаг энэ шоуг маань үзэхээр дотоод гадаадын маш олон жуулчин ирдэг. Жинхэнэ тулаан 800 жилийн тэртээ 4 дүгээр сард болсон хэдий ч цаг агаарын байдал, орчин нөхцлөөс шалтгаалан бид 5 эсвэл 6 сард шоугаа зохион байгуулдаг. 4 сард Польшид бороотой, зэврүүн байдаг учраас Польшийн өнцөг булан бүрээс ирж байгаа жуулчдынхаа ая тухыг бодолцон зуны дулаан нартай үед шоугаа хийдэг. Шоуг маань жил бүр мянга мянган жуулчин зорин ирж үздэг юм.

       Энэхүү арга хэмжээ жилээс жилд өргөжин дэвжиж, гадаадын иргэдийн анхаарлыг улам ихээр татах болжээ. Энэ жилийн арга хэмжээг Польшийн Ерөнхийлөгч Анджей Дуда болон олон байгуулага, хүндтэй хүмүүс түүний дотор Монгол Улсын Элчин сайдын яамны ивээл дор зохион байгуулжээ. Бид “Легницийн тулалдаан 1241” арга хэмжээг зохион байгуулагч Легницка поле Гмина-гийн захирагч Рафау Плейжатай уулзаж, театрчилсан тоглолтын зорилго, зорилтын талаар асууж сонирхсон юм.

Рафау Плейжа: Легницийн тулалдааны 800 жилийн 2040 онд тохино. Энэ ойг угтах угтал ажлын хүрээнд бид олон арга хэмжээ төлөвлөж, эхнээсээ хэрэгжүүлээд явж байна. Үүний нэг нь Легницийн тулалдааны театрчилсан үзүүлбэр бөгөөд жилээс жилд өргөн хүрээг хамруулан зохион байгуулахаар зорьж байна.

780 гаруй жилийн тэртээ болсон энэ үйл явдал тухайн цаг үедээ нэгэнт болоод өнгөрсөн. Польшийн ханхүү II Хенрик Побожны тухайн цаг үед монголчуудтай өөрийнхөө төлөө биш католик сүм хийдээ хамгаалан тулалдсан. Энэ тулалдааны үр дүнд монголчууд цаашаа баруун зүг рүү, Европ тийш цэрэглэн хөдлөөгүй. Харин энэ газар нутгаас Унгарын зүг чиглэж, тэндээ зогссон юм. Тэгэхээр тухайн үеийн Польшийн ялагдал нь Легницийн тулалдааныг цааш тархах нөхцлийг хумьсан гэж үздэг. Ийм ч учраас Легницийн тулалдааны театрчилсан үзүүлбэр нь Ханхүүгээ алдаршуулж санан дурсах давхар зорилготой юм. Энэ түүхэн үйл явдал дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бөгөөд Легници хотын хувьд түүхийн хамгийн чухал үйл явдал хэмээн үздэг. Хэдийгээр Легницийн тулалдаанд Польш ялагдал хүлээсэн ч энэ чухал үйл явдлаар дамжуулан хотоо сурталчилах нь энэхүү арга хэмжээний бас нэг зорилго юм. Нөгөөтэйгүүр Монгол Польшийн соёлын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх гээд олон талын ач холбогдолтой арга хэмжээ юм.

Бид Легницийн тулалдаантай холбоотой түүхэн баримт, олдворын судалгааг тасралтгүй хийж, XIII зууны үеийн монголчууд яг ямар байсныг бодит байдал дээр харуулахыг хичээж байна. Тухайн цаг үед польшууд монголчуудыг “мангас” хэмээн төсөөлдөг байсан гэдэг. Гэтэл түүхэн судалгаа хийх явцад тэд “мангас” шиг байгаагүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Доктор Адам Кубик мөн олон хэл дээр түүхэн эх сурвалжуудаас давхар судалгаа хийж, олон баримт нээн илрүүлж байна. Энэ бүх судалгаа шинжилгээний үр дүнд тухайн цаг үеийн үйл явдлыг үнэн бодит баримтад тулгуурлан театрчилан үзүүлэхийг зорьж байгаа юм. Тулалдааны үйл явцыг өргөн хүрээнд харуулахад хүн хүч, төсөв мөнгөний хувьд дутагдалтай хэвээр байна. Энэ жилээс Монголын морьт харвааны "Намнаа" академитай хамтран ажиллаж эхэлж байна. Тэгэхээр цаашид энэ арга хэмжээ илүү өргөн хүрээнд, олон орныг хамран өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Зөвхөн нэг удаагийн арга хэмжээ биш, жилийн туршид үргэлжлэх шинжлэх ухаан, соёлын өргөн мэдлэг түгээх ажлыг ч хийхээр төлөвлөж байна. Тухайлбал энд барьсан монгол гэрээс гадна дахин монгол гэр барьж, XIII зууны үеийн монголчуудын амьдрал ахуйг харуулахуйц эд хэрэглэл, хувцас хунараас эхлээд мөн тухайн үеийн европуудын хувцас хэрэглэлийг байршуулж хүмүүст харуулахыг зорьж байна.   

Миний хувьд, Монголчуудын эрт үеийн түүхийг сонирхдог. Судлах тусам илүү их сонирхол төрж, илүү гүнзгийрүүлэн судлах хүсэл төрж байна. XIII зууны үед монгол гэрт амьдарч байсан монголчууд одоо ч монгол гэртээ амьдарсаар байна. Нүүдэллэн амьдарч ирсэн тэр уламжлал эдүгээ уламжлан үлдсэн нь сонирхолтой юм. Мэдээж хөгжлөө дагаад зарим нэг зүйл нь өөрчлөгдсөн байх.

     Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас "Намнаа" академийн морьт харвааны баг оролцож, Монгол хүний ур чадвар, морин харвааны гайхамшгийг үзүүлсэн юм. Үзүүлбэрийн дараа Намнаа" академийнхантай уулзаж ярилцлаа.

Н.Алтанхуяг: Намайг Нэргүй овогтой Алтанхуяг гэдэг. Намнаа академи гээд морьт харваа, түүхэн хувцас, эд хэрэглэл, нум сум харвааны эд хэрэглэлийг сэргээн засварлах үйл ажиллагаа явуулдаг. Би өөрөө морьт харвааны тамирчин, морьт харвааны багш, дасгалжуулагч. Энэхүү фестивальд морьт харвааны шавь нартайгаа оролцож, морьт үзүүлбэр үзүүллээ.

Асуулт: Энэхүү Легницийн жүжигчилсэн тоглолтод анх удаа оролцож байна уу?

Хариулт: Польш улс, Легници хотод анх удаа ирж байна. Би өөрөө түүхэн эд хэрэглэлийг сэргээдэг хүн. Цахимаар энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа хүмүүс бидний тухай олж мэдээд тусгайлан манай баг хамт олныг урьсан. Түүхэн эд хэрэглэлийг сэргээдэг учраас бидний эдэлж хэрэглэж байгаа хувцас, эд хэрэглэл, түүхэн сэдэвтэй. Тэр тусмаа 1241 оны үед болж өнгөрсөн Монгол Польшийн тулалдааны холбогдолтой эд хэрэгсэлтэй төстэй эдлэл хэрэглэдэг учраас энэхүү арга хэмжээг чимж бид оролцлоо.

Асуулт: Легницийн үйл явдлыг харуулсан жүжигчилсэн тоглолтонд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

Хариулт: Сэтгэгдэл их өндөр байна. Одоогоос 780 гаруй жилийн тэртээ бидний өвөг дээдэс энэхүү тал газар өнөөдрийн яг энэ үзэгдэл шиг түүхэн дайн тулааныг хийгээд Европ болон Монгол гэсэн Азийн улс орон 2 уулзаж, нэг нэгнийгээ таньж мэдэж байжээ. Гэхдээ тухайн үед дайн тулааны байдлаар мэдэж байсан бол өнөөдөр театрчилсан тоглолт маягаар олон түмнийг баясгаж, тэрхүү үйл явдлыг дурсаж хөгжилтэй байдлаар тоглолт хийж европууд болон монголчууд уулзлаа.

Асуулт: Тоглолтыг үзэгчид хэр хүлээн авав?

Хариулт: Үзэгчид маш эергээр хүлээн авч байна. Тулалдаанд Польшийн II Хенрик ван нь амь насаа алдсан. Бидний өвөг дээдэс ирээд ард түмнийг нь хядаад айлган сүрдүүлчихсэн. Одоо биднийг ирэхэд монголчууд ирж байна, татарууд ирж байна гээд сөргөөр хүлээн авах болов уу гэж бодож байсан боловч харин тийм зүйл болоогүй. Хенрих вангийн толгойг цавчиж европчуудад цочрол авчирснаараа эв нэгдэл, харийн түрэмгийллийн эсрэг одоо баатарлагаар тэмцэх зоригийг өгсөн гэж энэ их вангаа хүндэтгэн үздэг юм байна. Монголчуудыг их эерэг, найрсаг зочломтгой байдлаар хүлээн авч байна.      

Асуулт: Монголоо дэлхийн дахинд сурталчилах нэлээд арга хэмжээнд оролцдог гэж танай баг хамт олныг сонсож байсан. Ямар ямар орноор аялан тоглолт хийж байв?

Хариулт: Манайх аялан тоглолт гэхээсээ илүүтэйгээр бид өөрсдөө морьт харвааны тамирчид. Дэлхийн маш олон оронд олон улсын тэмцээн уралдаанд оролцдог. Тэндээ өөрсдийн үндэсний онцлог, арга барил, бидний өвөг дээдсийн дэлхийн түүхэнд үлдээсэн тэр өв соёлыг бусдад таниулж, гайхуулж, дахин сэргээж мартагдсан зүйлийг эргэн дэлгэрүүлэх тэр үйлийг хийгээд 10 гаруй жил явж байна.

      Легницийн тулалдаан хэмээн түүхэнд үлдсэн энэхүү үйл явдлын талаар Монгол Улсаас Польш, Канад улсад суугаа Элчин сайдын яамны ажилтан асан Ц.Чухалхүүгийн бичсэнээс товч сонирхуулахад, Легницийн тулалдаанд оролцсон Монголын цэргийн тоо, зорилгыг Польшийн түүхч, профессор Ейжы Марон “3 дугаар сард Монголчуудын цэргийн ажиллагаа эхэлж, тэр хооронд тэд Сандомир орчимд ихээхэн хохирол амссан. Тиймээс тэд анхны арван мянгаас цөөн, магадгүй зургаа, долоон мянгаас ч цөөн дайчинтай байсан байх. Тэдний үүрэг бол юун түрүүнд Польшийн Хенрик, Чехийн Вацлав ван нарыг унгарчуудад туслахаас урьдчилан сэргийлэх явдал байсан” хэмээн тодорхойлсон байдаг. Гадаадын түүхчдийн судалгаа, он цагийн бичээсүүдэд, манай зарим түүхчдийн бичиж байгаа шиг Польшийн цэргийн тоо Монголынхоос 3 дахин илүү буюу зургаан түм, монголын цэргийн тоо хоёр түм байгаагүй болохыг баттай эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Монголчуудын Польш руу хийсэн анхны дайралтын шалтгаан нь Византийн эзэнт гүрнийг эзлэх гэсэн оролдлого гэж зарим түүхчид үздэг. Польш руу хийсэн энэхүү дайралт нь Монголын цэргүүдийн Унгарыг эзлэн авах томоохон хэмжээний ажиллагааны зөвхөн нэг хэсэг юм. Гэхдээ монголчуудын туйлын зорилго нь Унгар биш, харин Бат хааны эзлэн авахыг хүссэн Византийн эзэнт гүрэн байсан ч байж магад. Монголчууд Польш руу довтолсноор Монголын гол хүч довтолсон Унгар руу Польш, Чехийн зүгээс тусламж илгээх боломжгүй болгосон ба энэ нь Бат Хаан, Сүбээдэй жанжин нар Унгарын IV Бела вантай дайтаж, ялахад стратегийн хувьд чухал ач холбогдолтой байжээ. 

Харин өнөөдөр энэхүү түүхэн тулалдааныг аялал жуулчлал, соёлын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлж, Монгол-Польш хоёр орны түүх соёлын хамтын ажиллагааны нэгэн түлхүүр болгон хөгжүүлж байна.

 

 

 

 

Үзсэн: 2109

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна