Олон улсын 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлагч сурвалжилна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ
Энэ удаагийн сонгуулийн явцыг Киодо ньюс, CCTV, Блүүмберг, Синьхау агентлаг зэрэг олон улсын 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлагч сурвалжилж, олон улсад мэдээлэл түгээх аж. Тэдгээр байгууллага Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ. УИХ-ын сонгуулийн явц, зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад нээлттэй байх болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Тэгвэл УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлжээ. Ажиглагчдын 191 нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудынх юм. ЕАБХАБ-ын Ардчилсан институт хүний эрхийн газраас УИХ-ын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах олон улсын шинжээч, мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй хороо байгуулан ажиллаж байгаа бөгөөд нийслэл, орон нутаг дахь сонгуулийн үйл явцыг ажиглан олон улсын шаардлага, ардчилсан сонгуулийн зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд тайлан бэлтгэж, дүгнэлт зөвлөмж өгнө. Улмаар санал авах өдрийн дараа урьдчилсан тайлангаа танилцуулж, сонгуулийн үйл явцыг бүхэлд нь үнэлсэн урьдчилсан тайланг зөвлөмжийн хамт сонгуулийн үйл явц дууссанаас хойш хоёр сарын дараа нийтлэх аж. Түүнчлэн УИХ-ын 2024 оны сонгуульд гадаадад ажиллаж амьдарч буй монголчууд саналаа өгч дууслаа. Санал хураалтад 20-39 насны иргэд хамгийн идэвхтэй оролцсон байна. Энэ удаагийн сонгуульд гадаадад суугаа 13 мянга 95 иргэн саналаа өгөхөөр сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлснээс 73.2 хувь нь саналаа өгснийг Сонгуулийн Ерөнхий Хороо мэдээлэв.
Үзсэн: 2250
Tweet