“Халхын гол: Бидний алдар нэр улам их-2024” олон улсын экспедицийн уулзалт боллоо
Экспедицийнхэн Халх голын тулалдаантай холбоотой түүхийн дурсгалт зүйлс, олсон олдвороо Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейд хүлээлгэн өгчээ
Улаанбаатар дахь Русский домд “Халхын гол: Бидний алдар нэр улам их-2024” олон улсын экспедицийн уулзалт боллоо. Дээрх экспедиц энэ жил тохиож буй Халхын голын ялалтын 85 жилийн ойг угтан тавдугаар сарын 15-нд манай улсад ирж, Халхын голын тулалдаан болж байсан Ремизовын толгод зэрэг газарт түүхийн эрэл хайгуул хийснээ танилцууллаа. ОХУ-ын 11 мужийн сайн дурын ажилтнууд болон Москва, Пермь хот, Өвөрбайгалийн Их сургууль, мөн Монгол Улсын их, дээд сургуулийн оюутан, багш нар, түүхчид, судлаач нар оролцсон экспедицийнхэн Улаан армийн цэргийн нийт 27 шарилыг олсон байна. Энэ талаар экспедицийн дарга А.В.Орлов мэдээлж, Халхын голд байлдаж яваад сураггүй болсон нийт 2000 орчим орос цэрэг байгааг хэллээ. Экспедицийнхэн Халх голын тулалдаантай холбоотой түүхийн дурсгалт зүйлс, олсон олдвороо Дорнод аймгийн Халх гол сумын “Ялалт” музейд хүлээлгэн өгчээ.
Үзсэн: 1465
Tweet