Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг тогтоов
Сонгуулийн ерөнхий хорооны саналаар тэдгээр иргэдийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар тогтоожээ
Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр “УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” хэмээн өөрчлөн найруулсан. Улмаар гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэд хувь тэнцүүлэх аргаар нам эвсэлд саналаа өгснөөр УИХ-ын 48 гишүүнийг сонгоход саналаа өгч сонгуульд оролцох боломжтой болсон. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн УИХ тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байхаар хуульчилсан юм. Сонгуулийн ерөнхий хорооны саналаар тэдгээр иргэдийн санал авах өдрийг энэ оны зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр байхаар тогтоожээ.
Үзсэн: 2783
Tweet