“Монгол-Японы поп соёлын өдөрлөг" боллоо
Уг өдөрлөгөөр Японы поп соёл тэр дундаа косплэй тэмцээний үзүүлбэр, Монгол хүүхэд залуусын хийсэн манга бүтээлүүд, анимэ дууны болон Япон оронтой холбоотой хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгууллаа.
Монгол, Япон хоёр орны найрсаг харилцаа өнө эртнээс улбаатай, өдгөө 52 дах жилдээ болж байна. Манай хоёр орон нийгэм хүмүүнлэг, эдийн засаг, соёл боловсролын салбарт нягт хамтран ажилласаар ирсэн. Сүүлийн жилүүдэд соёлын салбарын харилцааг улам эрчимжүүлж буй. Энэ хүрээнд жил бүр уламжлал болгон хийдэг Монгол Японы поп соёлын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр Японы поп соёл тэр дундаа косплэй тэмцээний үзүүлбэр, Монгол хүүхэд залуусын өөрсдийн ур ухаанаар хийсэн манга бүтээлүүд, анимэ дууны тэмцээн, япон оронтой холбоотой хөгжөөнт тэмцээн уралдаанууд боллоо. Мөн японы гоо сайхны бараа бүтээгдэхүүн, анимэ дэлгүүр, япон улсад сурах болон япон хэл суралцах талаар мэдээлэл авах зэрэг олон хөтөлбөрийг багтаажээ. Энэ жилийн хаврын арга хэмжээ Косплэй сонирхогчдод илүү сонирхолтой, үзүүштэй болж байгаагаараа онцлог гэдгийг Монгол Японы поп соёлын холбооны тэргүүн Э.Түвшинжаргал хэлж байна.
Э.Түвшинжаргал: 2011 оноос хойш энэ өдөрлөгийг ашгийн бусаар зохион байгуулж ирсэн. Энэ жилийн онцлог нь косплэй сонирхогч хүүхдийн мөрөөдөл биелсэн жил болж байна. Учир нь юу вэ гэхээр World Cosplay Summit гэдэг дэлхийн хамгийн том косплэй байгууллагатай хамтран ажиллах санал хүргүүлэн хамтран ажиллахаар гэрээ хийгээд продюсер нь Монголд урилгаар ирсэн байна. Энэ хаврын арга хэмжээний косплэй тэмцээний ялагч Япон улс руу олон улсын тэмцээнд оролцохоор явна. Хаврын арга хэмжээг мянган хүнд зориулдаг зуны арга хэмжээ 5 мянган хүнд зориулан зохион байгуулдаг. Бид нар нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулалт хийж байна. ЭСЯ-наас 2012 оноос хойш манай арга хэмжээний нээлт дээр үг хэлж ирсэн. Жил болгон ЭСЯ-наас дэмжлэг үзүүлж оролцдог. Бусад байгууллагын хувьд залуусынхаа зорилгыг биелүүлэхийн төлөө хандиваар дэмжин оролцож байна. Поп соёлын өдөрлөгийн гол зорилго бол Японы элемент материалыг ашиглан Монгол хүүхэд залуусын хийсэн бүтээлийг дэлхийд гаргах юм.
Монгол Японы поп соёлын өдөрлөгийн ерөнхий зохион байгуулагчаар Монгол Японы Поп Соёлын Холбоо, World Cosplay Summit Mongolia, The Big Jackpot Entertainment ажиллаа. Харин дэмжигч байгууллагаар Япон улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, Монгол улсын соёлын яам, Монгол улсын гадаад харилцааны яам ажилласан бол ивээн тэтгэгч байгууллагаар Beauty Japan Mongolia оролцлоо. Beauty Japan Cosmetics нь 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллаагаа явуулж байна. Тус сүлжээ дэлгүүр нь Япон улсын 30-100 гаруй жилийн түүхтэй салбартаа тэргүүлэгч 16 компанийн мянган нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэдэг. Харин Beauty Japan Mongolia нь Япон бизнесийн соёлыг Монголдоо үрслүүлэхийг төлөө чармайн ажиллаж байгаа юм. Энэ үүднээс Монгол Японы нийгэм соёл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд болж буй аливаа арга хэмжээнд идэвхийлэн оролцдог тухай Beauty Japan Cosmetics–ийн Борлуулалтын албаны дарга С.Намуунгэрэл ийнхүү ярилаа.
С.Намуунгэрэл: Япон соёлыг илүү таньж мэдье гэсэн хүүхдүүддээ зориулаад арьс арчилгаа, цэвэрлэгээний мэдээллийг хүргэх зорилготойгоор оролцож байна. Манай компанид арьс арчилгаа, бие арчилгаа, үс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Юугаараа давуу талтай вэ гэхээр Япон улсын 120 гаруй жилийн түүхтэй туршлагатай үйлдвэрлэгч компаниудтай бид нар хамтарч ажилладаг. Албан ёсны дистрибьютер компани гэж явдгаараа давуу талтай. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэхэд аюулгүй, чанартай, үйлчилгээ өндөртэй, химийн найрлага агуулаагүй гэдгээрээ илүү онцлог. Арьсанд маш таатай, эрүүл байдлыг нь удаан хугацаанд хадгалж өгдөг арьс арчилгааны зөөлөн хэлбэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаалдаг. Мөн манайх мэргэжлийн гоо сайхны зөвлөхүүдтэй гэдгээрээ онцлогтой. Гоо сайхны зөвлөхүүдээ ч гэсэн байнгын сургалтад хамруулдаг. Бүтээгдэхүүн зарах гэхээсээ илүү арьс арчилгааны зөв мэдлэг мэдээллийг хүргэх зорилгоор энэ төрлийн арга хэмжээнд оролцдог. Япон соёлын өдрүүдэд жил бүр оролцож байна. Энэ удаад эцэг эхчүүдтэйгээ гэр бүлээрээ түлхүү ирж сонирхож байна.
Монгол Японы поп соёлын өдөрлөгт япон улсад бакалавр, магистрын зэргээр суралцах зорилго хүсэл тэмүүлэлтэй хүүхэд залуучууд ихээр оролцдог. Энэ утгаараа хэлний бэлтгэл, жуулчлалын төв, сургалтын төвүүд оролцож үйл ажиллагаагаа сурталчлан нээлттэй мэдээлэл өгдөг. Наго Улаанбаатар япон хэлний сургалтын төв Монгол Японы поп соёлын өдөрлөгт дөрөв дэх жилдээ оролцож мэдээллээ түгээлээ. Тус сургалтын төв нь олон жилийн туршлагатай магадлан итгэмжлэгдсэн гэдгээрээ давуу талтай гэдгийг Наго Улаанбаатар сургалтын төвийн захирал У.Анударь хэллээ.
У.Анударь: Манай төв 2019 оноос хойш үйл ажиллаагаа явуулж байна. Япон хэлний N5-N1 түвшний хичээлүүдийг монголдоо заадаг. Сүүлийн үед 10 жилийн сургуулиа төгсөөд эсвэл их сургуулиа төгсөөд Япон улсад сурах, ажиллах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдсэн. 2019 оноос хойш манай төвөөр дамжуулаад 300 гаруй залуус Япон улсыг зорьсон. Япон дахь хэлний сургалтын төвийн мэргэжлийн багш нарын зохиосон хөтөлбөрийн дагуу хичээлээ ордог. Ангидаа самбар биш дэлгэц ашиглаж илүү сонирхолтой байдлаар япон хэл заадгаараа онцлог. Би өөрөө үндсэн үйл ажиллагаагаа хариуцаж явуулаад дээр нь мэргэжлийн 2 багштай. Энэ өдөрлөг бол Япон соёлыг сонирхож байгаа хүүхэд залуучуудын цуглардаг хамгийн том өдөрлөг. Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан, өөрийн сонирхдог зүйлээ үзэж харах боломжийг олгодог маш гоё үйл ажиллагаа юм.
Хаврын улирлын поп соёлын өдөрлөгт Fuji Edu Mongolia боловсролын төв мөн оролцож танилцуулга мэдээллээ хүргэлээ. FUJI EDUCATION CENTER нь 2014 оноос Япон хэлний сургалт болон сургуульд зуучлах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Харин 2018 оноос илүү өргөжиж Монгол-Япон хоёр улсын хооронд Япон хэлний сургалт, үндсэн ажилтан, гэрээт ажилтан, хэлний бэлтгэл, дээд сургууль, мэргэжил дээшлүүлэх, сонины хөтөлбөр, аяллын хөтөлбөр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус боловсролын төв нь ирээдүйд Монгол улсаа хөгжүүлэх юниверсал боловсон хүчинг Япон улсад бэлтгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын хүрээнд ажилладаг байна.
Fuji Edu Mongolia Япон боловсролын төвийн захирал Б.Тэгшзаяа: Манай сургалтын төвд Япон багш нь монгол багшаасаа арай олон байдаг. Япон багш нар маань бүгд Монгол хэлтэй. Сургалтын онцлог нь өөрсдийн гаргасан сурах бичгийн дагуу хичээллээ явуулдаг. Мөн Япон улс руу сурах болон ажиллах нөхцөлтэйгөөр жуучилдаг. 2018 оноос хойш 800 гаруй оюутан суралцахаар явсан. Үйл ажиллагааны өөр нэг чиглэл бол Япон монгол хэлний баталгаат орчуулга хийдэг. Мэдээж Япон ажилчид байгаа учраас илүү баталгаатай найдвартай орчуулга гардаг. Ерөнхийдөө залуу хамт олноос бүрдсэн байгууллага юм. Манай боловсролын төв Монгол Японы поп соёлын өдөрлөгт жил бүр оролцдог. Мөн жилд 2 удаа Япон улсад суралцах боловсролын өдөрлөгийг зохион байгуулдаг. Энэ үеэр Япон улсаас сургуулиудын төлөөлөл өөрсдийн биеэр ирж мэдээлэл хүргээд, монгол оюутнуудад зориулсан хөнгөлөлт урамшуулал үзүүлдэг. Манай төвөөр жилдээ 500 орчим хүүхэд Япон хэл сурдаг. Улаанбаатар хотод 2 салбартай болсон.
Б.Тэгшзаяагийн хувьд Япон улсад суралцаж ирээд ийнхүү Улаанбаатар хотноо япон хэлний сургалтын төвийг байгуулан 10 гаруй ажил тасралтгүй ажиллаж байгаа юм.
Япон улс бол зурагт ном, анимэ зэргээрээ дэлхийд алдартай. Монголын хүүхэд залуучууд ч мөн Япон улсын эрт үеэс улбаатай тэрхүү соёлыг үзэж сонирхдог төдийгүй жил ирэх тутам үзэгчдийн тоо нэмэгдэж байна. Манга нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан бөгөөд дэлхийн 2-р дайны дараа буюу 1940 оны дунд үеэс бүрэн утгаараа хөгжиж эхэлжээ. Манга буюу комикс нь дүрс, текстийг ашиглан санаа болон агуулгыг хүнд дамжуулдаг хэрэгсэл. Хуудас болгон дээр дүрслэгдэж байгаа зураг бүр өөр хоорондоо цаг хугацаагаар холбогдож текстийн тусламжтайгаар зохиолыг өгүүлэх урлагийн нэг хэлбэр юм. Үг болон зураг, дүрслэл нь тусдаа бие даасан харилцааны хэлийг өөр хооронд нь хөрвүүлж чаддагаараа гол онцлог нь оршино. Японы мангаг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үүднээс Монгол Японы поп соёлын өдөрлөгт манга сонирхогчдын уралдаан зарладаг. Энэ удаагийн уралдаанд 10 орчим хүүхэд оролцсоноос МУБИС-ийн англи хэлний багшийн ангийн оюутан Төгсцолмон түрүүллээ. Тэрээр өөрийн дотоод санаа, үзэл бодлоо мангагаар дамжуулах илэрхийлэхийг хүссэн тухайгаа ийнхүү ярилаа.
Төгсцолмон: Монголын хүүхдүүдэд клубийн үйл ажиллагаа дутагдаж байгаа болохоор ирээдүйд сайжраасай гэсэн үүднээс энэ мангагаа хийсэн. Япон улсад хүүхдүүд нь өөрсдийнхөө сонирхлын дагуу өөрсдийгөө хөгжүүлдэг. Харин монгол хүүхдүүдэд хөгжих орчин бага байна. Клубүүд нь үнэтэй байдаг учраас зарим хүүхдүүд хичээлээ тараад хийх зүйлгүй болчихдог. Тиймээс сургуулиас нь зохион байгуулаад дэмжээсэй гэсэн утгаар хийсэн. Төгсгөлд нь гарч байгаа санаа нь болохоор хүн бүр сурч чадна гэсэн утгатай. Чадахгүй гэж хүмүүс хэлсэн ч гэсэн өөрийгөө сайжруулаасай гэсэн утгаар хийсэн. Би багшаар сурч байгаа болохоор хүүхдүүдэд дутуу байгаа зүйлийг их олж хардаг. Тийм болохоор тэр бүхнийг багтаагаад өөрчлөх зорилгоор энэ мангагаа хийсэн. Манга бол ямар нэгэн зүйлийг хүмүүсийн сэтгэл зүрхэнд ортол ойлгуулдаг. Бас хөгжилтэй, жоохон хүүхэд ч гэсэн үзээд ойлгох боломжтой гэдгээрээ өвөрмөц байдаг. Харин аниме үзээд 12 жил болж байна.
Комикс нь өдийг хүртэл дэлхийд хэдэн сая хүнийг байлдан дагуулсан асар хүртээмжтэй урлаг болон хөгжжээ. Монголчууд бидэнд төдийлөн танил бус байсан комикс, манга урлагийг 2000 оны эхэн үеэс манай улсын хүүхэд залуус сонирхож эхэлсэн байдаг. Улмаар “Монголын нууц товчоо”-нд тулгуурласан “Чингис хаан” нэртэй 20 цуврал комикс номыг хүүхдүүдэд зориулж хялбаршуулан бүтээсэн. Энэ нь Чингис хааны төрөхөөс насан эцэслэх хүртэлх амьдрал, түүний байлдан дагуулал, Монголын эзэнт гүрний түүхийг өгүүлсэн танин мэдэхүйн зурагт ном гэдгийг борлуулалтын ажилтан Хас хэллээ.
Хас: Манай Чингис хаан комикийн ажил 2003 онд эхэлсэн. Дандаа Монгол зураач нар оролцсон. Монголын анхны комикс гэж явдаг. Нийт 20 бүлэгтэй. Нэг ном нь дунджаар 110 нүүртэй. Чингис хаан комик нь Монголынх гэсэн онцлог дүр төрхтэй хийгдсэн. Дандаа монгол зураач нар хийсэн болохоор тэр байх. Анх 4 зураачтайгаар ажлаа эхэлж байсан. Сүүлдээ зургуулаа болоод 3 жилийн хугацаанд 20 номыг зурж дуусгасан.
Чингис хаан комик нь 2005 онд эхний дугаараа гаргасан цагаас хойш хүүхэд залуусын унших дуртай цуврал болж, олон жилийн турш уншигчдын хайр хүндэтгэлийг хүлээж үнэнч уншигчидтай болжээ. Хүүхдүүдийн хувьд сонирхолт, адал явдалт комик төдийгүй Чингис хаан, Их Монгол улсын түүхийг сонирхолтой аргаар сурч мэдэх, эх түүхээрээ бахархах зэрэг үр өгөөжтэй үнэ цэнэ бүхий цор ганц Монгол комик аж.
Сүүлийн үед дэлхийн олон улс үндэстний спорт тоглоомууд манай улсад нэвтрэх болсон нь хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжийг олгож байна. Түүний нэг нь Японд үндэсний Кэндама тоглоом юм. Энэхүү модон тоглоом нь анх XVI зуунд Франц улсад үүсэж торгоны замаар дамжин Япон улсад дэлгэрэн уламжлалт тоглоом болтлоо хөгжжээ. Кендама тоглоом нь хүүхдийн нүдний хараа, гарын эв дүй, авхаалж самбааг сайжруулахаас гадна 2 гараараа ээлжлэн тогловол баруун, зүүн тархины хөгжилд ч эерэг нөлөөтэй гэдгийг Кэндамагийн багш Б.Эрдэнэчимэг хэлж байна.
Б.Эрдэнэчимэг: Поп соёлын арга хэмжээнд бид нар 2 дахь жилдээ оролцож байна. Кэндама тоглоомыг манай Монголд огтын мэдэхгүй байсан. Харин одоо бол хөдөө хотгүй бүгдээрээ мэддэг болсон. 30, 40, 50 нас хүрч байгаа хүмүүс тоглож байна. Цэргийн ангиар очиход цэргүүд тоглож байдаг. Амралтын газар явж байхад гэр бүлээрээ тоглож байх жишээтэй. Хирошима хотын баруун бүсийн тэргүүн Эмада Хирому гэдэг хүн анх 2000 онд надтай холбогдож хамтарч ажиллах уу гэдэг санал тавьсан. Түүнээс хойш Япон хүмүүсийнхээ сайхан сэтгэлийн хандиваар хөдөө орон нутаг, захын хорооллын хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд энэ тоглоомыг зааж байна. Энэ тоглоомыг тоглосноор анхаарал маш хурдан төвлөрнө, хараа сайжирна, баримжаа мэдрэмж сайжирна. Мөн сагс волейбол тоглохтой адилхан маш богино хугацаанд биеэс хар хөлс гардаг. Тиймээс эрүүл мэндийн хувьд маш хэрэгтэй. Хоёр гар дээрээ зэрэг сурч чадвал баруун, зүүн тархи зэрэг хөгжөөд дунд тархи маш хурдан сэргэх санах үйл ажиллагаанд ордог. Нэг Кэндама авчихсан байхад бүр 30 жил тоглох боломжтой.
Монгол Японы поп соёлын өдөрлөгийн үеэр кендама тоглодог 15 хүүхэд ирж сонирхолтой үзүүлбэр үзүүлэхийн зэрэгцээ хүүхэд багачуудад тоглоомын ач тусын талаар сурталчиллаа. Үргэлжлүүлэн тэдний төлөөлөл болох О.Золбаяр, Н.Есөнзаяа нарын яриаг хамтдаа сонсъё.
О.Золбаяр: Би кэндама тоглоомоор 5 дугаар ангиасаа эхэлж тоглосон. Хичээллээд одоогоор 10 гаруй жил болж байна. Кэндама тоглохоор үе мөчний асуудал байхгүй болдог. Хөдөлгөөний дутагдалд хэзээ ч орохгүй байх давуу талтай.
Н.Есөнзаяа: Би нэг жилийн өмнө суралцаж эхэлсэн манай найз анх танилцуулж байсан. Би өөрөө маш их сонирхдог байсан. Гэвч эмэгтэй хүүхэд тоглодоггүй байх гэж боддог байлаа. Тэгээд багшийгаа хараад урам орж тоглож эхэлсэн. Би кэндама тоглодог болсноос хойш утасны хэрэглээгээ багасгасан. Байнгын хөдөлгөөнтэй байдаг болсон.
Японы поп соёлын өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой үйл ажиллагаа бол бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа байдаг. Энэ удаагийн хаврын өдөрлөгт “Хокагэ шоп”-ийн хамт олон ирж оролцсон нь олны анхаарлыг татаж, анимэ, манга сонирхогч хүүхдүүд, японы соёл, уламжлал сонирхдог хүмүүсийн хөлд дарагдаж байлаа. Одоо үргэлжлүүлэн “Хокагэ” шопын үүсгэн байгуулагч А.Ундармаагийн яриаг хамтдаа сонсъё.
А.Ундармаа: Монголд байгаа дэлгүүрүүдээсээ хамгийн сонголт сайтай, хамгийн олон төрөлтэй, боломжийн үнэтэй, дээрээс нь чанарын хувьд мэдээж муу биш. Хүүхдүүдийн дунд хамгийн их тарчихсан дэлгүүр л дээ. Ер нь бол манай үйлчлүүлэгч нар бүгдээрээ манай дэлгүүрийг мэддэг болсон. Манайх энэ поп өдөрлөгт гурав дахь удаагаа орж байна. Энэ үйл ажиллагааны албан ёсны худалдаа эрхлэх боломжтой ганц дэлгүүр байгаа. Өмнөх өмнөх эвентүүдийг бодвол маш олон хүүхэд ирсэн байна. Дэлгүүр дээр сонголт их байгаагаас өнөөдөр хүүхдүүд худалдан авахад амар бүтээгдэхүүнүүд болох баримлууд, бөгж, бугуйвч, түлхүүрийн оосор борлуулж байна. Мөн өөрийн дэлгүүрийн хийдэг футболк цамцыг авчирсан.
Монгол Японы поп соёлын өдөрлөгийг зорин ирсэн хүмүүс кимоно өмсөж зураг авахуулах, хөгжөөнт тоглоом тоглох зэргээр нэг өдрийг үр бүтээлтэй хөгжилтэй өнгөрүүллээ. Энэ төрлийн арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулснаар манай хоёр орны соёл урлагийн харилцаа хөгжихийн зэрэгцээ, харилцан бие биеийнхээ соёлтой танилцаж, иргэн хоорондын ойлголцол нэмэгдэж байгаа нь сайшаалтай.
Үзсэн: 2796
Tweet