ЕХ хандивын аянд нэгдэв
Европын холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз-ийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсад тулгарч буй зудын бэрхшээлийг даван туулахад зориулан Европын холбооноос олгож буй 500 мянган еврогийн хүмүүнлэгийн тусламжийн батламж гардууллаа. Европын холбооноос үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг зудын хүндрэлтэй тулгарч буй 1850 өрхөд хүргэх юм. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцаж, энэ онд тохиож буй Монгол Улс, Европын холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг бодит үр дүнтэй тэмдэглэхийг чухалчилж байгааг талууд онцоллоо. Тухайлбал, Аймаг, сумдын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн хүрээнд бүсчилсэн хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банкнаас 45 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, Европын холбооноос 9.4 сая еврогийн буцалтгүй тусламжийг эхний ээлжинд олгохоор болсныг сайшааж, талархал илэрхийллээ. Мөн Европын холбооны “Дэлхийд гарах гарц”, “Ногоон гэрээ” зэрэг хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжиж буй болон цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар ярилцав.
Үзсэн: 821
Tweet