Бүргэдийн баяр энэ сарын 9, 10-ны өдрүүдэд болно
Наадмаас уламжлалт зан заншил хадгалсан байдал, дээл хувцасны өнгө дизайн зэргийг харгалзан, үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчин шалгаруулдаг
Бүргэдийн баяр наадмыг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт энэ сарын 9, 10-ны өдрүүдэд 14 дэх жилдээ зохион байгуулна. Бүргэдийн баярыг тэмцээн, уралдааны хэлбэрээр зохион байгуулж, оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулган, бүргэдээр ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсан орж ирж эхлүүлдэг. Эндээс уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, дээл хувцасны өнгө дизайн зэргийг харгалзан, үндэсний хамгийн сайхан хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчин шалгаруулдаг. Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Бүргэдээр ан хийх уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсжээ. Энэ уламжлалыг хадгалж ирсэн улсын хувьд 2010 онд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, “Монголын бүргэдчид” холбоо хамтран хаврын улирал, Наурызын баярыг угтан Казак үндэстний ёс зан заншил, өв уламжлал, давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулах, залууст өвлүүлэн үлдээх зорилгоор зохион байгуулж байна.
Үзсэн: 542
Tweet