Хүндийг өргөлтийн тамирчид мөнгө, хүрэл медаль хүртлээ
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж манай тамирчид мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирэхээр болж байна. Монголын тамирчдын медалийн салхийг эмэгтэйчүүдийн 64 кг-д олон улсын хэмжээний мастер Г.Ануужин хагалсан. Тэрбээр энэ удаа мөнгөн медалийн тавцанд зогссоноор гурван жил дараалан тивийн аваргаас медаль хүртсэн юм. Тэгвэл эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл, өсвөр, залуучуудын Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт О.Төгс-Эрдэнэ хүрэл медалиар энгэрээ мялааж, манай тамирчдын медалийн буухиаг үргэлжлүүллээ. Монголын хүндийг өргөлтийн тамирчид энэ тэмцээний дараах байдлаар насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 алт, 33 мөнгө, 66 хүрэл медаль хүртээд байна.
Үзсэн: 552
Tweet