Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

"Арьсан дээрх хатгамал"


Densmaa 2024-02-08 11:02

Уран хатгамалч Д.Мягмарбаясгалан Азийн урлагийн их наадам, Нүүдэлчин монгол фестиваль, Уран хатгамалчдын улсын IV уралдаанд өөрийн бүтээлээрээ амжилттай оролцжээ.

     Гар урлал бол хүмүүн төрөлхтний үйлдвэрлэлийн дагуу үүсэн бүрэлдэж, алхам алхмаар боловсрон төгөлдөржиж, өнөөгийн нийгэмд уламжлагдан ирсэн эд болон оюуны соёлын дутагдаж болшгүй чухал зүйл мөн. Монгол үндэстний гар урлалын бүтээгдэхүүн өнө удаан жилийн түүхтэй, өвөрмөц чанартай, төрөл зүйл, уран нарийн хийц, гоё сайхан, эрхэмсэг байдгаараа онцлогтой. Үүнд оёдол хатгамал, зээгт наамал, модон, ясан, чулуун сийлбэр, алт мөнгөн урлал зэрэг маш олон гар урлалын бүтээгдэхүүн багтаж, эрт дээр үеэс хүмүүсийн бахархал таашаалыг хүртсээр иржээ. Гар урлалын бүтээл нь ихэвчлэн мод, яс, чулуу, эсгий, арьс зэрэг бэлэн материалыг хүний оюун санаа болон биеийн хүчээр урлан бүтээх зориулалттай. Түүнийг хүний амьдралын хэрэгцээг хангах, гоёж чимэглэх зорилгоор ашигладаг. Үүгээр ч зогсохгүй монголчуудын урлан бүтээх арга барил нь ч өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Бөс даавуу, арьсаар урлан бүтээхэд эсгэх, хайчлах , оёх, хатгамаллах аргыг хэрэглэдэг бол чулуугаар урлан бүтээхэд цохиж хэлтлэх, үрж билүүдэх, сийлж сийлбэрлэх аргыг хэрэглэдэг. Монгол түмний өнө эртнээс уламжлалтай гар урлалын энэ өв соёлыг монгол эмэгтэйчүүд өөрийн биеэр үеэс үед, үрээс үрд уламжлан үлдээсээр байна. Тэдний нэг бол манай нэвтрүүлгийн зочин уран хатгамалч Д.Мягмарбаясгалан юм. Тэрээр 2011 онд анх сэтгэлтэй хүндээ даалин оёж өгснөөр үйл урлалынхаа гарааг эхлүүлжээ.

Д.Мягмарбаясгалан: 2011 онд найз залуудаа даалин оёж өгөх үүднээс анх даалинг оёж үзсэн. Явцын дунд алдаа оноон дээрээ суралцсаар одоог хүрч байна. Зүү ороох оёдол гэдэг бол зөвхөн зөв ороохоосоо гадна маш олон деталиудтай байдаг. Яаж өнгөө гоё уусгаж гаргаж ирэх вэ? Сүлжиж оёх амьтан оёх материалын зөв сонголт гээд маш олон зүйл байдаг. Найз залуудаа даалин бэлэглэсний дараа торгон дээр дайлан оёсон. Материалаа буруу сонгосноос болоод тэр даалин маань оёж байх зуураа элэгдчихсэн. Тэгээд яаж хийвэл илүү бат бөх чанартай гоё болох бол гээд зөндөө туршилт хийж үзсэн. Ингээд арьсан дээр оёх нь зөв юм байна гэж шийдсэн. Гэхдээ арьс ч гэсэн сайнтай муутай учраас сонголтоо зөв хийх хэрэгтэйг ойлгосон. Хамгийн анхны арьсан дээр зүү ороод оёж байсан хавтага маань энэ байна даа. Дан утсаар хүүгийнхээ үсний найранд хүүдээ зориулж аяганы уут хийсэн. 5х5-ын харьцаатай мөнгөн аяганд тааруулж хийсэн хавтага. Хажуу тал дээр нь Монгол бичгээр миний хүү урт насалж удаан жаргаарай Сэдбазар гэж зүү ороож бичсэн. Үүн дотор одоо манай хүүгийн унаган даахь нь байгаа 18 нас хүрэхээр нь сүү ууж байсан мөнгөн аягыг нь хийж өгнө гэж бодож хадгалдаг.

     Хөөргөний даалин бол Монголын ард түмний гар урлалын дуусашгүй өв сангийн нэгээхэн хэсэг бөгөөд эр хүний гангараа төдийгүй энергийн уут юм. Энергийн уут гэхийн учир нь эмэгтэй хүн бүр үйл урлаж, оёж хатгахдаа хайртай аав, хань, хүүдээ, дүүдээ үргэлж сайн сайхныг бодон, хайрлах сэтгэлээ бүхэлд нь шингээн хийдэгтэй холбоотой. Ийнхүү хайраа шингээн урласан дээл хувцас, эдлэлээр гоёсон эр хүн сэтгэл өөдрөг, уужуу тайван, түшигтэй, хайртай хүнийхээ ерөөлөөр ажил үйлс нь бүтэмжтэй байдаг гэдэг. Тэрээр энэ өнө эртнээс уламжлалтай бэлгэдлийг бодож анх хөөргөний даалин урлаж эхэлсэн боловч удалгүй түүнийгээ бизнес болгон өргөжүүлжээ. Монгол малынхаа арьсан дээр зүү ороож даалин оёхыг сурталчлах үүднээс “Арьсан даалин урлацгаая” гэсэн фэйсбүүк фейж хуудас нээж түүгээрээ арьсан даалингийн бэлдэц борлуулж эхэлсэн байна. Одоо уран хатгамалч Д.Мягмарбаясгалангийн яриаг үргэлжлүүлэн хүргэе.

Д.Мягмарбаясгалан: 2013 оноос хойш арьсан дээр даалин оёж эхэлсэн. Торгыг бодоход чанартай удаан эдэлгээтэй сайхан цэвэрхэн хадгалах юм бол нэг хүн эдэлж барахгүй үе дамжуулан хэрэглэх боломжтой бүтээл болдог. Үүнээс улбаалаад арьсан дайлан урлацгаая гэдэг нэртэйгээр пэйж нээж эхэлсэн. Би мөнгө л олдох юм бол арьс авдаг. Тэгээд маш олон сайжруулалт туршилт хийсэн.  Нэг удаа байнга ордог дэлгүүрийн маань бүсгүй намайг ямар гоё юм хийдэг юм бэ надад хэдэн ийм даалин хавтаганы бэлдэц зураад авчраад өгөөч би борлуулаад өгье гэсэн. Би аваачиж өгөөд тэр маань маш хурдан борлуулагдсан. Түүний дараа арьсны компанийн нэг захиралд даалин оёж өгч байсан. Түүнийхээ хариуд маш их материал авсан. Тэрүүгээрээ ерөнхийдөө бизнесээ эхэлж байсан. Надад анх санал тавьсан эгч маань намайг фэйсбүүк хаяг нээх ёстой гэж хэлсэн. Тэгээд найзтайгаа ярилцаад пэйж хаяг нээсэн. Ямар нэр өгөх вэ гэхээр нь би арьсан дайлан урлацгаая гэдэг нэр өгье гээд өгсөн. Бүсгүйчүүддээ арьсан дээр даалин хийх юм бол чанартай болдог юм шүү гэдгийг таниулж  арьсан даалин оёхыг уриалах үүднээс энэ нэрийг өгсөн. Хамгийн анх арьсан дээр зөвхөн  даалин хавтага хийж байсан бол өөрийн санаачилгаар юмнуудаа нэмэгдүүлээд олон төрөл бүрийн юм хийдэг болсон. Цүнх гэхэд 6 төрлийн загвартай 3-аас 4 төрлийн аргачлалаар бүтдэг байна. Мөн арьсан дээр тоорцгон  малгай, булган малгай, монгол дээлийн бүс, монгол гутал загварын гутал гэсэн бүтээгдэхүүн хийж бэлдэц болгон худалдаалдаг. Хүмүүс манайхаас бэлдцээ худалдаж аваад дээр нь зүүгээ ороож оёж дуусчхаад манайхаар эргүүлээд битүүлээд хэрэглэхэд бэлэн болгож өгдгөөрөө бусад газруудаас давуу талтай.

     “Арьсан даалин урлацгаая” цахим хуудсанд одоогоор 21 мянган хүн нэгдэж, түүний бэлдсэн арьсан бүтээгдэхүүний бэлдцийг худалдан авдаг. Өдөрт дөрвөөс дээш бэлдэц захиалгаар гардаг байна. Мөн гадаад ажиллаж амьдардаг монголчууд цахим хуудсаар нь дамжуулан бэлдэц худалдан авч, үнэ цэнтэй гоёмсог зүйлсийг урладаг тухай тэрээр сэтгэл бахдан ярилаа.

Д.Мягмарбаясгалан: Гадаадад суугаа монголчууд манайхаас бэлдэц маш их захиалж авдаг. Жишээ нь Солонгос Америкт Япон хамгийн сүүлд гэхэд Африк тивд хүртэл байдаг гээд холбогдсон. Мөн  Өвөрмонголоос их авдаг. Тэнд амьдардаг ар Монголчууд маань зүү ороох оёдол энэ өв соёлоо маш сайхад хадгалж танилцуулж яваа юм болов уу гэж би боддог. Ер нь 21 аймаг гадагшаа дотогшоогоо маш сайн тархалттай байгаа. Би энэ байдлаараа маш их баярлаж бахархаж явдаг. Гадаадад очвол манай хийж байгаа уруулын будгийн сав, нүдний шилний сав, картын уут зэрэг хэрэглээний юмнуудыг маш их сонирхож магадгүй гэж бодож байна. Тиймээс энэ жил жуулчдад түлхүү танилцуулъя гэсэн бодол байгаа.

     Тэрээр цар тахлаас хойш өрхийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулж байгаа учраас өөрөө эсгүүр оёдол гээд ихэнх зүйлээ хийдэг. Гэхдээ Монгол улс даяар төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс өөрт нь итгэл хүлээлгэн, дэмждэг хүмүүсийн захиалгыг хоцроохгүй байх үүднээс бүхий л цаг зав боломжоо зарцуулан ажилладаг тухайгаа бидэнтэй мөн хуваалцсан юм.  

Хамгийн анх арьсан даалин хийж байсан тэрээр олон зүйлийг туршиж, тасралтгүй хөдөлмөрлөсний хүчинд бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмж арьсан бүс, гутал, малгай, цүнх зэрэг зүйлүүдийг уран хатгамлын зүү ороох оёдлоор чимэглэн  хийдэг болсон байна. Энэ талаарх зочныхоо яриаг үргэлжлүүлэн сонсъё.

Д.Мягмарбаясгалан: Зүү ороож оёсон бүс бол байсан. Бүсийг хүмүүс зүүн ороож оёод хэрэглэдэг байсан. Харин би үүнийг баяжуулж маш олон хүмүүст хүргэж байгаа. Даалингаасаа илүүтэй бүсийг би хурдан оёдог. Бүсэнд эмэгтэй, эрэгтэй хүний хийморь сүлд хадгалагддаг гэж үздэг учраас бүсийг чанартай, үе дамжуулан хэрэглэхээр хийдэг. Мөн тоорцог малгай, залаатай малгай, эрэгтэй булган малгай, эмэгтэй 4 талтай арьсан малгай хийдэг. Малгайг бол хуучин цагт зүгээр торгон дээр зүү ороогоогүй хийдэг байсан. Миний хувьд арьсаар хийж үзье гэж бодоод гоё ган байх талаас нь гоёлуудтай хийдэг.  Харин арьсан цүнхийг би маш удаан бодсон. Тэгээд цүнхний үйлдвэрүүдтэй хамтарч хийхгүй бол зүгээр өөрөө хийх гэхэд учир дутагдалтай. Хэлбэр төрхийн хувьд жаахан тиймэрхүү байсан. Тэгж байгаад нэг бүсгүйтэй хамтарсан. Тэр бүсгүйдээ ийм цүнх хиймээр байна гэсэн ерөнхий санаагаа хэлсэн тэгээд улам сайжруулаад одоог хүртэл хамтарч ажиллаж байна. Сүүлийн үед гоёлын цүнх ихээр хийж байна. Энэ цүнхний давуу тал нь зүүгээ ороож оёж дуусчхаад өөрөө бичүүлж болдогоороо давуу талтай. Мөн уруулын будгийн сав, нүдний шилний хайрцаг, картын уут гээд цогц бүтээгдэхүүн хийсэн. Энэ 3 бүтээл маань улсын уралдаанаас тусгай байр аваад Төрийн ордонд тавигдсан. Зүү ороосон оёдолтой монгол гутлын хувьд маш их хугацаа шаардсан. Нэг гутлын 3-аас 6 сарын хугацаанд зарим хүмүүс бүр жил оёж байна. Сүүлийн 5 жил нэг хүнтэй хамтраад эсгүүрийг нь худалдаж аваад зүү ороож оёод тэр хүнээрээ битүүлүүлээд хийж байгаа. Хүний хүсэл гэдэг хязгааргүй. Би хүсэж л чадвал тэрийг хийнэ ээ л гэж зорьж чадвал яаж ийж байгаад болгодог юм.

     Зүү ороох оёдол нь Монгол үндэсний уран хатгамлын дотроос хамгийн нарийн төвөгтэй оёгддог бөгөөд гоёмсог оёдлын нэг юм. Эрчтэй утсаар 3-5 өнгөөр дагнаас гарган оёдог. 1 зүү 2 утсаар оёх бөгөөд ороох утас нь бүдүүвтэр, даруулах нарийн байдаг. Зүү ороож оёх аргыг арьсан эдлэлтэй хослуулах нь эдэлгээг удаашруулдаг. Мөн чамин тансаг хэрэглээ болдог тухай уран хатгамалч Мягмарбаясгалан ийнхүү ярилаа.

Д.Мягмарбаясгалан: Торгон дээр зүү ороож оёх арьсан дээр зүү ороож оёх хоёр ерөнхийдөө оёдлын технологи, техник, ерөнхий оёдлын хувьд адилхан. Харин яаж тэрүүнийгээ сайхан тааруулж оёх вэ гэдэг нь л чухал. Торгон дээр оёсноос арьсан дээр оёх илүү хурдтай байдаг. Үл мэдэх торгыг бодвол жаахан зайтай оёдог болохоор тэр. Арьсныхаа сонголтоос бас хамаарна. Арьс чинь дотроо янз бүр байдаг байхгүй юу. Би бол өөрийнхөө мэдрэмжээрээ сонгодог. Зузаан үхрийн арьс үрчийдэггүй. Түүгээр хийсэн бүс ямар сайхан чанартай бүс болгоно гэж бодно. Нимгэн торгон арьсан дээр хийсэн бүс зузаан үхрийн арьсан дээр хийсэн бүс 2 хоорондоо тэс ондоо болдог.

    Уран хатгамалч Д.Мягмарбаясгалан үндэсний өв соёлын дархлаа болсон зүү ороох хатгамалтай дээл хувцас, малгай, бүс, монгол гутал зэргийг үргэлж өмсөж хэрэглэдэг. Ингэхдээ тус тусад нь салгаж биш уламжлалт ёсоор нь иж бүрнээр өмсөж явдаг байна.

Д.Мягмарбаясгалан: Би чинь бүрэн утгаар нь зүү орсон монгол хувцсаа өмсөж явдаг шүү дээ. Миний энийг бас даган дуурайж байгаа хүмүүс асар их байгаа. Намайг ингээд гадуур явж байхаар Хөөе ямар гоё юм бэ? яасан гоё болчхоо вэ хаачих нь вэ гэсэн хүмүүс их таардаг. Тэгэхээр нь би Монгол хүн монгол үндэснийхээ дээл хувцсыг өмсөхөд шалтгаан хэрэггүй ээ гэж хариулдаг. Зүгээр жирийн үед ч гэсэн өмсөөд л явж байхад гоё шүү дээ монгол хувцас чинь. Халуунд халууцуулахгүй, хүйтэнд дааруулахгүй. Монгол гутлаа зуны 6 сард өмсөөд явж байхад халууцахгүй байна уу гээд байдаг. Үнэн хэрэгтээ маш сэрүүхэн байдаг. Харин хүйтэнд болохоор маш гоё дулаахан байдаг. Монгол дээл хувцсаа цогцоор нь хэрэглэвэл үнэхээр гоё тансаг харагддаг юм шүү. Монгол хувцас ямар гоё сүр бараатай, чамин тансаг хэрэглээ вэ гэдгийг харуулахыг хүсдэг. Хүмүүст хандаж хэлэхэд заавал зүү ороохдоо гол нь биш цогцоор нь хэрэглээд хааяа ч гэсэн явж байгаасай. Монгол хүн монгол үндэснийхээ дээл хувцсаар сайхан гоёход ямар ч шалтгаан хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Урлаач бүсгүйчүүд залуучууддаа хандаж хэлэхэд, Хийсэн бүтээлээ хамгийн сайхнаар хадгалах тэр ухаанаа олоорой гэж зөвлөмөөр байна.

     Тэрээр урлан бүтээсэн зүйлсээ олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үүднээс өнгөрөгч оноос эхлэн гадаад, дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцож эхэлсэн байна. Тодруулбал, Азийн урлагийн их наадам, Нүүдэлчин монгол фестиваль, Уран хатгамалчдын улсын 4-р уралдаан зэрэг амжилттай оролцжээ. Мөн арьсан гутал, малгай, бүс, даалин зэргийн бэлдэц гаргадаг учраас түүний ур ухаанаа шингээж гаргасан бэлдцээр хийсэн бүтээлүүд гадаад дотоодын олон үзэсгэлэнд оролцдог байна.  Гар урлалын бүтээлүүд тухайн  улсын түүх, өв соёлыг олон улсад таниулж улсын нүүр царай болдог онцлогтой. Монгол үндэстний эдийн болон  оюуны соёл хөгжин сайжрахын зэрэгцээ уламжлалт гар урлалын соёл ч мөн өнгөжин хөгжсөөр байна. Цаашид дэлхийн хаана ч байхгүй энэ үнэт өв соёлоо сургалтаар дамжуулан үр хойчдоо өвлүүлэн залгамжлуулах нь Монгол үндэстний чухал ажил болно.

 

Үзсэн: 1566

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна