Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа гарч байна
Арга хэмжээний гол зорилго нь импортын барааны худалдан авалтыг багасгах, дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх юм.
Монголчууд Сар шинийн баярын хэрэгцээнд 1.3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн судалгааг Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Үүний 70 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулдаг байна. Энэ үзүүлэлтээс үүдэн Нийслэлийн засаг даргын тамгын газраас Сар шинийн баярын үеэр гадагш урсаж байгаа валютын урсгалыг багасгах ямар боломж байгаа талаар өргөн хүрээний судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, малчдыг оролцуулсан урт хугацааны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах шийдэлд хүрчээ. Ингээд Нийслэлийн засаг даргын санаачилгаар 9 дүүрэг, 21 аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг харуулсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг өнгөрсөн жилээс зохион байгуулж эхэлсэн юм. Энэ удаагийн “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 12-наас хоёрдугаар сарын 9-нийг хүртэл Шинэ зуун айл худалдааны төвд болж байна. Тус арга хэмжээний гол зорилго нь импортын барааны худалдан авалтыг багасгах, дотоодын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, мөн үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Энэ жилийн тухайд оролцогчдын тоо нэмэгдэж үзэсгэлэн худалдааны хүрээ тэлсэн гэдгийг Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын сургалт, судалгаа маркетингийн хэлтсийн дарга Л.Цолмонтуяа хэллээ.
Л.Цолмонтуяа: Өмнөх жилтэй харьцуулахад оролцогчийн тоо 2 дахин нэмэгдсэн. Энэ жилийнхээ арга хэмжээг бид нар өмнөх жилийн борлуулалтын орлого дээрээ үндэслээд 2 дахин нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн жил энэ арга хэмжээнд орсон, худалдан авч байсан иргэд маань хүлээгээд байж байсан. Оролцогчид худалдан авагчид өргөн дэлгэр байна. Өнгөрсөн жилийн тухайд 48,9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлогыг хийсэн. Зарим хүмүүс энэ арга хэмжээг зөвхөн үзэсгэлэн худалдаа гэж ойлгоод байдаг. Гэвч энэ арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтын ажлууд уламжлал ёсоороо үргэлжилнэ. Мөн томоохон ААН-үүд жижиг ААН-үүдээсээ түүхий эд худалдан авах түүхий эдийн бэлтгэлийн гэрээнүүд бас хийгддэг. Мөн санхүүгийн байгууллагуудаас ЖДҮ эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ бас танилцуулж оролцдог. Энэ арга хэмжээг зохион байгуулах гол шалтгаан нь Монгол улсын нийт өрхүүд цагаан сарын бэлтгэл ажилдаа зориулж 1,3 их наяд төгрөгийг зарцуулдаг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр бид нар энэ гадагшаа урсаад байгаа валютын урсгалыг дотооддоо барьж үлдэх мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж үндэсний үнэнч хэрэглэгчдийг бий болгох гадаадаас гарын бэлгээ авахгүй байх гэсэн уриалгуудыг гаргаж байгаа. Дээрээс нь энэ жилийн бас нэг онцлог нь Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа жижиг үйлдвэрүүдийг сонирхож ирж үзэх ийм төлөвлөсөн ажил бий. Энэ хүрээнд томоохон үйлдвэрүүд маань жижгүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэг арга хэмжээг хийхээр төлөвлөж байна. Өнгөрсөн 2023 онд нийслэлийн ЖДҮ-ийг дэмжих төв нийслэлийн өмчит үйлдвэрийн газар дотоодын 20 орчим гадагшаа чиглэсэн 5 үзэсгэлэн арга хэмжээг хийсэн. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүний стандарт сав баглаа боодол нэлээн сайжирч байгаа. Мөн тоо хэмжээ өсөж байна. Бид чанарт илүү анхаарч байгаа учраас чанар бас нэлээн дээшилсэн гэж бардам хэлье.
Монгол улсын хэмжээнд 918 мянган өрх бий. Үүний 420 мянган өрх айл нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Иймээс зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчдэд бүтээгдэхүүний нөөцтэй байх, чанарын шаардлага стандарт хангасан байх гэсэн шалгуур үзүүлэлтийг тавьсан байна. Гэхдээ эдгээр шаардлагад нийцсэн мянга мянган үйлдвэрлэгч манай улсад байгаа учраас аль болох олон аж ахуй нэгж, байгууллага хувь хүмүүсийг оролцуулахыг хичээжээ.
Сар шинийн үзэсгэлэн худалдаа болж буй Шинэ зуун айл худалдааны төв нь 8400 метр кв.т талбайтай, гаднаа хоёр мянган машины зогсоолтой гэдгээрээ онцлогтой. Мөн энэ чиглэлийн 50 нийтийн тээврийг шинэ маршрутаар явуулахаар зохион байгуулалт хийсэн байна. “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаанд хоёр мянга орчим аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Иймээс иргэд нэг дороос сар шинийн баярын бэлтгэлээ бүрэн базаах боломжтой юм. Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын төсөл хөтөлбөр, инновацын хэлтсийн дарга М.Мөнхжаргал ярилаа.
М.Мөнхжаргал: Бараа бүтээгдэхүүнээ үндэсний хувцас, бэлэг дурсгал, хүнс гэсэн 3 чиглэлээр нийт 6 блок байршилд хуваарилсан. Үзэсгэлэнд оролцож байгаа ЖДҮ эрхлэгчдээс ямар нэгэн төлбөр хураамж огт авахгүй гэдгээрээ онцлогтой. Харин үйлдвэрлэгчдэдээ ямар шаардлага тавьж байгаа вэ? Гэхлээр нэгдүгээрт өөр хаана ч зарагдахгүй хямд үнээр оролцох ёстой гэдэг шаардлагууд тавьдаг. 2 дугаарт бараа бүтээгдэхүүний нөөцтэй байх ёстой гэдэг шаардлага тавьдаг. Сарын хугацаанд борлуулагдах учраас цөөн хоноод бараанууд дуусчихдаг. Ийм байдлаар хандахгүйгээр тогтвортой байдлыг хадгалах үүднээс барааны нөөцтэй байх ёстой гэсэн шаардлагууд байдаг. Мөн орон нутгуудаас мах махан бүтээгдэхүүн, цагаан идээ ирж байгаа. Үүнд дээр нийслэлийн Мал эмнэлгийн газар болон ХХААГ-аас байцаагч нар томилж эрүүл ахуйн шаардлага тавин ажиллаж байна. Тийм учраас иргэд маань хямд үнэтэй аюулгүй бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой.
Тус үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар хотын 9 дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүд оролцож буй. Тухайлбал Баянзүрх дүүргээс 150 орчим аж ахуй нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Одоо Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Г.Адъяасүрэнгийн яриаг хүлээн аван сонсоно уу.
Г.Адъяасүрэн: Энэ арга хэмжээг Нийслэлийн засаг дарга санаачлаад нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв голлон зохион байгуулаад харин 9 дүүрэг 21 аймгийн ЗДТГ дэмжин оролцож байна. Сүүлийн хоёр жилд цар тахлаас шалтгаалан Цагаан сарын ийм өргөтгөсөн томоохон арга хэмжээ зохион байгуулах нь маш бага байсан. Харин энэ жил бол өргөн цар хүрээтэй, зохион байгуулалт сайтай болж байна. Энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалт өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зарим үйлдвэрлэгч нөөц нь дуусаад 3 дахь удаагийнхаа татан авалтыг хийж байна гээд их үр өгөөжтэй болж байна. Манай дүүргийн тухайд одоогийн байдлаар 116 үйлдвэрлэгч оролцож байна. Үндэсний хувцас чиглэлд 40 орчим, бэлэг дурсгал 30 орчим, хүнсний бүтээгдэхүүн дээр 20 гаруй үйлдвэрлэгч борлуулж байна. Талбайн түрээсгүй учраас оролцож байгаа үйлдвэрлэгчид хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой болж байна.
Үзэсгэлэн худалдааны үеэр 9 дүүргийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв болон бусад байгууллагууд бизнес эрхлэгчдэд томоохон аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах тал дээр зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн түүнчлэн "Амар байна уу-2024" цогц арга хэмжээний хүрээнд Монгол үндэсний өв соёлын олон арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.
Сар шинийн баярт зориулсан “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаанд бэлэг дурсгалын чиглэлээр үйлдвэрлэл эрхэлдэг олон аж ахуй нэгж оролцож, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлжээ. Тухайлбал, “Mossa Brand” бэлэг дурсгалын компани давсан цэцэг болон бусад бүтээгдэхүүнээ борлуулж байна. Тус брэнд нь 2016 оноос эхлэн давсан цэцэг, бэлэг дурсгал, гэр ахуйн чимэглэлийг цоо шинэ технологиор үйлдвэрлэж эхэлжээ. Одоогоор хэрэглэгчдийн таашаалд нийцсэн 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг инноваци шингээн амжилттай үйлдвэрлэж дотоодын цэцэг, бэлэг дурсгалын зах зээлд цоо шинэ төрхийг бий болгоод байгаа юм байна.
Манайх бүх бүтээгдэхүүнээ 100 хувь байгалийн түүхий эд болох цэвэр давсаар хийдэг гэдгээрээ онцлог гэж “Mossa Brand”-ийн ажилтан Надмидмаа хэлж байна.
Надмидмаа: Манай Mossa brand нь байгалийн болон хүнсний давсаар 100 хувь эко бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэдэг. Энэ үзэсгэлэнд давсан цэцэг болон бэлэг дурсгалын бүтээгдэхүүнээ авч ирсэн. Манай бүтээгдэхүүн нь хүний биед ямар ч сөрөг нөлөөгүй. Мөн байгальд хог хаягдал болж үлддэггүй, байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Энэ жил туулай жил гарч байгаатай холбоотой тавгийн идээн дээр тавих давсан туулай гаргасан. Мөн ширээ чимэглэх зориулалттай цэцэгтэй туулай гаргасан. Манайх энэ үзэсгэлэн худалдаанд зориулаад том цэцгүүдээ хямдруулсан. Тиймээс үйлдвэрийн үнээр авах боломжтой. Бид өмнө өөр үзэсгэлэн худалдаанд оролцохоор нэгд талбайн түрээс өгдөг, хоёрт дээд тал нь 7 хоног л болдог болохоор борлуулалт муу байдаг. Харин энэ удаагийн үзэсгэлэн сарын хугацаанд мөн ямар ч түрээсгүй гэдгээрээ ач холбогдол ихтэй байна. Мөн хүмүүс маш сайхнаар хүлээж авч байна.
Бидний онцлох дараагийн үндэсний үйлдвэрлэгч бол “Es G Brand” юм. Тус брэндийн хамт олон эсгийгээр бүх насныханд зориулсан, төрөл бүрийн гутал хийж дотоодын зах зээлд борлуулдаг. Үүнээс гадна үйлчлүүлэгчдийн хүссэн загвар, өнгө, хэмжээгээр цорын ганц гутлыг хийж өгдөг байна. Энэ арга хэмжээнд оролцсоноор жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүгийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах зэрэг олон давуу талтай гэдгийг “Es G Brand” –ийн үүсгэн байгуулагч У.Хосбаяр хэллээ.
У.Хосбаяр: Манайх ES G брэнд буюу эсгий гутлын үйлдвэр. Манай компанийн нэр бол эзэнт гүрний гутал гэсэн утгатай. Дэлхий дээр 2 том эзэнт гүрэн байсны нэг нь манай Монголын эзэн гүрэн. Тэрхүү эзэнт гүрний хүмүүсийн өмсөж байсан эсгийн гутлын технологийг орчин цагийн хэв загвартай оруулаад үйлдвэрлэдэг. Ер нь найзуудтайгаа хамтраад энэ үзэсгэлэнд оролцож байгаа учраас монгол дээл, гоёл чимэглэл гээд бүхий л зүйл байна. Үзэсгэлэнгийн давуу тал нь бүтээгдэхүүнүүдээ хүмүүст харуулах, танилцуулах. Манайх дэлгүүргүй цэвэр үйлдвэрлэгч аж ахуй нэгж, зөвхөн үйлдвэрлэдэг. Тэгэхээр бусад дэлгүүрээс мэдээж хямд байдаг. Манай улсад эсгий гутал хийдэг үйлдвэрүүд цөөхөн. Гэхдээ бүгдээрээ сайн хийдэг. Сүүлийн үед чанарт анхаарч, өрсөлдөх гэхээсээ илүү бүгдээрээ хамтдаа сайжраад явж байна.
Үндэсний үйлдвэрлэгчид Сар шинийн баярт зориулсан тусгай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Үүний нэгэн жишээ болж "Бүүвэй" брэнд юм. Тус компанийн бүтээгдэхүүн 60 мянгаас 2 сая төгрөгний үнэтэй. Сардаа 300 орчим нэхий авч бүтээгдэхүүнээ хийдэг. Хэмжээнээсээ хамаарч зөвхөн дэвсэх бус гэрийнхээ интерьерт ашиглаж болохоор загварлаг өнгөлөг бүтээгдэхүүний хийхийг илүүд үздэг байна.
Одоо үргэлжлүүлэн "Бүүвэй" брэндийн үүсгэн байгуулагч М.Бадамринчинтэй уулзъя.
М.Бадамринчин: Манайх монгол хонины нэхийгээр олбог буйдангийн бүтээлэг зэрэг хийдэг Бүүвэй брэнд байна. Жишээлбэл энэ гэхэд автомашины суудал дээр эсвэл буйдан дээр тавих зориулалттай нэхий байна. Үс жигд тайралттай. Дээрээс нь өөр өнгийн нэхийгээр зүүгээд хийчихсэн, химийн будганд оруулаагүй гэдгээрээ онцлог. Монгол нэхий стресс бууруулж тайвшруулах нөлөө үздэг давуу талтай. Том хэмжээтэй болон жижиг хэмжээгээр хийдэг. Паркетн шал болон арьсан буйдан дээр тавихад их тохиромжтой байдаг. Ингэснээр шал хайрахгүй, буйдан хөлөргөхгүй давуу талтай. Манайх өнгөрсөн жилээс үзэсгэлэнгүүдээ оролцоод явж байна.
"Амар байна уу-2024" үзэсгэлэн худалдааг үндэсний хэв шинж, өв уламжлалаа харуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон зуун үйлдвэрлэгчид Монгол орны өнцөг булан бүрээс зорин иржээ. Тэдний дунд цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, модон эдлэл, арьс, ноос ноолууран эдлэл гээд бүхий л төрлийн үйлдвэрлэгчид багтсанаараа баялаг юм. Хөдөө орон нутгаас зорин ирж оролцож буй жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн нэгэн төлөөлөлтэй уулзахад "Хөвсгөл аймгийн Цагааннуур сумаас өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд ирж оролцоод урлаж ирсэн монгол дээлээ 2-3 хоногийн дотор зарсан. Тийм болохоор энэ жил маш олон дээдтэй ирсэн" гэсэн бол Архангай аймгийн Чулуут сумаас ирсэн цагаан идээ үйлдвэрлэгч "Өнгөрсөн жилийн үзэсгэлэн худалдаанд 3 тонн цагаан идээтэй ирсэн 14 хоногийн хугацаанд зарж дуусаад явсан. Энэ жилийн хувьд болохлоор 4-5 тонн цагаан идээг авч ирсэн. Хорхой ааруул 28,000, хэлбэртэй ааруул 33,000 төгрөгийн үнэтэй борлуулж байна, борлуулалт маш сайн байна" гэлээ. Харин Ховд аймгийн Үенч сумаас оролцож байгаа иргэн "Гүрмэл боорцог"-оор үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа тухайгаа ярьж байлаа. "Булууны яс буцалгаад шөлөөр нь гүрмэл боорцгоо хийдэг. Мөн айргийн шар тос сүүгээр амталж хийдэг. Яг цэвэр уламжлалт аргаар хийсэн болохоор ямар ч хаягдал гардаггүй. Аялал зугаалга янз бүрийн юманд шууд цайндаа хийгээд идчихэж болно. Хүүхдүүд шагшуур маягаар иддэг ийм эко бүтээгдэхүүн юм. Мөн уламжлалт аргаар тарьж ургуулсан хөх тариагаар хөх тарианы буудаа хийдэг. Үүнийгээ уламжлалт чулуун тээрмийн аргаар боловсруулдаг" гэсэн юм.
“Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдааны бас нэгэн давуу тал бол хүссэн бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр өөрийн байгаа газраа хүргүүлээд авах боломжийг хүмүүст олгож байна. Түүнчлэн Нийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" гэсэн цахим хуудсанд хандаад Монгол хүний ур ухаан, сэтгэл оюунаар бүтсэн бүтээгдэхүүнийг үзэж сонирхоод захиалгаар авах боломжтой. Энэхүү үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан авснаар үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, Монгол уламжлалт хэв шинжийг агуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, мянга мянган хүний ажлын байрыг хадгалан үлдэхэд хувь нэмрээ оруулах юм.
Үзсэн: 1236
Tweet