Булган аймаг "Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлж байна
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан.
“Монголд зочлох жил”-ийн хүрээнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор "Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сарыг дуустал зөвхөн БНСУ-ын жуулчдад чиглэн хэрэгжүүлж эхэлжээ.
БНСУ-ын зах зээлд ажилладаг “Хадат тур” компани 2024 оны эхний жуулчдаа хүлээн авсан бөгөөд өчигдөр Булган аймгийн Булган сумын хоёрдугаар багийн малчин Б.Цогтгэрэлийнд түр буудаллаж, хонийг нь зүсэлж өгсөн байна. Хоньтой болсон жуулчид хүсвэл хонио төхөөрүүлэх, эсвэл хот айлдаа үлдээн өвс тэжээлээр нь ханган тэжээж, өсөн үржихийг нь “Own liveStock"” аппликэйшнээр тогтмол харах боломжтой бөгөөд орчин үеийн цахим харилцааг малчидтай үүсгэлээ. Хонь авсан жуулчдын сэтгэл ханамж өндөр байсныг холбогдох албаныхан хэлсэн байна. Жуулчид “Монгол орон, монгол хүнтэй илүү дотно, ойр танилцах боломж бүрдлээ” хэмээн ярьжээ. “Нэг жуулчин-Нэг хонь” хөтөлбөрт хамрагдсан малчид жуулчдад зөвхөн хонь өгөөд зогсохгүй, Монгол орны нүүдэлчдийн уламжлалт ахуй соёлтой танилцуулж, өглөө, өдөр, оройн хоол, морь унах үйлчилгээ, нутгийнхаа байгалийн цогцолборт газраар аялуулах, хөтөч хийх зэрэг олон төрлийн үйлчилгээ үзүүлснээр төлбөр авах юм.
Уг хөтөлбөрийг БОАЖЯ, Булган аймгийн ЗДТГ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, “Хөх сүрэг” компани, БНСУ-ын зах зээлд ажиллаж буй тур, оператор компаниудтай хамтран хэрэгжүүлж байна.
Үзсэн: 1061
Tweet