"Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-д бүртгэсэн батламж гардуулах ёслол боллоо
"Цогт хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсэн батламж гардуулах ёслол “Чингис хаан” үндэсний музейд боллоо.
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо 2023 оны 5 дугаар сард хуралдсан ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрийн олон улсын зөвлөлдөх хорооны хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 64 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгэсний дотор Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Халхын Цогт хунтайжийн хадны бичээс” (Stone Inscriptions of Tsogtu Khung-Taiji, Prince of Khalkha) өв багтсан юм.
ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж" хөтөлбөрт бүртгэсэн батламжийг Соёлын дэд сайд М.Батбаяр Халхын Цогт хунтайжийн хадны бичээсийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд онцгой үүрэгтэй ажилласан болон цаашид эл дурсгалыг хадгалж хамгаалах, судлах, сурвалжлах, сурталчлах, сэргээн засварлах үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн төлөөлөлд гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газраас ирэх 2024 оны Үндэсний бичиг соёлын жил болгон зарлаж, Монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичиг нэрээр алдартай Есүнхэ мэргэний гэрэлт хөшөөний 800 жил, Халхын Цогт хунтайж хунтайжийн хадны бичээсийн 400 жилийн ойг тэмдэглэхээр тогтоод байгаа юм.
Үзсэн: 1734
Tweet