Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хайр хүндэтгэлийн урлал


Densmaa 2023-12-15 11:12

Үндэсний уран хатгамалчдын IV уралдаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргийн урлаачдын мянга гаруй бүтээл ирсэн иржээ.

     Монгол хүний ур ухаан, оюуны чадамжийн илэрхийлэл болсон гар урлалын онцгой нэгэн төрөл бол хатгамлын урлал юм. Энэхүү соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах, уран хатгамалчдыг алдаршуулах зорилгоор Үндэсний уран хатгамалчдын IV уралдааныг зохион байгуулж “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнг Монголын үндэсний музейд дэлгэн үзүүллээ. Үндэсний уран хатгамалчдын IV уралдаанд Монгол Улсын 21 аймаг, 330 сум болон нийслэлийн есөн дүүргийн урлаачдын мянга гаруй бүтээл иржээ. Бүтээлээ ирүүлсэн хатгамалчдын дийлэнх нь орон нутгаас зорин ирж оролцсон бөгөөд Ховд, Завхан, Өмнөговь зэрэг алслагдмал аймгуудаас багаараа ирж оролцсоноороо онцлог байлаа. Үндэсний уран хатгамалчдын анхдугаар уралдаан 2005 онд Дархан-Уул аймагт болсон. Удаах нь 2010 онд Улаанбаатар хотын Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд, III уралдааныг 2018 онд Уран зургийн галерейд зохион байгуулж байжээ. Өмнөх гурван уралдаанд дунджаар 300 орчим хатгамалч оролцдог байсан бол энэ удаад заалны багтаамжаас шалтгаалан 150 гаруй хатгамалчийн бүтээлийг хүлээн авсан байна. Одоо үргэлжлүүлэн Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны удирдах зөвлөл гишүүн Г.Ганчулууны яриаг хүргэе.

Г.Ганчулуун: Хайр хүндэтгэлийн урлал нэртэй уран хатгамалчдын үндэсний анхдугаар чуулганыг төрийн ордонд зохион байгууллаа. Уран хатгамал бол монголын биет бус соёлын өвийн нэг төрөл. Монгол эмэгтэй хүний есөн эрдмийн хамгийн эхэнд үйлэнд дуран байх гэж бий тэгэхээр монгол хүний их язгуур ойлголт гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд уран хатгамалчид болон бэлтгэгч багш нар олноор төрөн гарч байна. Энэ ч утгаараа салбар маань нэлээн далайцтайгаар хөгжиж байна. Уран хамтгамал бол эмэгтэй хүний сэтгэхүйн боловсролд  маш том үүрэг гүйцэтгэж байдаг. Өөрөөр хэлбэл дан ганц соёлын өв гэхээсээ илүүтэйгээр энэ бол боловсрол юм. Хатгамалын урлалаар дамжуулан эмэгтэй хүний гоо сайхан, бие, сэтгэл, оюуны өндөр боловсрол бий болгож болдог гэсэн үг. Хатгамал хийгээд сууж байгаа эмэгтэйчүүд дотоод сэтгэлээсээ хандаж, оюун ухаанаа шингээж байдаг. Тиймээс юманд их ажигч гярхай бол сэтгэлээ бясалгаж байдаг. Өнөө цагт ЕБС-ийн хүүхдүүдэд хамгийн тулгамдаж байгаа асуудал бол анхаарал дутмагшил. Хэрэв боловсролын салбарт багаас нь үйл урлах, уран хатгамал хийх тэр дундаа зүү ороох, загасан нуруу, хонин холбоо зэрэг энгийн оёдлуудыг заавал анхаарал дутмагшилийг засах боломжтой. Ингээд дүгнэхэд уран хатгамал гэдэг 1-рт соёлын биет бус өв, 2 дугаарт боловсролын маш үнэтэй технологи, 3 дугаарт нийгмийн хамгаалал буюу эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих боломж юм. Эмэгтэйчүүд чөлөөт цагаараа уран хатгамал хийж нэмэлт орлого олох тохиолдол их байдаг. Ингээд харахаар Монгол улсыг хөгжүүлэх стратеги зорилтод чухал ач холбогдолтой салбар гэж ойлгож болно.

    Соёлын яам, Соёлын өвийн үндэсний төв, Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбоо хамтран Уран хатгамалчдын үндэсний анхдугаар чуулганыг мөн зохион байгуулсан. Тус чуулганаар Монгол Улсын соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллага, урчууд хэрхэн хамтарч ажиллах боломжийн талаар хэлэлцлээ. Мөн хатгамлын урлагийн соёлын өвийг өвлүүлэх хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгах, тусгасан тохиолдолд түүний зохистой хэм хэмжээг тодорхойлох зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Тус чуулган нь уран хатгамалд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж бололцооны талаар олон нийтийн санал санаачилгыг сонсож, туршлага хуваалцсанаараа онцлог байсныг Монголын Үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооны удирдах зөвлөл гишүүн Г.Ганчулуун ярилаа.

Г.Ганчулуун: 1998 оноос хойш 4 дэх уралдаанаа зохион байгуулж байна. Уран хатгамалчид маань өөрийн билиг оюун, чин сэтгэлээ шингээж урласан бүтээлүүдээрээ хоорондоо өрсөлдөж аваргаа шалгаруулахыг олон жил хүсэн хүлээсэн байдаг юм байна. Энэ уралдаанд зүү ороох, загасан нуруу, зоосон ширээний сүлжмэл гээд маш олон төрлийн бүтээлүүд оролцож байна. 5 үеэрээ 3 үеэрээ оролцож байгаа хүмүүс ч бас байна. Уралдааны бүтээлүүд маш нарийн хийцтэй, хөдөлмөр шингээсэн, их тэвчээр гаргаж, тууштай сууж хийсэн бүтээлүүд байгаа болохоор үзэгчдийн сэтгэлийг их хөдөлгөж байна. Уралдааны номинацууд төрөл төрлөөрөө өөр 7 номинац, шүүгдийн нэрэмжит шагнал гээд нийт 8 төрөл болж байна. Тодруулбал, уран хатгамлын төрөл, зоосон ширээний сүлжмэл, эсгий урлал, зээгт наамал,  ширмэл урлалын төрөл байна. Мөн дээрээс нь Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн төрөл гэж тусгайлан орж ирсэн. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг бол худалдаанд гаргахад зориулсан, шууд хэрэглэх бүтээлүүд байгаа.  

     “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд оролцогчдоос долоон төрөлд шилдгүүдийг тодруулсан. Үндэсний уран хатгамалчдын уралдаанд шилдгээр шалгарсан эдгээр уран бүтээлчдийг цаашид дотоодын болон Олон улсын урлаг соёлын наадам, үзэсгэлэн, уралдаанд зуучилж дэмжин ажиллахаа Монголын үндэсний уран хатгамалчдын холбооноос илэрхийлсэн юм.

Монголчуудын уран хатгамал нь эмэгтэй хүний нарийн ухаан, торгон мэдрэмжээс бүтдэг. Уран хатгамал нь технологийн нарийн аргачлалаараа монгол улсын биет бус өвд бүртгэгдсэн бөгөөд ЮНЕСКО-д бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байна. Хатгамал гэдэг ойлголтод зүү ороох, загасан нуруу, зээгт наамлыг багтаан ойлгож буй. Учир нь дэлхийн улс орнуудад олон төрлийн хатгамлын төрөл байдаг. Дээрх гурван оёдол нь зөвхөн Монголын биет бус өвд бүртгэгдсэн тул энэхүү ойлголтыг хамруулж байгаа юм. Өв соёлыг хадгалах, сурталчлах  зорилготой Хайр хүндэтгэлийн урлал 4-р уралдаанд зүү ороох, загасан нуруу, зээгт наамал, эсгий ширмэл, зоос ширээний сүлжмэл болон уран хатгамлын бусад олон төрлийн урлаачид оролцлоо. Тэдний нэг бол Хэнтий аймгаас зорин ирсэн уран хатгамалч Ж.Эрдэнэсувд. Тэрээр зоогийн ширээний чимэглэлийг зүү ороох оёдлоор ихэд гоёмсог урлажээ.

Ж.Эрдэнэсувд: Уран хатгамалчдын улсын уралдаанд анх удаа бүр зорин ирж оролцож байна. Бүтэн жилийн хугацаанд энэ уралдаанд зориулж нэгэн бүтээл урласан. Зүү ороох гэхээр хамгийн түрүүн хүмүүст даалин, хавтага бодогддог. Тиймээс би уран хатгамалын гайхамшгийг яавал олон хүмүүс мэддэг болж өдөр тутамдаа хэрэглэж болох вэ? юун дээр урлавал энэ бүтээл маань илүү хэрэглээ тал руугаа болох вэ гэдэг тал дээр нэлээд бодож үзсэн. Ингээд сүүлийн үед охид бүсгүйчүүд маань ширээ засалтдаа онцгойлон анхаардаг болсон учраас ширээ заслын цогц зүйлийг уран хатгамалаар бүрдүүлэх нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Халуун ам бүлээрээ ширээ тойрон суухдаа үндэснийхээ өв соёлоор бахархан, идээ ундаагаа зовлон хүртэх энэ боломжийг бүрдүүлэх үүднээс ийм ширээний цогц бүтээлтэй ирсэн. Энэ цогц бүтээлд маань ширээний бүтээлэг, голд тавьдаг алчуур болон амны алчуур, мөн хэдэн хүнд зориулж хийсэн байна гэдгээсээ хамаараад сандлын зөөлөвч дэр багтсан байгаа. Сандалын дэрэн дээр нь үндэстнийхээ ахуйг шингээж өгөхийн тулд товч зангидах, зүү ороох, зоосон, шинийн сүлжмэл, загасан нурууны оёдолоор урласан. Манай монгол уламжлалт хээ гэдэг үнэхээрийн утга төгөлдөр зүйл байдаг. Тэгэхээр гэр бүлээрээ хамтдаа сууж хооллоно гэдэг үүднээс цэцэг навчин хээг дүрсэлж өгсөн. Цэцэг навчин хээ нь өсөж үржиж байхын бэлгэдэлтэй бөгөөд дүүрэн жаргалтай, сайн амьдралыг бэлгэддэг. Харин ширээнийхээ гол тавьдаг урт алчууран дээр цэцгийнхээ 2 хажуу талаар эвэр угалзан хээ дүрсэлж өгсөн. Энэ нь тухайн айлын гишүүдийн хүсэл зорилго өөдөө тэмүүлж байх, урт удаан наслахыг бэлгэдэж байгаа юм.  

     Уралдаанд оролцсон хамгийн залуу урлаач нь 15 настай байсан бол хамгийн ахмад хатгамалч нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул иргэн 80 настай Ц.Сэндэм байлаа. Тэрээр улсын уран хатгамалчдын уралдааныг найман бүтээлтэй зорин ирсэн. Ах дүү гурван баатар, азарганы ноцолдоон зэрэг зургуудыг задгай хатгамлын аргаар урласан нь түүний гол хоёр бүтээл гэнэ.  

Ц.Сэндэм: Би бага байхаасаа л уран хатгамалаар цэцэг навс хатгаж эхэлсэн. Багшийн сургуульд сурч байхдаа Цэвэгжав авгийндаа хатгамал хийдэг байсан. 1 метрийн урттай 60 см өргөнтэй морь уургалж байгаа хүний зургийг авга ах маань зурж өгсөн. Түүнийг нь шприцний зүүнд оёдолын машины утас шургуулж байгаад гогцоо хатгамал гэдгийг хийж эхэлсэн. Нэг удаа Дорнод аймгийн төвд явж байсан чинь хатгамалын үзэсгэлэн нээгдсэн байхыг үзсэн. Тэнд нэг эмэгтэй Хэрлэн голын долгиог мяралзуулж байгаад хатчихсан байсан. Тэрнийг хараад  яаж ингэж гоё хатгадаг байна аа. Би хожим хойно үүнээс дутахааргүй юм хийдэг хүн болно доо гэж л бодсон. Жинхэнэ хатгамалаа хаанаа эхэлсэн юм гэхээр 8 жилийн хугацаанд хөдөө хонь малласан юм тэгэхдээ жоохон жоохон юмыг хийсэн. Хамгийн удаан хугацаа зарцуулсан бүтээл маань ах дүү гурван баатар. Архангай аймгийн ногооны сурагчаар 3 дахь жилдээ явахдаа дуусгасан.

       Бидний дараагийн онцлох урлаач бол тус уралдааны хамгийн урт, хамгийн том бүтээлийн эзэн Н.Найдан. Түүний хувьд дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Марзан Шаравын Монголын нэг өдөр бүтээлийг зээгт ширмэлийн аргаар бүтээжээ. 

Н.Найдан: Би энэ бүтээлийг 3-4 жил оёсон.  Би өөрөө Марзаншарав гуайн монголын нэг өдөр гэдэг энэ зургийг их хардаг байсан. Тэгээд их гоё зураг учраас үүнийг зээгт ширмэлийн аргаар хийсэн. Тэмээний зогдорыг ээрүүлээр ээрч утас гаргаад тэр утсаар нь хийсэн нийт 17 метр урттай.  Энэ зурагт монголчуудын хөдөөгийн амьдрал, машин техникгүй байх үеийг харуулсан байдаг. Жишээлбэл энэ хүн морины дэл засаж байна. Тэнд тэрэг, араг шээзгий, аргаль хөрзөн гээд ахуй амьдралын бүх зүйл бий.

   Үндэсний уран хатгамалчдын IV уралдааныг тохиолдуулан зохион байгуулж буй “Хатгамаллах урлагийн гайхамшиг” үзэсгэлэнд урлаачид өөрийн бүтээлээр оролцохоос гадна ээжийнхээ, эмээгийнхээ урласан бүтээлээр оролцсон. Тухайлбал Төв аймгийн иргэн С.Буянчулуун 58 жилийн тэртээ ээжийнхээ урласан бүтээлийг авч иржээ.

С.Буянчулуун: Миний ээж мастер үсчин Цэрэн гэж маш уран хүн байсан. Ээж минь энэ Ленин, Сүхбаатар хоёрын хөргийг 1965 онд оёсон. Тухайн үед торгон утас ховор байсан болохоор хадаг шууж оёсон байдаг. Энэ бол гайхамшигтай гоё бүтээл юм. Мөн энд бас Цагаан дарь эх байна. хэрээсээн хатгамалаар хийсэн. Энэ үзэсгэлэнд ээжийнхээ бүтээлийг оролцуулж байгаадаа баяртай байна. Би өөрөө 1965 оны нэг сард төрсөн. Ээж маань намайг  5 сартай байхад энэ Ленин, Сүхбаатар хоёрын хөргийг наадмын өмнө оёж дуусгасан гэдэг. Тэгэхээр энэ надтай нас чацуу бүтээл гэсэн үг.  

      Сүүлийн жилүүдэд зүү ороох оёдлыг зөвхөн даавуу торгон дээр хийхээс гадна арьсан эдлэл дээр гоёмсгоор урлах болжээ. Энэ төрөл нь бүсгүйчүүдээс илүү их гарын ур, тэсвэр тэвчээр шаарддаг байна. Үүнийг түгээн дэлгэрүүлж бусдад зааж зөвлөж яваа бүсгүй бол арьсан дайлан урлацгаая группийн админ Д.Мягмарбаясгалан юм. Тэрээр 2011 оноос зүү ороож оёж сурсан бөгөөд 2013 оноос арьсан эдлэл дээр оёж эхэлжээ.

Д.Мягмарбаясгалан: Би энэ пэйж хуудсыг анх "Арьсан даалин уралцгаая" гэдэг нэртэйгээр хийж байсан. Одоо бүр баяжуулаад 40 гаруй төрлийн бүтээлтэй болсон байна. Эхнийхээ загварыг өөрөө гаргадаг. Малгай хийлээ гэж бодоход булган малгайг арьсан дээр зүү ороож оёдог. Тэгээд би ингэж хийлээ та нар бэлдэц болгоод аваарай гээд пост оруулдаг. Тэгэхээр манай группийн хүүхнүүд аваад оёдог. Цүнх гэхэд л 4 аргачлалаар бүтдэг 16 төрлийн цүнх байна. Загварын гутал, Монгол гутал, булган малгай, тоорцог малгай, арьсан бүсүүд гэх мэтчилэн маш олон төрлийн бүтээлүүд болон бэлдэцүүд байдаг. Би өөрөө анх хийж үзэж байгаа болохоор  арьсаа буруу сонгох зузаан нимгэн болгох гээд материалын гологдол их гаргадаг. Харин хүмүүсийн хувьд аль хэдийнэ миний туршаад үзчихсэн бэлдэцүүдээр хийж байгаа болохоор их дөхөм болж байгаа. Музей дотор болж байгаа уралдаанд гэхэд манай бэлдэцээр  оролцож байгаа чамгүй олон бүтээлүүд байна. Ер нь бол уран хатгамалыг бас өөр түвшинд хөгжүүлж яваадаа маш их баярлаж баясаж явдаг. Мөн би өөрөө үндэснийхээ хувцас хэрэглэлийг үргэлж цогцоор нь хэрэглэдэг. Цогцоор нь хэрэглэж байж ийм гоё харагддаг юм шүү гэдгийг хүмүүст мэдрүүлэхийг хүсдэг.

       Одоогийн байдлаар нийт 52 хүн Монгол Улсын уран хатгамалч цол хүртсэн байдаг. Улсын хэмжээнд бүртгэлтэй уран хатгамалчдын ихэнх нь 30-70 насны эмэгтэйчүүд бөгөөд энэ удаагийн чуулган болон уралдаанд мянга орчим уран хатгамалч оролцож монгол эмэгтэй хүний урлахуйн ухаан, үндэсний өв соёлоо сурталчиллаа.

 

Үзсэн: 1363

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна