Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол нутаг дахь буган чулуун хөшөө


Densmaa 2023-12-15 10:12

Буган чулуун хөшөө хиргисүүрийн соёл нь НТӨ 1300-аас 600 оны хооронд хамаардаг.

    Хүн төрөлхтний улиран одсон цаг хугацаа, нийгэм соёлын онцлогийг гэрчлэх түүх, соёлын хосгүй дурсгал дэлхий ертөнцөд олон бий. Тэдгээрийн нэг бол гурван мянган жилийн тэртээ Ази, Европыг дамнасан асар уудам нутагт түгэн дэлгэрч, тухайн үедээ соёлын гоц үзэгдэл болж байсан буган чулуун хөшөө юм. Буган чулуун хөшөөг шинжлэх ухааны үүднээс судлах ажил зуу гаруй жилийн тэртээгээс эхэлжээ. Ихэнх буган чулуун хөшөөнөө сүрэг бугыг загварчлан, уран гоёор сийлж дүрсэлсэн байдаг бол зарим нь буга, гахай, адуу болон бусад амьтныг бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зарим хөшөө нь огт амьтны дүрслэл байдаггүй зөвхөн бүс, зэр зэвсэг, хүзүүний зүүлт, сүйх зэргийг дүрсэлсэн байдгаараа онцлогтой. Буган чулуун хөшөөдийн ойр орчимд дугуй чулуун овоолго болон цагариг хэлбэртэй чулуун байгууламжууд байдаг нь дотоод болон гадаад бүтцийн хувьд хиргисүүрийн тахилын байгууламжтай ижил юм. 2023 онд Монгол Улсын Засгийн газар, Соёлын яам, холбогдох байгууллагуудын санаачилгаар буган хөшөө болон бусад дурсгалын цогцолбор бүхий Жаргалантын ам, уушигийн өвөр, Хойд тамирын голд буй гурван томоохон дурсгалт газрыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлж, хүн төрөлхтний соёлын өвийн сор бүтээлүүдийн тоонд багтжээ. Буган чулуун хөшөө, хиргисүүрийн соёл нь Хүрлийн сүүл үед өнөөгийн Монгол болон хөрш зэргэлдээх бүс нутагт оршин байсан нүүдэлчдийн бүтээсэн түүх, соёл, урлагийн гайхамшигт дурсгал юм. Уг дурсгал нь дорно зүгээс өмнө зүг хүртэл өргөн уудам газар нутагт тархсан байдаг тухай Монголын үндэсний музейн тайлбарлагч Мөнхжингийн ярианд анхаарлаа хандуулна уу.  

Мөнхжин: Буган чулуун хөшөө хиргисүүрийн соёл нь НТӨ 1300-аас 600 оны хооронд хамаардаг. Өнөөгийн Монгол орон болон хөрш зэргэлдээх бүс нутагт оршин байсан нүүдэлчдийн бүтээсэн түүх соёл урлагийн гайхамшигт дурсгалуудын нэг. Уг дурсгал нь Дорно зүгт Хэнтийн уулсаас ХБНГУ-ын нутаг Элба мөрөн умард зүг Байгаль нуураас өмнө зүг Монголын их говь тал хээрийн залгаа бүс нутаг хүртэлх асар уудам өргөн газар нутагт тархсан байдаг. Буган чулуун хөшөө нь “хиригсүүр” “хиргис, “хялгасан үүр" хэмээн янз бүрээр нэрлэгдэх нүсэр том чулуун овоолгын гадуур дөрвөлжин эсвэл дугуй чулуун хүрээ татсан оршуулгын дурсгалтай тархсан бүс нутаг болон тахилгын байгууламжаараа адилхан байдаг тул судлаачид Буган хөшөө, хиргисүүрийн соёл хэмээн нэгдмэл соёлын хүрээнд авч үздэг. Олон жилийн судалгааны үр дүнд Ази, Европын дамнасан эх газарт 1700 орчим буган хөшөө бүртгэгдсэнээс 1400 орчим буюу 82 хувь нь өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Монгол улсын хил хязгаараас гадагш ОХУ-ын Буриадын нутаг Байгаль нуурын савд 8 буган хөшөө, Тувад 50 орчим, Красноярскийн хязгаарт 4, Уулын Алтайд 80 орчим, Казахстан, Дундад Азид 20 орчим, Шинжаанд 100 орчим, Умард Кавказ, Хар далай орчимд 25 буган хөшөө буюу нийт 270 орчим буган хөшөө судлагдаад байна.

     Буган чулуун хөшөөн дээрх дүрслэлүүд нь Хүрлийн үеэс бидэнд өвлөгдөн ирсэн түүхийн үнэт өв төдийгүй судалгааны нэн чухал эх сурвалж мөн. Тэдгээрийн дотроос бүс, зэр зэвсэг, толь, гоёл чимэглэлийн зүйлсийн дүрс нь тухайн үеийнхээ бодит эд өлгийн зүйлсийг төлөөлдөг бол амьтдын дүрслэлүүд нь шүтлэг, бэлгэдэлт үзэл санааны илэрхийлэл болж байдаг. Ялангуяа уг чулуун дурсгалыг “буган хөшөө” хэмээн нэрлэхэд хүргэсэн бугын дүрс нь уг дурсгалд хамгийн олноор дүрслэгджээ. Буган хөшөөнд бугыг дүрслэхдээ ерөнхийдөө хоёр өөр төрхтэй дүрсэлдэг байна. Монголын төв, умард бүс нутаг дахь ихэнх хөшөөнд бугыг шувуу мэт урт хошуутай, том дугуй нүдтэй, урт чихтэй, урт хүзүүтэй, гурвалжин босоо сэрвээтэй, хавчгар нарийн бэлхүүстэй, хөлийг нь харайн давхиж буй мэт эвхэн нугалах буюу аль эсвэл ор төдий гарган, эврийг нуруу зоо дагуулан уран гоёор угалзруулан дүрсэлсэн байдаг. Мөн түүнчлэн эврийн харааг урагш толгой дээгүүр, үзүүрийг нь дээш матийлган сийлж, бугын биеийн бодит харьцааг өөрчилж, хийсвэрлэн дүрсэлсэн байдгаараа онцлогтой.

Мөнхжин: Буган чулуун хөшөөг бүтцийн хувьд ерөнхийдөө 3 хувааж үздэг. Дээд хэсэгтээ нар сарыг дүрсэлсэн байдаг бол дунд хэсэгтээ бугыг дүрсэлсэн байдаг. Харин бүслүүр хэсэг буюу  бүснээс доошоо хэсэгт нь тухайн үед эрэгтэйчүүд бүснээсээ агсарч зүүдэг байсан сэлэм нум сум зэрэг зүйлүүдийг дүрсэлсэн байдаг. Буган чулуун хөшөөг тухайн үед амьдарч байсан дайчин хүнд зориулж босгосон гэж үздэг.

       Монгол нутаг дахь буган чулуун хөшөөний 67 хувь нь Хангай-Хөвсгөлийн бүс нутагт байдаг бол 30 хувь нь Алтайн бүс нутагт, үлдсэн нь Хэнтийн нурууг дагаж байрладаг. Олон тооны буган хөшөө, тахилын байгууламж, хиргисүүр бүхий томоохон цогцолбор дурсгалууд нь гол мөрөн, нуурын сав газар, уужим сайхан хөндийд, алсын харууцтай энгэр бэл, дэнж газар байрладаг байна.

Монгол улсын соёлын яамнаас “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө” нэгдсэн үзэсгэлэнг олон нийтэд зориулан Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал. Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм. Иймээс буган чулуун хөшөөг олон нийтэд сурталчлах, танилцуулах үүднээс тус үзэсгэлэнг дэлгэж үзүүлж байгааг Монголын үндэсний музейн тайлбарлагч Мөнхжин хэллээ.

Мөнхжин: Монголын үндэсний музейд гарч буй энэ үзэсгэлэн Монгол нутаг дахь буган чулуун хөшөө гэсэн нэртэйгээр нийтэд толилуулагдаж байна. 2023 оны 9 дүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол Улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлахад чиглэж буй тус үзэсгэлэнд Монголын үндэсний музейн сан хөмрөгийн үзмэрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Монголын уран зургийн галерейн үзмэр цуглуулгаас дээжлэн нийт 100 гаруй биет үзмэрийг дэлгэсэн. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийг Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан, ШУТИС-ийн багш С.Бат-Эрдэнэ нарын бүтээлээс дээжлэн олны хүртээл болгож байгаа юм.  Энэхүү цогц үзэсгэлэн нь агуулгыг хувьд, бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд, буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүллэг зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой. Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх боломжтойгоороо онцлогтой.

    Үзэсгэлэнд буган чулуун хөшөөг судалсан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулж байна. Мөн байгаль дээрээ бодитоор оршиж буй хоёр хөшөөний хуулбарыг үзэсгэлэнд зориулан байршуулжээ.

Мөнхжин: Эхний буган чулуун хөшөө нь Уушгийн өврийн 14 дүгээр буган чулуу хөшөө. Хүрэл зэвсгийн үед хамаарна. Энэ хөшөөг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөр хэмээх газраас олон тооны хиргисүүр бүхий хүрэл зэвсгийн үеийн томоохон цогцолбор дурсгалаас олсон. Дээд хэсэгтээ нар сар дүрслэхээс гадна хүний нүүрийг дүрсэлж өгснөөрөө онцлогтой. Дараагийн хөшөө нь болохоор Баянцагааны 38 дугаар буган чулуун хөшөө. Энэхүү буган хөшөө нь Архангай аймгийн Ихтамир сумын нутаг Баянцагааны хөндийд байдаг. Хойд Тамирын голын сав нутаг дахь 100 гаруй буган хөшөөнөөс хамгийн өндөр нь буюу 408 см өндөртэй. Уг хөшөөг анх 1974 онд Монгол Унгарын хамтарсан хээрийн шинжилгээний анги илрүүлсэн. Хөшөөг улаан хүрэн өнгийн боржин чулууг дөрвөлжин засаад дээд хэсэгт нь унжлагатай ээмэг, хүзүүний зүйлт дунд хэсэгт нь 15 ширхэг бугыг хөшөөг ороосон байдлаар дүрсэлсэн. Мөн нэг бугын гэдсэн доор толь сийлсэн байдаг. Хөшөөний доод хэсэгт цулгуй бүс бүсэлж нум саадаг бамбайг бүсэнд нь хавчуулсан байдалтай зээтүү, хутга, чинжаал зэргийг бүснээс нь зүүсэн байдаг. Мөн бүсний доод талд 5 адууг дүрсэлсэн байна. 2010 онд Монгол Монако-гийн хамтарсан хээрийн шинжилгээний анги уг хөшөөг анхны суурин дээр сэргээн босгосон бөгөөд хөшөөний хуулбарыг хийж манай музейд бэлэглэсэн байдаг.

      Буган чулуун хөшөө нь нүүдэлчдийн нийгмийн зохион байгуулалт оюун сэтгэлгээ, урлагийн шийдлийг харуулаад зогсохгүй тэдний технологийн дэвшлийг давхар илэрхийлж байдаг. Тухайлбал аварга том хэмжээтэй, 3-5 тонн жинтэй чулуун бэлдцүүдийг алс хол газраас хэрхэн зөөвөрлөж, хэрхэн босгож байсан талаарх баталгаатай баримт хэрэглэгдэхүүн өдгөө ч хомс хэвээр байна. Өнөөгийн байдлаар судлагдаад буй буган хөшөөнүүдийн хамгийн хүнд жинтэй нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг Жаргалантын амны цогцолбор дурсгалын 5 тонн орчим жинтэй гурав дугаартай буган хөшөө юм. Харин хамгийн жижиг хэмжээтэй нь 13-20 см өндөртэй. Монгол орны буган чулуун хөшөөний олонх нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгийн нутагт байгаль дээрээ хадгалагдаж байна.

Үзсэн: 1720

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна