Монгол Улс, Канад Улсын хооронд бат бэх харилцаа тогтоосныг дахин нотлов
Хоёр талын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар тохиролцов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд М.Жолигийн урилгаар Канад Улсад албан ёсоор айлчилж, Монгол Улс, Канад Улсын хооронд бат бэх харилцаа тогтоосныг дахин нотлов. Энэхүү айлчлал нь сүүлийн 25 жилд Монгол Улсын Гадаад харилцааны сайдын түвшинд Канад Улсад хийсэн анхны айлчлал боллоо. Сайд нар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг сайшааж, Монгол, Канадын хамтын хөгжил цэцэглэлт, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хоёр талын харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэж, шат ахиулахаар тохиролцов. Цаашид хоёр талын худалдаа, арилжааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг олборлох салбараас гадна ногоон барилга ба дэд бүтэц, эрчим хүчний үр ашиг, цаг уурт мэдрэмжтэй хөдөө аж ахуй, цэвэр эрчим хүч зэрэг шинэ салбарт тэлж, төрөлжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв. Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгардаг нийтлэг сорилтуудыг онцолж, дэд бүтцийн уялдаа холбоо, тээвэр, логистикийн хүндрэл бэрхшээлүүдийг даван туулахад канадын талаас дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Үзсэн: 838
Tweet