Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээлээ
Тус чуулгынхан 31 жилийн хугацаанд дэлхийн 30 гаруй орны тайзнаа 600 удаагийн тоглолт толилуулсан байна
Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдрийн хүрээнд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг Морин хуурын чуулгад хүртээх ёслол Төрийн ордонд боллоо. Тус одонг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханд гардуулав. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Морин хуурын чуулгын уран бүтээлчдэд хандаж хэлэхдээ “Энэ жил хүн төрөлхтний соёлын биет бус өв, Монгол үндэстний бахархал болсон монголчууд бидний цог хийморийн эгшгэн судар, арга билгийн хос чавхдаст, ая хөгийн яруу дуурьсалт морин хуураа дээдлэн дэлгэрүүлж, ард түмнийхээ үндэсний ухамсар, соёл сэтгэлгээг хөгжүүлэн сэргээх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөн, Монгол түмний өв соёл, үнэт зүйлийг сурталчлан таниулахад онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулгад Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж байна” гэлээ. Хорвоо ертөнцийн учрыг хоёрхон чавхдасаар илэрхийлдэг хосгүй гайхамшигт өв соёл, молор эрдэнийн бэлгэдэлт морин хуурынхаа гайхамшигт увдис, тал нутгийн тэнгэрлэг аялгуугаар хүмүүний сэтгэлийг уяраан баясгагч, Монгол Улсын соёлын элч, Морин хуурын чуулгын хамт олон Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тус чуулгынхан 31 жилийн хугацаанд үндэсний уламжлалт бүтээлүүдээс гадна өрнийн болоод дорно дахины сэтгэлгээний онцлог шингэсэн баялаг урын сантай болж, давхардсан тоогоор дотооддоо бүрэн хэмжээний 5000 гаруй, дэлхийн 30 гаруй орны тайзнаа 600 удаагийн тоглолт толилуулсан байна.
Үзсэн: 701
Tweet