Улаанбаатар хотыг "Бүтээлч хотуудын сүлжээнд" нэгдсэнийг ЮНЕСКО-гоос зарлалаа
“Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй”
Дэлхийн хотуудын өдрийг тохиолдуулан Бүтээлч хотуудын сүлжээнд 55 хот шинээр нэгдсэнийг ЮНЕСКО-гоос зарлалаа. Манай улсаас нэр дэвшүүлсэн “Улаанбаатар хот” гар урлал, ардын урлаг төрлөөр бүтээлч хотуудын эгнээнд нэгдэв. Эдгээр хотыг ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азулей томилдог бөгөөд тэрбээр “Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдсэн хотууд соёлыг хүртээмжтэй болгох, хотын хөгжилд бүтээлч байдлыг бий болгоход тэргүүлэх үүрэгтэй” гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Тус сүлжээнд нэгдсэн хотууд нь өөрсдийн хөгжлийн стратегидээ соёл болон бүтээлч байдлыг уялдуулан зохицуулах амлалт авдаг бөгөөд хүн төвтэй хотын төлөвлөлтөд шинэлэг практик бий болгон ажилладаг. Бүтээлч хотуудын сүлжээнд өдгөө 100 гаруй улсын 350 хот нэгдээд байна. Дэлхийн нийт хүн амын 68 хувь нь 2050 он гэхэд хот суурин газар амьдрах тооцоо, төсөөлөл бий. Шинээр томилогдсон хотууд энэхүү бүтээлч хотуудын сүлжээний гишүүн хотуудтай хамтран ажиллах, цаг уурын дулаарал, тэгш бус байдал, хотжилт зэрэг хувьсан өөрчлөгдөж буй аюул заналын эсрэг ажиллахад хүчээ нэгтгэнэ.
Үзсэн: 1020
Tweet