Олон Улсын Парламентын Холбооны 147 дугаар Ассамблей
Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийлээ
Дэлхийн 180 улс, бүс нутгийн парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны 147 дугаар Ассамблей Бүгд Найрамдах Ангол Улсын нийслэл Луанда хотноо болж байна. Тус Ассамблейн үеэр зохион байгуулагдаж байгаа Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн ээлжит чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонгтой албан уулзалт хийлээ. ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ноён Мартин Чунгонгт талархал илэрхийлээд, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын мэндчилгээг уламжлав. Мөн ОУПХ болон гишүүн орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. ОУПХ болон Монгол Улсын Их Хурал хоорондын хамтын ажиллагаа 2022 оноос шинэ шатанд гарч, парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламент дахь хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах Харилцан ойлголцлын санамж бичгийг 2022 оны 08 дугаар сард байгуулсан билээ.
Үзсэн: 687
Tweet