Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд даргын урилгаар албан ёсны айлчлал хийж байна
Шведийн Хаант Улсад манай улсын 12 мянга орчим иргэн амьдарч байгаа бөгөөд ялангуяа монгол хүүхдүүдийг эх хэлээрээ суралцах боломж олгож байгаад талархал илэрхийллээ
Шведийн Хаант Улсын Риксдагийн тэргүүн дэд даргын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатарт тус улсын Гадаад хэргийн дэд сайд Ян Кнутссон бараалхав. Гадаад хэргийн дэд сайд Ян Кнутссон УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг Шведийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байгаад талархал илэрхийлээд хоёр орны гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх болон бусад асуудлаар Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдын яамтай нягт хамтран ажилладаг талаар танилцууллаа. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Шведийн Хаант Улс нь Монгол Улсын хувьд гуравдагч хөрш улс гэдгийг онцлоод хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дипломат төлөөлөгчийн газар чухал үүрэг гүйцэтгэдэг учраас Монгол Улсад Шведийн Хаант Улсын Элчин сайдын яамыг нээн ажиллуулах асуудлыг судлан үзэхийг хүслээ. УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар Шведийн Хаант Улсад манай улсын 12 мянга орчим иргэн амьдарч байгаа бөгөөд иргэдийг ажиллаж, амьдрах аятай нөхцөлөөр хангах болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах, ялангуяа монгол хүүхдүүдийг эх хэлээрээ суралцах боломж олгож байгаад талархал илэрхийллээ. Швед Улсаас Монгол Улсад боловсрол, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ингэхийн тулд хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, хамтарсан бизнес форумыг тогтмол зохион байгуулах нь үр дүнтэй арга хэмжээ болохыг талууд санал нэгтэй тэмдэглэлээ. Түүнчлэн 2024 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн үеэр иргэд, олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагааг хэмжээг хамтран зохион байгуулах талаар санал нэгдлээ.
Үзсэн: 639
Tweet