Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нар хэвлэлд мэдээлэл өгч, уулзалт хийнэ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго нар бараалхах юм. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд зургаан сарын хугацаанд дэлгэгдэх “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг нээж, Парис хотын Версалийн ордны Хааны театрт болох Морин хуурын чуулгын тоглолт, Монгол-Францын бизнесийн форум зэрэг арга хэмжээнд тус тус оролцохоор төлөвлөж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй анхны төрийн айлчлал юм. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улстай 1965 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа тус тус нээсэн түүхтэй.
Үзсэн: 679
Tweet