СNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч Ричард Квэст Монголд
“Монгол бол зөвхөн нөөц баялгийн хувьд биш, хүн хүчний бололцооны хувьд боломжоор дүүрэн улс” гэдгийг онцолсон
СNN телевизийн олон улсын бизнесийн сэтгүүлч Ричард Квэст Монголд ирж манай эдийн засаг, хөрөнгө оруулалтын тухай нэвтрүүлгүүдээ цацаж эхлэлээ. Тэрбээр Монгол Улсад ажиллах хугацаандаа шинэ бүтээн байгуулалтуудтай танилцаж, эдийн засгийн орчин нөхцөл, гадаадын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээ, нэвтрүүлэг бэлдэж байгаа юм. Энэ хүрээнд Ричард Квэст бэлтгэсэн нэвтрүүлгүүдээ цацаж эхэлсэн бөгөөд тэрбээр УИХ-ын дарга болон Хөрөнгийн бирж, Оюутолгой, Голомт зэрэг компанийн захирилтай уулзаж ярилцсан байна. Тэрбээр нэвтрүүлгийнхээ эхэнд Чингис хаан хэрхэн өргөн уудам тал нутгийг эзэлж, их гүрэн байгуулж байсан тухай түүхийг онцлов. Мөн манай улсад байгаа ашигт малтмалын нөөц баялаг гадаадын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байгааг дурджээ. Хятад, Орос гэх хоёр том улсын дунд орших Монгол барууны орнуудтай харилцаагаа гүнзгийрүүлэхээр ажиллаж буйг Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалаар жишээ татан ярив. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд “Монгол бол зөвхөн нөөц баялгийн хувьд биш, хүн хүчний бололцооны хувьд боломжоор дүүрэн улс” гэдгийг онцолсон. Монголын нийт иргэдийн гуравны хоёр нь 30-аас доош насныхан. Иймд тэднийг гадагшаа явж, ажиллахад хүргэх биш боловсрол, эдийн засаг, ажиллах орчныг нь сайжруулснаар илүү гэгээлэг ирээдүйг тэд л бүтээнэ гэдгийг хэлжээ.
Үзсэн: 2071
Tweet