Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцов
Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенийг наймдугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзаж Монгол, Америкийн Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх өргөн хүрээний асуудлуудаар санал солилцов. Уулзалтын өмнө “Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн Монгол Улсын Засгийн газар, Америкийн нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Замын зураглал”-д гарын үсэг зурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газар гуравдагч хөрш АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгдгийг онцлов. Цаашид ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд суурилсан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлээ улам бататган бэхжүүлж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, эрдэс баялаг, цахим хөгжил, аялал жуулчлал, боловсролын чиглэлд хамтран ажиллахын чухлыг дурьдаад тодорхой саналуудыг тавилаа. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж буй энэхүү айлчлал Монгол, Америкийн цаашдын харилцаа, хамтын ажиллагаанд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн. Хоёр улсын хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан өргөжүүлэх, Монголын эдийн засгийг төрөлжүүлэх, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд чухал ач холбогдолтой ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд бүхий л талын дэмжлэг үзүүлэхээ тэрбээр тэмдэглэлээ.
Үзсэн: 2613
Tweet