Европын жуулчид Варшавын музейгээс Монгол ахуй соёлын талаар үзэж байна
БНПУ-ын нийслэл Варшав хотноо Ази Номхон далайн музейд монгол ардын хөгжим эгшиглэсэн үзэсгэлэнгийн танхим нээгдээд багагүй хугацаа өнгөрчээ.
Тодруулбал, тус музейд “Монголын” гэсэн тодотголтой үзэсгэлэнгийн танхим бий. Танхимын голд иж бүрэн тавилгатай Монгол гэрийг байрлуулжээ. Хэдэн жилийн өмнө Варшав дахь Монгол улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр энэхүү гэрийг барьж, Монголын соёлын үзэсгэлэн гаргаж байсан юм.
Харин 2022 оны 6 сард байнгын үзэсгэлэнгийн танхимыг тус музейд нээж, монгол тавилга, үндэсний хувцас, гоёл чимэглэлийн зүйл, буддын шашинтай холбоотой эд хэрэглэл, бурхан шүтээн, үндэсний хөгжмийн зэмсэг зэрэг соёлын холбогдолтой үзмэрүүдийг дэлгэж, монгол ардын хөгжим эгшиглэж байх болжээ. Уг танхимыг Варшав дахь Монгол Улсын ЭСЯ Польшийн Мазовецке мужийн захирагчтай хамтран нээсэн бөгөөд Монгол Улсыг сурталчлахад чухал ач холбогдолтой юм.
Музейн тайлбарлагч XIX, XX зууны заагт Монголын бурхны шашны сүм хийдийн захиалгаар олон тооны Аюуш бурхныг Польшид цутгуулж авчирсан нь одоо Монголын музей болон Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байдаг гэдгийг онцолж байлаа. Мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан гараараа тэмтэрч үзэж болохоор эсгий танилцуулга үзмэрийг ч хийсэн байлаа. Тус музейг үзсэнээр Польшийн болон Европын олон залуус Ази, Номхон далайн орнуудаар аялах хүсэлтэй болдог гэж музейн хэвлэлийн төлөөлөгч сонирхуулсан юм.
Тус музей 1973 онд байгуулагдсан, энэ жил 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. Дорно дахины урлагийг сонирхон цуглуулагч, далайчин, дипломатч, судлаач Анжей Вавржиняк олон жилийн аяллынхаа дараа Дорнын соёлтой холбоотой 3000 орчим хувийн цуглуулгаа хандивласнаар уг музейг анх байгуулжээ. Улмаар Ази, Австрали, Номхон далайн бусад улсуудаас янз бүрийн үзмэрийг авч ирж баяжуулсаар өдгөө 20 мянга гаруй үзмэртэй, Польшуудын төдийгүй олон орны жуулчдын хамгийн их сонирхдог газруудын нэг болсон байна. Харин музейг үүсгэн байгуулсан Анжей Вавржиняк насан эцэс болтлоо музейнхээ захирал, ерөнхий эрхлэгчээр ажиллажээ. Музей руу ороход ер бусын өнгөлөг, Азийн улс орнуудын үндэсний хувцас, эд хэрэглэл, зан заншлыг харуулсан үзмэрүүдээр баялаг, үзмэр бүрийн хажууд дэлгэцэн дээр дэлгэрэнгзй тайлбар сэлтийг ойлгомжтой бичиж, кино дүрсээр баяжуулсан нь үзэгчдийн сонирхлыг татахаас гадна, үзмэрийн талаар бүрэн мэдээлэлтэй болгоход зориулагдсан байна.
Muzeum Azji i Pacyfiku im. Andrzeja Wawrzyniaka
Үзсэн: 1035
Tweet