Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад төрийн айлчлал хийлээ
Энэ оны аравдугаар сард Франц улсын Үндэсний түүхийн музейд "Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв" үзэсгэлэнг гаргахад Францын Засгийн газрын үзүүлж буй дэмжлэг буйд талархал илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад 2023 оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд Монгол-Франц Улсын Ерөнхийлөгч нар албан ёсны уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс Хамтарсан тунхаглал гаргалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхаж, эрхэм зочин айлчлалын төгсгөлд Чингис хааны музейг үзэж сонирхсоноор айлчлалаа өндөрлөлөө.
Монгол Улс нь Франц Улсыг гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Харин манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зууны үеэс эхлэлтэй. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал болж буйгаараа онцлогтой болж байна. Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг нотоллоо. Уулзалтын үеэр ХАА, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ. Энэ оны аравдугаар сард Франц улсын Үндэсний түүхийн музейд "Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв" үзэсгэлэнг гаргахад Францын Засгийн газрын үзүүлж буй дэмжлэг буйд талархал илэрхийллээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудаар гаргаж буй Монгол-Францын хамтарсан тунхаглал нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна. Энэ жил франц хэлийг Монгол Улсад зааж эхэлсний 60 жилийн ой тохиож байна. Тавьсан зорилтдоо хүрэхийн тулд бид тэтгэлгийн хөтөлбөр боловсруулах бөгөөд У.Хүрэлсүх Ерөнхийлөгч таны санаачилсан тэтгэлгийн хүрээнд Франц-Монгол хоёр улсын хооронд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд анхаарах болно гэдгээ БНФУ-ын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдлээ. Тэрээр “Бид таныг ирэх аравдугаар сард БНФУ-д урьж байна. Өмнө нь зохиогдож байгаагүй Чингис хааны үзэсгэлэнгийн үеэр уулзахдаа туйлын баяртай байх болно. Бидний хамтын ажиллагаа ирэх саруудад бус ирэх онуудад бэхжих юм. Ноён Ерөнхийлөгч өө, танд болон танай Засгийн газарт баярлалаа. Биднийг найрсаг дотноор хүлээн авсанд дахин талархал илэрхийлье. Бидний түүх өмнө минь байна, баярлалаа" гэлээ.
Үзсэн: 924
Tweet