Онцгой байдлын салбар дахь Монгол-Польшийн хамтын ажиллагаа
Польшийн Цэргийн урлагийн академид XIII зууны Монголын цэргийн тактикийг заадаг аж.
Онцгой байдлын ерөнхий газар нь гадаадын олон оронтой хамтран ажиллаж байна. Тус байгуулага ижил төстэй үйл ажиллагаа яюуулдаг 30-аад орны онцгой байдлын байгууллага, дэлхийн болон бүс нутгийн 50 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. Монгол-Польшийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бүх салбарт эрчимжиж байна. Үүний дотор Польш улстай нэлээд олон чиглэлд хамтран ажиллаж байна. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд нийлүүлэх 3.0 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг 2019 онд Онцгой байдлын албанд хүлээлгэн өгснийг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрууд ашиглаж байгаа юм. Бид ОБЕГ-ын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаатай уулзаж Польшийн хамтын ажиллагааных нь талаар асууж сонирхсон юм.
Хурандаа Ч.Ариунаа: БНПУ-д Онцгой байдлын салбарт нилээд хугацааг үдлээ. Хоёр талын хамтын ажиллагаа 2017 оноос эхэлсэн. Монгол Улсын Засгийн газар Польшийн Засгийн газарт хөнгөлттэй зээлийн хэлэлцээрийн хүрээнд хоёр шатны хоёр төсөл хэрэгжүүлсэн. Нэг нь “Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг сайжруулах” төсөл, хоёр дахь “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг” гэсэн төсөл байна. Энэ хоёр төслөө амжилттай хэрэгжүүлж дууссан. Гал түймэртэй тэмцэх техник тоног төхөөрөмжийг сайжруулах төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх үндсэн болон удирдлагын автомашин бүрэн тоноглолтой төсөл хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд зөвхөн техник тоног төхөөрөмж төдийгүй шат дараалсан сургалт авсан. “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг” төсөл нь гамшиг тохиолдох үед олноор эмнэлгийн яаралтай мэс ажилбар үзүүлэх, үүнд шатанд хамруулах гэсэн хээрийн эмнэлэг хоёрыг хүлээж авсан. Энэ хээрийн эмнэлгийг хүлээж аваад шаталсан сургалтанд хамрагдсан. Тухайн эмнэлгийг ажиллуулах, эм эмнэлгийн ажилтнуудтай, техник тоног төхөөрөмжийг угсрах хүмүүст зориулсан сургалт байсан. Мөн Польш улстай Гамшгаас хамгаалах салбарын хүрээнд боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байна. Үүнд Польшийн хоёр их дээд сургуульд онцгой байдлын алба хаагчдыг сургаж байна. Одоогийн байдлаар БНПУ-ын Цэргийн урлагийн академид нэг алба хаагч сурч байна. Команд штаб, оператив тактик чиглэлээр 2, команд штаб оператив стратеги чиглэлээр нэг алба хаагч амжилттай сураад, албандаа ажиллаж байна.
Польшийн “Гамшгийн үеийн хөдөлгөөнт хээрийн эмнэлэг” төсөл нь гамшиг, нийтийг хамарсан ослын үед үүрэг гүйцэтгэх зориулалттай бөгөөд бүрэн болон хэсэгчилсэн байдлаар дэлгэгдэж гамшигт өртсөн нутаг дэвсгэрт нэг дор 35-50 нэрвэгдэгсдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм. Хээрийн эмнэлгийн үндсэн хэсэг нь хүлээн авах; яаралтай тусламжийн тасаг; эрчимт эмчилгээний тасаг; мэс заслын тасаг; дотрын хэвтэн эмчлүүлэх тасаг; дүрс оношилгооны хэсэг; лабораторийн хэсэг; эмийн сан; халдварт, тусгаарлах хэсэг; цус нөөцлүүрийн хэсэг; үзлэгийн өрөө; ариутгал, халдваргүйтгэлийн хэсэг; хэвтэн эмчлүүлэх гэсэн хэсгүүдээс бүрддэг. Харин Туслах хэсэг нь цахилгааны үүсгүүр; цэвэр болон бохир усны танк; ариун цэврийн өрөө; агуулах; угаалга цэвэрлэгээний хэсэг гэсэн хэсгүүдээс тус тус бүрддэг байна..
Бид БНПУ-ын Варшав хотын Цэргийн урлагийн академид суралцаж байгаа ОБЕГ-ын Эрсдлийн удирдлагын газрын ахлах дэслэгч Дашдуламтай уулзаж суралцаж байгаа сэтгэгдлээс нь сонирхсон юм.
Г.Дашдулам: Дайны урлагийн академид ирээд оператив тактикийн чиглэлээр суралцаж байна. Миний хувьд 2019 оноос хойш Онцгой байдлын байгууллагаас ирж суралцаж байгаа 4 дэх хүн нь юм. Оператив тактик, цэргийн тактик нь манай улсын хувьд гамшигийн онцгой байдал үүссэн нөхцөлд нэгдсэн удирдлагаар хангаж, удирдан чиглүүлэхэд оновчтой оператив тактикаар хагаснаараа гамшигийг хохирол багатай давахад чухал нөлөө үзүүлдэг. Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн бүрэлдэхүүн хэсэгт багтдаг. Иймд улсын хэмжээнд томоохон гамшиг осол тохиолдож, онцгой нөхцөл байдал үүсэх, жагсаал цуглаан болох, дайны үед онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажилладаг. Тиймээс онцгой байдлын байгууллага нь зэвсэгт хүчинд хөрвөж ажиллах онцлогийг шаарддаг учир энэ чадварыг бидэнд эзэмшүүлж байгаа юм. Польш улсын хувьд гэр бүлээрээ ирж суралцах орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн нь миний суралцах явцад маш сайнаар нөлөөлж байгааг хэлмээр байна. Гэр бүл, үр хүүхэдтэйгээ байгаа болохоор сэтгэл санаа тайван, надад нэлээд дэмжлэг үзүүлж байна. Польш улс маш аюулгүй, тайван орон.
Асуулт: Онцгой байдлын салбарын хүний хувьд эрсдлийн удирдлага, эрсдлээс хэрхэн хамгаалж, урьдчилан сэргийлж болох талаар Польш улсаас Монголдоо нутагшуулж болох санаа, туршлага юу байна вэ?
Г. Дашдулам: Польш улсын хувьд үер, ой хээрийн түймэр, дэд бүтцийн эвдрэл гэмтэл зэрэг томоохон гамшиг тохиолддог. Цаг уур, байгаль орчны нөхцөл байдлаасаа шалтгаалан эдгээр гамшиг нь Монголоос ялгаатай. Монгол улсын хувьд ч эрсдлээс хамгаалсан үйл ажиллагааг олон улсын жишгээр хэрэгжүүлдэг. Польш улс гамшигаас хамгаалах салбарт дэд бүтцийг хамгаалах тал дээр илүүтэй анхаардаг санагдсан. Дэд бүтцээ хамгаалах томоохон төлөвлөгөө гаргаж, төв болон орон нутгийн хэмжээнд төрийн болон олон нийтийн байгууллагууд хоорондоо маш уялдаа холбоо сайтай ажилладаг юм байна. Ингэж төлөвлөгөөтэй ажиллана гэдэг нь эргээд гамшгийг хохирол багатай даван туулах чадавхи нэмэгдэж байгаа юм. Энэ нь маш давуу тал юм байна гэж санагдсан.
Асуулт: Монголын онцгой байдлын салбараас ирж суралцаж байгаа анхны эмэгтэй оюутан юм байна. Танай сургууль жендерийн асуудал хэр мэдрэжтэй ханддаг вэ?
Г. Дашдулам: Польшийн засгийн газраас баримтладаг бодлогыг судлаж үзэхэд дайны ыолон энгийн үед эмэгтэйчүүдийг хэрхэн хамруулах талаар тусгаж өгсөн байдаг юм байна. 2021 оны байдлаар Польшийн нийт цэргийн алба хаагчдын 11% нь эмэгтэйчүүд байна гэсэн судалгаа гарсан байсан. Энэ 8200 гаруй эмэгтэй алба хаагчид байна гэсэн үг юм.
Асуулт: Монголын цэрэг дайны тактикийн талаар танай академид заадаг гэж сонссон. Яг ямар хичээл заадаг вэ? Бусад орны оюутнууд энэ хичээлд ямар хандлагатай байдаг вэ?
Г. Дашдулам: Миний хувьд 2 сарын хугацаанд суралцаж байна. Манай академид “Дайны урлаг” гэдэг хичээл ордог. Энэ хичээлээр олон улсын дайны туршлагууд, тактикийн талаар заадаг. Ингэхдээ дэлхийн хэмжээний томоохон дайны нөхцөл байдлын талаар сургалтын хөтөлбөртөө оруулан заадаг. Монголын тухайд 13 дугаар зууны үеийн байдлан дагуулалт, тухай үеийн дайны онцлогийг тусгасан хичээл ордог. Мөн Евразийн хэмжээнд хийсэн дайны онцлог болон Халх голын дайны онцлогийг тусгасан хичээлүүд ордог. Миний хувьд 13 дугаар зууны үеийн дайны талаарх хичээлийг үзээд явж байна.
Онцгой байдлын ерөнхий газар нь цаашид Польшийн Засгийн газартай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулах талаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байгаа юм байна. Санамж бичгийн хүрээнд хоёр талдаа өндөр дээд хэмжээний удирдлагын түвшинд яриа хэлэлцээр хийх, эрэн хайх ажиллагаа, улсын нөөц, хүмүүнлэгийн тусламж гэсэн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байгаа юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хүмүүсээ сургаж бэлтгэх, эрэн хайх, төрөл бүрийн судалгаа хийх, тактик сургууль хийх мөн түүнчлэн Польш болон Монгол улсад зохион байгуулагдаж буй Олон улсын чанартай арга хэмжээнд харилцан бие биеэ урьж, дэмжиж ажиллах талаар ярилцаж байгаа юм байна.
Үзсэн: 825
Tweet