Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 26-11-2024
монгол

Шинэ мэдээ

“Польш дахь Монгол судлал”


Densmaa 2023-05-17 07:05

Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим Польш дахь Монгол судлалын гол төв юм.

        Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дудагийн Монголд хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны засгийн газар, агентлаг, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан билээ. Тухайлбал, “Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т монголын талаас Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, польшийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко нар гарын үсэг зуржээ.

           Варшавын Их сургуулийн Төв Ази судлалын тэнхимийн эхлэл нь Оросын хаант засгийн үед Польшийн эрдэмтэн Юзеф Ковалевски Алтай, Төвд судлалын тэнхимийн үндэс суурийг тавьснаар эхэлж, өдгөө Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр тус тэнхим бакалавр, магистр, докторын түвшний сургалт явуулж байгаагийн зэрэгцээ Монгол, Төвд судлалын эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж байгаа юм. Ингэхдээ МУИС болон Олон улсын Монгол судлалын төв зэрэг Монголын боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж иржээ. Харин энэ удаа Монгол Улсын Шинжлэх ухааны академи, БНПУ-ын Варшавын их сургууль хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулснаар Варшавын их сургуультай хамтын ажиллагаа улам өргөжих боломжтой болж байна. Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим Польш дахь Монгол судлалын гол төв юм. Бид Варшавын их сургуулийн Дорно дахины судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхимийн эрхлэгч Агата Барэя-Стажынскагаас тэнхимийн үйл ажиллагааны талаар асууж сонирхсон юм.

Агата Барэя-Стажынска: Одоо манайд 30 гаруй оюутан суралцаж байна. Эдгээр оюутнуудын дотор 3 жилээр суралцдаг баклаврын оюутнууд байна, 2 жилээр суралцдаг магистрын оюутнууд ч байна. Магистрын хөтөлбөрт суралцахад англи хэлний мэдлэг шаардлагатай. Харин докторын сургалтанд 6 оюутан суралцаж байна. Манай магистрын хөтөлбөр хүссэн хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Мэдээж Монгол оюутнууд суралцаж болно. Докторын хөтөлбөр ч мөн төлбөргүй, түүнчлэн Засгийн газраас тэтгэлэг өгдөг. Магистрын оюутнууд Монгол хэлтэй байх ёстой. Мөн баклаврын зэрэгтэй байх ёстой. Докторын оюутнууд сонирхолтой төсөл үзүүлээд, шалгалтанд ордог.

Асуулт: Монгол хэлний танхим нээгдсэнээс хойш хичнээн оюутан төгссөн бэ?

Агата Барэя-Стажынска: Миний мэдэхээр 200 гаруй магистрын оюутан төгссөн.

Асуулт: Варшавын их сургууль Польш дахь Монгол судлалын төв болдог, хичнээн судалгаан дээр ажиллаж байгаа вэ? Ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?

Агата Барэя-Стажынска: Бид нар олон чиглэлээр судалгаа хийдэг. Би өөрөө бурхны шашны талаар судалгаа хийдэг. Мөн уран зохиол болон Монгол-Польшийн харилцааны тухай судалгаа хийж байна. Монголын орчин цагийн сэтгэхүй, хэл зүйн талаар судалгаа хийдэг. Үүнийгээ орчин цагийн түүх болон нийгмийн хөгжилтэй холбоотойгоор хийж байна. Манай багш нараас Монгол уран зохиолын судалгааг мөн хийж байна. Молом тойнын тухай судалгааны ажил сонирхолтой ач холбогдолтойд тооцогдож байна. Яагаад гэвэл Котвичийн наашаа авчирсан сонирхолтой гар бичмэл Краковт байгаа бөгөөд түүний талаар судласан баримтууд байдаг. Мөн цаашид Монгол уран зохиолын талаар судлахын тулд олон төсөл хэрэгжүүлж байна. Манай Бямбарагчаа багш мөн бурхны шашин сонирхдог, монгол, төвд хэлээр зохиосон ажил судалдаг.

Асуулт: Монгол хэлний тэнхимд элсэн суралцах сонирхолтой Польш болон бусад орны залуус хэр их байдаг вэ?

Агата Барэя-Стажынска: Голдуу Польш оюутнууд суралцдаг. Мөн Монгол, Өвөр Монгол, Энэтхэгээс ирсэн оюутан байна. Зөвхөн манай оюутнуудаас гадна ерөнхий лекцийг Варшавын их сургуулийн нийт оюутнуудад ордог. Бид Монголын түүх, уран зохиол, урлагийн тухай лекц уншдаг. Варшавын их сургуулийн оюутнууд лекцийг маш их сонирхдог. 50-иад оюутны суудалтай зааланд лекц ордог бөгөөд бид нарыг заалаа томруул гэж оюутнууд их шаарддаг. Яагаад гэвэл Польшууд Монголын түүхийн тухай маш их сонирхдог. Ялангуяа оюутнууд. Өөрийн түүх болон дэлхийн сонирхолтой түүхүүдийг сонирхож байна.

Асуулт: Монголын ижил төрлийн байгууллагууд, жишээ нь Монгол Улсын Их Сургуультай хамтран ажилладаг уу?

Агата Барэя-Стажынска: Ерөнхийдөө бид нар хамтран ажиллахад нээлттэй байна. Бид Монгол Улсын архивтай уулзаж байсан. Мөн бурхан шашны төвтэй уулзаад хамтран ажиллах шинжтэй байна. Ер нь янз бүрийн байгууллагуудтай хамтран ажиллах сонирхолтой байна.

Асуулт: Монгол судлалын чиглэлээр ОУ хамтарсан хурлууд хийдэг гэж сонссон?

Агата Барэя-Стажынска: Тийм. Бид 3 удаа ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулдаг. Тэр үед Монгол, Хятад, Солонгос, Япон, Чех, Унгари, Франц гэх мэт олон улсаас эрдэмтэд ирж ярилцдаг. Энэ жил 10 сарын 15-нд IY бага хурал зохион байгуулна.

Асуулт: Монгол судлалыг Польшид хөгжүүлэхэд тулгамдаж байгаа бэрхшээл байна уу? Монголын талаас хамтран ажиллахад юу дутаж байна, цаашид юун дээр илүү анхаарч ажиллах хэрэгтэй вэ?

Агата Барэя-Стажынска: Польш дахь Монгол судлалыг сайн хөгжүүлэхийн тулд Монгол Улстай харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх хэрэгтэй байна. Бид одоогоор Польш дахь элчин сайдын яам, олон улсын судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Цаашид мэдээлэл солилцох илүү хялбар, шууд арга зам хэрэгтэй байна. 

            Доктор Агата Барэя-Стажынска нь Польш дахь Монгол судлалын түүхэн уламжлалыг үргэлжлүүлэн хөгжүүлж байгаагаас гадна олон тооны судалгааны ном, эрдэм шинжилгээний товхимол, өгүүлэл бичиж нийтлүүлжээ. Тэрбээр 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Монгол судлаач гадаадын шилдэг эрдэмтэн шагнал”, 2010 онд “Найрамдал” медалиар шагнуулж байсан юм.

Монгол Улс, Польш улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 гаруй жилийн хугацаанд хоёр орны ард түмнүүдийн найрамдалт харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн бөгөөд Польшийн монгол судлалын хөгжил хүрээгээ тэлсээр байна. 1950 оноос үүсэлтэй Дорно дахин судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхим Монгол хэл, монгол судлал болон түвд, манж, түрэг судлал, шашин судлал зэрэг чиглэлээр сургалт явуулдаг. Сонирхуулахад, Монгол хэл, монгол судлалын тэнхимийн оюутнууд Монгол улсыг Польшид сурталчлан таниулах чиглэлээр олон үйл ажиллагаа явуулдгийн нэг нь оюутнуудын өөрсдийн байгуулсан Эрдэм шинжилгээний дугуйлан юм. Тус тэнхимийн оюутан Габриела Краковяки дугуйлангийн талаар ийнхүү ярьсан юм.   

Габриела Краковяки: Би бүх оюутнуудаа төлөөлөөд нэг мэдээ дамжуулмаар байна. Юу вэ гэхээр, бид хичээлээсээ гадуур эрдэм шинжилгээний дугуйлан үүсгэн байгуулсан. Дугуйлангийнхаа үйл ажиллагааны хүрээнд Польшид Монголын энэ гайхалтай соёл, түүх, бичиг, урлаг, өв уламжлал гээд энэ бүгдийг Польш хүмүүст танилцуулж сурталчилдаг. Аль болох илүү олон хүнд хүргэхийг хүсч энэ дугуйланг байгуулаад, одоогийн байдлаар бага дунд сургуулиудаар түүхийн хичээлээр нь монголын түүхийг аль болох зөв талаас нь танилцуулах ажлыг хийж байна. Удахгүй болох оюутны баярын үйл ажиллагааны үеэр бид монгол бичиг болон төвд бичиг соёл, уламжлал, монгол тоглоом тухайлбал шагайн наадгай зэргийг танилцуулж сурталчилахаар төлөвлөж байна. Цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, Монгол улсыг Польш улсад танилцуулах болно.    

            Польшийн монгол судлалд хувь нэмрээ оруулж яваа нэгэн эрхэм бол Варшавын их сургуулийн Дорно дахин судлалын факультетын Монгол-Төвд судлалын тэнхимийн багш, монгол судлаач эрдэмтэн Ян Рогала юм. Түүний оюутан цагаасаа эхлэн бичсэн “Орчин үеийн монгол хэлний сурах бичиг” нь монгол хэл судлалд хийгээд Дэлхийд алдартай Монголч эрдэмтдийн залгамж халаа болсон монгол судлаач багш оюутнуудад  оюуны томоохон хөрөнгө оруулалт болжээ. Ингээд та бүхэнд монгол судлаач эрдэмтэн Ян Рогалатай хийсэн ярилцлагыг хүргэе.  

     Ян Рогала: Сайн байцганаа уу эрхэм сонсогчид оо, намайг Ян Рогала гэдэг. Би Варшавын их сургуулийн монгол хэлний тэнхимийн багшаар ажилладаг. Анх 1997 оноос монгол хэлийг сонирхон судлаж, МУИС-ийн Дорно дахины факультетийн оюутан болж байлаа. Миний анхны монгол хэлний багш миний ирээдүйг зааж чиглүүлэх юм гэж тухайн үедээ би мэдээгүй. Би монгол эхнэртэй, монгол гэр бүлтэй хүн. Тиймээс Монгол орныг би зөвхөн сонирхох биш, хайрлах учиртай хүн юм. Цаашдаа ч монгол судлалаа улам гүнзгийрүүлж, үргэлжлүүлэн судлах чин хүсэлтэй явдаг.  

Асуулт: Таныг хэл шинжлэлийн талаар илүү их судлагааны ажил хийдэг гэж сонслоо. Судлагааны ажлынхаа талаар сонирхуулана уу?

Ян Рогала: Би орчин цагийн монгол хэлний хэл зүйн талаар сонирхдог. Ялангуяа монгол хэлний өгүүлбэрийн бүтцийг польш хэлний өгүүлбэрийн бүтэцтэй харьцуулахад маш их өөр. Монгол хэлний өгүүлбэрт үйл үг нь өгүүлбэрийнхээ төгсгөлд ордог бол польш хэлэнд өгүүлбэрийнхээ эхэнд, дунд ордог гэх мэтчилэн хэл зүйн талаас сонирхолтой зүйл олон бий. Энэ талаар судлагаа хийж байна. Мөн монголчуудын лоозон, уриан дээрх үг хэллэгийг судлаж байгаа.

Асуулт: Польш хэлтэй харьцуулахад эртний монгол хэл одоо бидний үед хэрхэн өөрчлөгдсөн гэж та үзэж байна вэ?.

Ян Рогала: Аль ч улсад адилхан орчин цагийн хэл эртний хэлнээс их ондоо. Дээр үеийн хэлийг судлах, мэдэх хэрэгтэй. Би гэхдээ ер нь орчин үеийн чиглэл рүү ханддаг хүн. Хөгжиж байгаа орны хувьд Монголын эдийн засгаас эхлээд бүх л салбар хөгжиж байна. Үүнтэй зэрэгцээд хэл ч гэсэн хөгжих эрхтэй гэж хэлмээр байна. Тиймээс орчин үеийн монгол хэл надад илүү сонирхолтой санагддаг.

Асуулт: Варшавын их сургуулийн монгол төвд хэлний тэнхимд монгол, төвд, манж хэл, монгол хэл-кирилл болон монгол бичиг давхар заадаг. Оюутнуудын хэл сурах байдал ямар төвшинд байна вэ?

Ян Рогала: Оюутнууд анх орж ирэхдээ Монгол, Төвд, Дундад Азийн орнуудын хэл соёлыг сонирхож орж ирдэг. Тэгээд хичээлд сууж эхлээд энэ чинь бараг 4 хэл сурах шаардлагатай юм байна гэдгийг мэдээд зарим нь татгалздаг. Тэгэхээр манай тэнхимийн оюутнуудад нэгдүгээрт, тэвчээр, хоёрдугаарт авьяас хэрэгтэй. Би оюутнууддаа үүнийг байнга хэлдэг. Нөгөөтэйгүүр миний хувьд оюутнуудтайгаа ойр дотно, нээлттэй харьцдаг. Та нар сэтгэлээр унаж болохгүй. Мэдээж монгол, төвд хэл үзэхээр хэл зүйн тогтолцооны хувьд өөр учраас эхнээсээ л бэрхшээл тулгарна. Мөн бидний хувьд латинаар бичдэг. Харин Монголын орчин цагийн кирилл бичгээс гадна Монгол Төвдүүдэд өөрсдийн зохиосон бичгийн соёл бий. Тийм учраас 4 бичиг 2 хэл үүн дээр эртний хэлийг нэмбэл 4 хэл сурахад хэцүү. Тэгэхээр тэвчээр, авьяас хэрэгтэй гэж хэлээд байгаа юм. Эхний семестр хамгийн чухал. Номын хавтсыг анх хараад энэ сайхан ном гэж бодоод уншаад эхлэнгүүтээ сонирхолгүй юм байна гээд хаядаг. Тэгж болохгүй, хүн хүсвэл бүх зүйлийн хийж чадна гэж оюутнууддаа хэлдэг юм. Оюутнуудын ихэнх нь Монгол, Төвдийн соёлыг сонирхож энд ирдэг гэсэн миний хувийн судлагаа бий. Харин хэлнийг тухайлан судлах сонирхол бага байна. Соёл, угсаатны зүй, шашны талаар сонирхсон оюутнууд их байдаг.

Асуулт: Монгол хэл, Дорно дахины судлалын чиглэлээр Варшавын их сургуулиас гадна үйл ажиллагаа явуулдаг байгууллага Польшид байдаг уу?

Ян Рогала: Монгол, Төвд судлалын хувьд зөвхөн Варшавт байна. Харин Дорно дахины судлагааны хувьд Польшийн зарим хотод бий. Варшавын их сургууль бол хамгийн том төв нь, хамгийн олон чиглэлээр судлагаа явуулдаг. Краковын Ягеллоны их сургуульд Дорно дахины факультет гэж байна. Мөн Позань болон Вроцлавын ха сургуульд байна. Саяхан Торуньд бас нээгдсэн. Тиймээс манай улсын 5 хотод Дорно дахины судлагааны төв  байгаа гэж хэлж болно.

        МУИС-ийн Түүхийн тэнхимийн зөвлөх професор Урангуа хэлэхдээ “Дорно дахины эртний агаад нүүдлийн соёлт монголчууд Ази, Европ тивд тархсан соёл, урлагийн дундаршгүй арвин өвийг бүтээж, тэдгээр нь дэлхийн олон оронд хадгалагдан үлдсэн юм. Тэдгээр нь эрдэмтэн мэргэдийн ухааны мэлмийд өртөх агаад, тэдний оюуны сүвийг сүлбэсэн язгуур түүх- соёлтой билээ бид. Ингээд XVII-XVIII зуунд Өрнө дахинд Нийгмийн шинжлэх ухаанд Дорно дахин судлалын нэгэн хэсэг болон хөгжиж байсан Монгол судлал XIX зууны төгсгөл үе гэхэд Дорно дахин судлалаас салбарлан гарч бие даасан салбар болон хөгжиж ирсэн түүхтэй. Польшид Монгол судлал нь мөн л Дорно дахин судлалаас бие даан гарсан салбар судлал байв. Польш гаралтай эрдэмтэд Европ дахь Монгол судлалд тулганы чулууг тавилцсан, хөгжүүлсэн гавьяатай. Тэдний томоохон төлөөлөл бол Казаны Их Сургуулийн И.Ковалевский болон Петербургийн Их Сургуулийн Вл.Котвич нар юм. Тэднээс Хаант Орос болон Польшийн шинжлэх ухааны салбарт хийж бүтээсэн үйл хэрэг нь монгол угсаатны өв соёл, өрлөг түүхийг дэлхий дахинаа танилцуулж, эрдэм судлалын цагаан замыг зуунаас зуун дамжуулан өртөөлүүлсэн юм. Бүгд Найрамдах Польш Улс бол монголчуудын өв соёлын сан хадгалагдаж байгаа орны нэг билээ” гэсэн юм.  

        Монгол дахь Польш судлалын талаар товч сонирхуулахад, Монгол улсын их сургууль 1992 онд польш хэлний ангийг нээн элсэлт авч эхэлжээ. 2016 он хүртэл польш хэлний ангийг 87 оюутан төгсөж польш хэл, орон судлаач мэргэжил эзэмшин диплом гардан авсан байна. Мөн МУИС Польшийн хэд хэдэн их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтарсан хөтөлбөр, оюутан солилцоо зэрэг ажлыг тасралтгүй хэрэгжүүлж иржээ.

Үзсэн: 691