БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцов
Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ИБУИНХУ-д ажиллах хугацаандаа Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад оролцож Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүллээ. Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлд дурдсан юм. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо.
Хот хөдөө, төр, хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, зайнаас үл хамааран цахим платформын тусламжтайгаар хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхамуудыг амжилтай хийгээд байгааг онцоллоо. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Гадаад харилцаа, хамтын нѳхѳрлѳл, дэлхийн боловсрол, хѳгжлийн асуудал хариуцсан тѳрийн сайд Эндрю Митчелл, Боловсролын сайд Гиллиан Кееган нартай уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаад баяр хүргээд, боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрт манай оюутнууд 1993 оноос хойш хамрагдаж байгаа. Жилд 10 хүртэлх оюутанд тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар 200 орчим оюутан энэ хөтөлбөрт хамрагдаад байгааг дурьдаж, тус тэтгэлэгт хамрагддаг оюутнуудын тоог нэмэгдүүлэх санал тавилаа. Мөн оюутан сургах чиглэлд хамтарсан байдлаар санхүүжилтийг шийдвэрлэх боломжтойг онцолсон юм.
Үзсэн: 543
Tweet