Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч Анджей Дуда нар ганцаарчилсан уулзалт хийлээ.
Уулзалтаар Монгол Улс, БНПУ-ын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцааны тулгамдсан нийтлэг зарим асуудлаар санал солилцсон байна.
Төрийн айлчлалын хүрээнд талууд Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр болон Бэлийн булаг, задгай булаг дахь молибден, гянтболд судлах төсөл хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний геологийн алба, БНПУ-ын Геологийн хүрээлэн-Үндэсний геологийн алба хоорондын гүйцэтгэлийн гэрээ, “Мал эмнэлгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газар, БНПУ-ын Мал эмнэлгийн хяналтын ерөнхий газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”, мөн “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Архивын ерөнхий газар, БНПУ-ын Төрийн архивын удирдах газар хоорондын Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын тус тус үсэг зурлаа.
Монгол Польш хоёр орон ардчилсан тогтолцоонд шилжсэн үеэс хойш буюу 1990 оноос эхлэн бүхий л салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ зарчимд нийцүүлэн сэргээх чиглэлд ажиллаж байна. Ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаанд анхаарч, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлд хоёр орны Засгийн газар адил байр суурьтай байгаа юм.
Үзсэн: 499
Tweet