Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэй байна
Эдийн засаг өнгөрсөн онд 4.7 хувиар өссөнөөр уул уурхайн салбарын олборлолт, экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар ийнхүү үргэлжлэн сэргэж байгаа юм
Монгол Улсын эдийн засаг энэ онд 5.2 хувиар өсөх төлөвтэйг Дэлхийн банкнаас гаргасан тоймд тэмдэглэсэн байна. Эдийн засаг өнгөрсөн онд 4.7 хувиар өссөнөөр уул уурхайн салбарын олборлолт, экспорт тэлж, цар тахлын дараа үйлчилгээний салбар ийнхүү үргэлжлэн сэргэж байгаа юм. Мөн хөдөлмөрийн зах зээл сайжрахын хэрээр өрхийн хэрэглээ хадгалагдаж, улсын хөрөнгө оруулалт тэлснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлттэй байна. Гэхдээ өвөлжилт хүндэрснээс хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэй ч цар тахалтай холбоотой хязгаарлалтыг сулруулснаар аялал жуулчлалын салбар идэвхжиж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой аж. Харин инфляц 9.5 хувьтай байна гэж төсөөлжээ. Түлш, хүнсний үнийн өсөлт зэрэг импортын инфляц нь 2022 оныхтой харьцуулахад намжих ч дотоодын инфляцид дарамт болох магадлалтайг Дэлхийн банкны ахлах эдийн засагч Хосе Лүнз онцоллоо. Дэлхийн банкны тайланд эдийн засгийн хэтийн төлөвт сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлүүдийг мөн дурдсан байна. Тухайлбал, хөгжингүй орнууд мөнгөний бодлогын төлөвөө чангаруулах, геополитикийн хурцадмал байдал даамжрах, Засгийн газрын өр төлбөрүүд хуримтлагдах, нүүрсний экспортын гэрээтэй холбоотой тодорхой бус байдал хэвээр хадгалагдах нь эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэжээ.
Үзсэн: 584
Tweet