"Түмэн тэмээний баяр-2023" өвлийн наадам
Баярын нээлтийн үеэр тэмээний баярт оролцож буй тэмээчдээс 120 гаруй тэмээний парад болох юм
"Түмэн тэмээний баяр-2023" өвлийн наадмыг гуравдугаар сарын 5-7-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод зохион байгуулах гэж байна. Монгол орон тэр дундаа говь нутаг хоёр бөхт тэмээ, тэмээний соёлоороо гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг ихээр татдаг. Тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ менежмент санаачилгыг бий болгон олон нийтийн анхаарлыг түүнд хандуулах, өвлийн аяллыг хөгжүүлж орон нутгийн малчид, иргэдийн аялал жуулчлалаас олох орлого ашгийг нэмэгдүүлэх, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог дээшлүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг юм. Түмэн тэмээний баярт аймгийн 15 сумын болон хил залгаа аймаг, сумын тэмээчид өргөнөөр хүрэлцэн ирж оролцдог. Мөн баярын нээлтийн үеэр тэмээний баярт оролцож буй тэмээчдээс 120 гаруй тэмээний парад болох юм. Өнгөрсөн 2022 оны хувьд цар тахлын улмаас аялал жуулчлалын үйл ажиллагаа зогсонги байсан ч гадаад, дотоодын 3500 гаруй хүн тэмээний баярыг үзэж сонирхжээ. Харин энэ жилийн тооцооллоор гадна дотны жуулчид, үзэгчид харьцангуй нэмэгдэх төлөвтэй байгааг зохион байгуулагчид хэлж байна. Энэхүү баярыг анх Сэврэй суманд 1999 онд зохион байгуулж байсан юм.
Үзсэн: 961
Tweet