“Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор монгол хятадын сэтгүүлчид чуулав
Энэ удаагийн форум нь БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм
Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн 13-р форум “Ногоон дэлхийн төлөө сэтгүүлчид нэгдэцгээе” сэдвийн дор Улаанбаатар болон Бээжин, Хөх хотод цахим хэлбэрээр зэрэг боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр форумд оролцож Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг хуралд оролцогсдод уншиж танилцуулахдаа, “Энэ удаагийн форум нь БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байгаа энэ цаг үед тохиож байгаагаараа онцлог юм. Хоёр орны төрийн тэргүүн нар айлчлалын үеэр байгаль орчны чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон нь онцгой чухал үйл явдал болсон. Уг тохиролцоог амжилттай хэрэгжүүлэхэд хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэнэ” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Монгол Улсын БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөгийн байдлаар Монгол Улсын жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7,3%-иар буурсан, нийт газар нутгийн 76,9% цөлжсөн, нийт бэлчээрийн 57% нь доройтолд орсон, малын тоо толгой 70 саяд хүрсэн зэрэг нь экологийн тэнцвэрт байдал алдагдахад хүргээд байна гэлээ. Түүнчлэн дэлхий дахинд 1 хэмийн дулаарлын асуудал яригдаж байхад, Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж хэм 2.25 хэмээр нэмэгдсэн, сүүлийн 40 жилд цэвдэгний 30% нь алдагдаж, хөрсний доройтол маш эрчимтэй явагдаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь байгаль орчны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялагийг зохистой ашиглах, хамгаалах талаар олон зүйлийг ярьж шийдвэрлэх цаг болсон гэдгийг харуулж байна гэв.
Үзсэн: 909
Tweet